МАХН дүүргүүдийн намын хорооны дарга нартайгаа Ёс зүйн гэрээ байгуулжээ
Гэрээг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба байгуулж гарын үсэг зурав.
2013.11.15

МАХН дүүргүүдийн намын хорооны дарга нартайгаа Ёс зүйн гэрээ байгуулжээ

Өнөөдөр МАХН нийслэлийн есөн дүүргийн намын хорооны дарга нартай Хариуцлага-Ёс зүйн гэрээ байгууллаа. Намын хорооны дарга нартай тус гэрээг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба байгуулж гарын үсэг зурав.

Энэхүү гэрээг байгуулснаар цаашид намын хорооны ажлыг шинэ түвшинд гаргаж, хариуцсан дарга нарыг ажил үүрэгтээ ахиц гаргах хөшүүрэг гэж харж болохоор байгаа аж. 

Тус Хариуцлага-Ёс зүйн гэрээг Баянгол дүүргээс Л.Гэрэлням, Баянзүрх дүүргээс Н.Бүргэдэй, Багануур дүүргээс Ө.Гончиг, Багахангай дүүргээс Ж.Нямдаваа, Налайх дүүргээс Н.Баяраа, Сонгинохайрхан дүүргээс Ц.Лхагвасүрэн, Сүхбаатар дүүргээс Д.Батзориг, Хан-Уул дүүргээс Я.Дашдорж, Чингэлтэй дүүргээс Н.Даваасүрэн нарын намын хорооны даргатай байгуулсан байна.

Ажлаа хариуцлагатай, нэр төртэй гүйцэтгэж, хариуцсан ажлынхаа үр дүнг харах нь хамгийн чухал.

Энэ үеэр МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ, “Дүүргүүдийн хорооны хурлаар сонгогдсон шинэ болон хуучин дарга нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Ажил авч, албан тушаалд очих нэг хэрэг.

Харин түүнийг хариуцлагатай, нэр төртэй гүйцэтгэж, хариуцсан ажлынхаа үр дүнг харна гэдэг хамгийн чухал.  Тиймээс хариуцсан ажилдаа үнэнч шударга байж, нам цаашлаад улс эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад манлайлан оролцох ёстой.

Өмнө нь МАХН өөрийн намаас УИХ, Засгийн газарт ажиллаж буй гишүүдтэйгээ энэхүү гэрээг байгуулсан бол өнөөдөр дүүргүүдийн намын хороодын дарга нартай байгуулж байна. Ингэснээр бид үүргээ ухамсарлаж, намынхаа гишүүд, монголын ард түмэндээ үлгэр дууриалал болж ажиллахаа илэрхийлж байгаа явдал” гэдгийг онцлон тэмдэглэлээ.