Г.Шийлэгдамба: Намын дарга нам дотор өрнөж буй үйл ажиллагааг мэдэж байгаа
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.11.19

Г.Шийлэгдамба: Намын дарга нам дотор өрнөж буй үйл ажиллагааг мэдэж байгаа

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Танай нам Бага чуулганаа хийх гэж байна. Ямар асуудал хэлэлцэх юм бэ?

 -Энэ сарын 24-нд МАХН-ын Бага чуулган хуралдана. Хурлын хүрээнд хийгдэх үе шаттай ажлууд явагдаж байна. Бага чуулганаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Юуны өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон талаарх илтгэл тавигдаж тодорхой үнэлэлт дүгнэлт өгнө.

Мөн манай нам 2013 оныг анхан шатны байгууллагаа дэмжих жил болгон зарласан. Үүнийхээ үр дүнг авч хэлэлцэж намын гишүүдийнхээ санал бодлыг сонсох юм. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард Бага чуулганаа дахин хуралдуулах төлөвлөгөөтэй байна. Энэ хурлаар ирэх оны эхээр хийх Их чуулгантай холбоотой асуудлыг хэлэлцэхээр тус тус төлөвлөн ажиллаж байна.

-Бага чуулганы өмнө Мянгатын (намын хороо) дарга нарыг сольж, намаа бужигнууллаа гэдэг шүүмжлэл өрнөөд байгаа бололтой. Энэ тал дээр тайлбар хийхгүй юу?

-Намын анхан, дунд шатны байгууллагуудын хүрээнд хийгдэж байгаа ажлууд бөгөөд Улаанбаатар хотын зургаан дүүргийн намын хорооны хурлууд болж өнгөрлөө. Орон нутгийн намын байгууллагын хурлууд ч хийгдэх тодорхой асуудлуудыг авч хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргасан байгаа. Энд дүрмээс гадуур гэдэг юмуу ямар нэгэн эргэлзээ маргаантай болсон асуудал байхгүй.

Манай намын хяналт ёс зүйн хорооноос ч албан ёсны тайлбарууд хүргүүлсэн байгаа.

Намын удирдах байгууллага, намын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр гаргасан удирдамжийн дагуу дүүргийн намын хорооны хурлууд хуралдаж зарим газар зохион байгуулалтын асуудал хэлэлцэн шинэ удирдлагууд сонгогдон ажиллаж байна. Манай намын хяналт ёс зүйн хорооноос ч албан ёсны тайлбарууд хүргүүлсэн байгаа. Дахин хэлэхэд намын дотоод амьдралын хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлтүүд, аливаа ес бус бужигнаан энд байхгүй.

-Мянгат гэдэг чинь дүүргийн намын хороо гэсэн үг биз дээ?

-Тийм. Дүүргийн намын байгууллагуудын хурлаар зарим дүүргийн намын удирдлагууд өөрчлөгдөж байна. Тухайн намын хорооны дарга нь өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор ажлаасаа чөлөөлөгдөж байгаа хүмүүс ч бий. Харин Баянгол, Сонгинохайрхан дүүрэг дээр үл ойлголцол үүссэн. Тухайлбал, намын хорооны даргыг өөрчлөх асуудал дээр санал зөрүүтэй байсан ч эцэслэн шийдэгдэж байна.

Мэдээж хэрэг удирдлагын өөрчлөлт бол хүний асуудал учраас үл ойлголцол үүсэх нь байх тохиолдол. Гэхдээ үүнтэй холбоотой гарч байгаа шүүмжлэл нь хурлын үеэр цөөнх болсон хүмүүсийн байр суурь гэж ойлгож болно. Нэгэнт бид ардчиллынхаа зарчмаар дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдсэн. Энэ зарчмаа гишүүд дагах ёстой.

-Ирц бүрдээгүй байхад хурал хийсэн гэсэн. Хаа хамаагүй хүмүүс намын батлах барьж ирээд хурлын ирцийг бүрдүүлсэн тухай танай гишүүд яриад байх юм?

-Ийм асуудал огт байхгүй. Намын батлахтай холбоотой зөрчил илэрсэн гэдэг гомдол бий. Үүнийг манай намын дотоод хяналтын байгууллага шалгаж байгаа. Гэхдээ хурал хүчин төгөлдөр болсон эсэхэд ямар нэг эргэлзээ байхгүй.

-Дүүргийн намын хорооны хурлууд дээр Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарын хүмүүс “Энхбаяр дарга” гэж ярихгүй байна гэж гишүүд чинь гомдоод, байх шиг байна лээ. Үнэхээр тэгж яриад байгаа юм уу?

-Сонирхолтой юм. Энхбаяр дарга гэж ярихгүй байна гээд байгаагаараа юу хэлэх гээд байгаа юм, гайхаж байна. МАХН даргатай. Тэр нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. МАХН даргаа өөрчлөөгүй. Тиймээс түүнтэй холбоотой ямар нэгэн эргэлзээ тээнэгэлзээ алга. МАХН-ын дарга өнөөдөр эрүүл мэндийн шалтгаанаар гадны оронд эмчлүүлээд эзгүй байна.

Хэдийгээр намын үйл ажиллагаанд биеэр оролцож чадахгүй байгаа ч тодорхой мэдээлэл авч, үүрэг чиглэлээ өгч байгаа. Намын дэд дарга Д.Тэрбишдагва бид хоёрын хувьд түүнтэй биечлэн уулзаж, намын ажлын хүрээнд харилцан ярилцаж, цаашид явуулах үйл ажиллагааны чиглэлээр байнгын холбоотой ажиллаж байна. Намын дарга нам дотор өрнөж байгаа үйл ажиллагааг мэдэж байгаа. Тэгэхээр зарим нэг ач холбогдолгүй яриа байдгийн нэг биз дээ.

-Та нарыг Н.Энхбаяр даргыг эзгүй хойгуур намын дунд шатны удирдлагуудыг сольж, намыг бүхэлд нь гартаа авч, даргынх нь суудлыг булаах нь гэдэг болгоомжлол гишүүдэд ч байна...

Н.Энхбаяр даргыг байхад ч, хэлмэгдэлтэд өртөөд эзгүй байхад нь ч бид намын хурлуудаа зарлан хуралдуулдаг байсан цаашид ингэж л ажиллана.

-Ямар зорилго, бодол ухаан санаагаар тийм зүйл яриад байгааг мэдэхгүй байна. Мэдэх ч шаардлага алга. Намын ажлаа сайжруулахын тулд намын анхан, дунд шатны байгууллагууд хурлуудаа хийх ёстой. Энэ үүднээс л ажил явж байна. Шаардлагатай үед зарлан хуралдуулдаг л байсан шүү дээ. Н.Энхбаяр даргыг байхад ч, хэлмэгдэлтэд өртөөд эзгүй байхад нь ч бид намын хурлуудаа зарлан хуралдуулдаг байсан цаашид ингэж л ажиллана.

Тэр зарчмаараа намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Үүнд дүрмээс гажууд зүйл хийчихсэн юм байхгүй. Ер нь намын удирдлагуудын хооронд үл ойлголцол үүссэн мэтээр нийтэд ойлгуулах гэсэн явуургүй өдөөн хатгалга явж л байдаг. Үүндээ манай намын гишүүдийг татан оролцуулахаар оролдох болж. Үүний цаана нэр бүхий хүмүүс байдгийг ч гадарлана. Тэглээ гээд бид ч ач холбогдол өгөхгүй юм даа.

Намын ажлыг эзэнтэй, хариуцлагатай болгож намын анхан, дунд шатны удирдлагуудаар хариуцлага хүлээх чадвартай хүмүүсийг тавьж, байнгын ажилтай байлгах үүднээс өөрчлөлт хийгдэж байгаад юуны буруу байна. Нэг ёсондоо 2016 оны сонгуульд амжилттай, хариуцлагатай орох бэлтгэлээ хангаж байна гэсэн үг.

-Тэгэхээр МАХН-ыг байгуулагдах үеэс анхан, дунд шатны удирдлагын түвшинд ажиллаж ирэн хүмүүс шаардлага хангахгүй, хариуцлагагүй байсан гэсэн үг үү?

-Янз бүрийн учир шалтгаан байна. Намд ажиллаж байсан зарим хүмүүс өнгөрсөн сонгуулиудын үеэр өөр намуудыг дэмжиж өөрийнхөө намын бодлого чиглэлээс ухарсан тал бий. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дээр намын бодлогоосоо зөрсөн тохиолдол гарсан. Мөн манай намын удирдлагын түвшинд ажиллаж байсан ганц нэг хүмүүс бодлого чиглэлээ үл тоон өөр намуудтай “намын бодлогын эсрэг хэт нөхөрсөг” үйл ажиллагаа явуулах оролдлого гаргасан тал ч бий.

Энэ хүмүүст бид хариуцлага тооцсон. Улс төрийн нам гэдэг чинь хамтын шийдвэрээ хүндэтгэх зарчмаар ажиллах ёстой шүү дээ. Гэтэл ийм байдлаар хариуцлагаа хүлээсэн хүмүүс өнөөдөр хэрэгтэй хэрэггүй явуулга хийх шаардлага алга.

-Намын удирдлагуудын дунд яс хаяж, хүмүүсийг өдөөн хатгаж байгаа хүн нь У.Барсболд гэж хэлээд байна уу?

-Хэн нэгэн гэдэгт огт ач холбогдол өгөхгүй байна. Энэ үйл ажиллагааны ард хэн ч байлаа гэсэн ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Бидэнд зохих мэдээлэл бий. Гэхдээ үүнд ач холбогдол өгөхгүй. Гагцхүү зарим хүмүүст ашиглагдаж гар хөл нь болж явсан гишүүд энэ тухайгаа. илэрхийлж гаргасан алдаагаа ойлгож байгаа нь манай намын эв нэгдэл нягтарч байгаагийн илрэл юм.

Дүүргийн намын хороод шинэ дарга нартай болж байна. Удирдан зохион байгуулах туршлагатай залуу хүмүүс энэ албанд сонгогдож байна. Манай намын дунд шатны байгууллагын удирдлагаар сонгогдож байгаа шинэ дарга нартайгаа хариуцлага ёс зүйн гэрээ байгууллаа. Бид өөрсдөө ч хариуцлагатай ажиллана. Бүх шатны удирдлагууд, гишүүдээ ч хариуцлагатай байхыг шаардана. Үр дүн нь 2016 оны сонгуулиар гарна шүү дээ.

Сонгинохайрхан дүүрэг дээр Мөнгөнчимэг гэдэг хүний асуудал яригддаг. Энэ хүн орон нутгийн сонгуулиар Барсболдын өгсөн чиглэлээр өөр намтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан учраас бид хариуцлага тооцож, намаас хассан. Харин Сонгинохайрхан дүүргийн хурал болохоос өмнө намын удирдлагуудтай ирж уулзаад уучлал гуйж, намын гишүүнчлэлийг минь сэргээж өгөөч гэж өргөдлөө өгсөн. Энэ хүсэлтийг нь хүлээж аваад намын зохих байгууллагатай асуудлыг ярилцаж байна. Тэгтэл зарим хүмүүс нарийн учрыг нь сайн ойлгохгүйгээр буруу ташаа зүйл ярьж байж болох юм.

-Мөнгөнчимэг нь Сонгинохайрхан дүүргийн намын дарга биш юм уу

-Намын гишүүнчлэлээс хасагдчихаад одоо гишүүнчлэлээ сэргээе гээд явж байгаа хүн чинь яаж дарга байх вэ дээ. Тийм биз.

-Орон нутгийн сонгуулийн үеэр тухайн үеийн намын удирдлага “АН-тай хамтарч ажиллаж болно шүү” гэдэг зааврыг Мянгатын дарга нартаа өгсөн юм биш үү?

-МАХН-ын тухайн үеийн удирдлага гэдэг нь биднийг хэлж байгаа байлгүй дээ. Тэгвэл бид тийм чиглэл заавар өгөөгүй. Сонгинохайрхан дүүргийн хувьд зориуд санаатайгаар буруу ташаа яриа гарах л юм. Орон нутгийн сонгуулиар энэ дүүрэгт дахин сонгууль болсон.

Тухайн үед дээд шатны төв байгууллагатайгаа ярьж тохиролцолгүйгээр аливаа шийдвэр гаргахгүй байх талаар чиглэл өгөөд байхад санаатайгаар АН-тай гэрээ байгуулсан байдаг. Хэрэв аль нэг намтай хамтарч оролцох байсан бол бид сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлэх хэрэг байсан юм уу. Ийм мэдээжийн зүйл дээр элдэв зүйл ярих шаардлага байхгүй.

-МАХН-д өнөөдрийг хүртэл зүтгэсэн хүмүүс хэн ч биш гудамжинд явж байсан дэмжигчид. Үүгээрээ ард түмний нам гэдэг имижийг бүрдүүлдэг. Гэтэл анхнаас нь энэ намд зүтгэсэн хүмүүсийг цэвэрлэж, арай өөр түвшний гишүүдээр удирдлагаа бүрэлдүүлэх нь гэдэг хардлага танай гишүүдэд байна лээ. Ийм бодлого барьж байгаа юм уу?

-Мэдээж тийм бодлого байхгүй. Сонгох, сонгогдох нь тухайн намын гишүүний эрхийн асуудал. Сая болж өнгөрсөн хурлууд дээр нэр дэвших, дэвшүүлэх эрх нь нээлттэй явагдсан. Ямар хүмүүсээр удирдуулахаа ч гишүүд өөрсдөө мэддэг, шийддэг шүү дээ. Ийм үед намын гишүүдийг дотор нь ялгаварлах үзэл байх ёсгүй. Ер нь бол намын бүх шатны удирдлагад орж ажиллах гэсэн хүмүүсийн идэвх их байна.

Тийм учраас зарим нэгэн дүүргийн намын хорооны удирдлагын тодорхой албан тушаалд гарахын тулд дүрмээс гадуур үйл ажиллагаа явуулах хандлага гарсан байж магадгүй. Ийм зүйл цаашид байлгахгүйн үүднээс манай хяналтын байгууллага сайн ажиллах шаардлагатай. Түүнээс биш энэ намыг байгуулагдахаас эхэлж явсан, сүүлд орж ирсэн гэдэг байдлаар нь гишүүдийг ялгаварлаж болохгүй. Нийгмийн давхаргаар нь ялгаварлан гадуурхах асуудал манай намд байхгүй.

-Гишүүдийн энэ гомдол нь эргээд Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарыг огцруулах асуудал руу чиглэж байх шиг байна...

-Д.Тэрбишдагва дарга бид хоёрын хувьд намын ажлыг харьцангуй хүнд цаг үед хариуцаж авч яваа хүмүүс. Хариуцлага гэдэг талаасаа аливаа хүндрэл бэрхшээлээр шалтаг тайлбар хийхгүйг хичээж намын ажлын алдаа оноог өөрсдөдөө хүлээж шүүмжлэл сайшаалын аль алиныг л сонсож явна. Намын ажил амаргүй шүү. Гэхдээ шантарч эргэлзэх эрх бидэнд байхгүй.

Цаашид МАХН-ын ажлыг шинэ шатанд гаргах олон ажлууд төлөвлөгдөж байна. Тэр бүрийг энд яриад яах вэ. Харин үүнийхээ хариуцлагыг бол хүлээсэн шиг хүлээнэ шүү. Огцруулах энэ тэрийн хувьд бол яах вэ дээ, ийм яриа байнга л сонсогддог. Яригдах үедээ яригдаж намын дүрмийн дагуу нээлттэй хэлэлцэн шийдвэрлэгддэг асуудал шүү дээ.

-Р.Амаржаргал гишүүн хүсэлтээрээ чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө. УИХ түүнийг аваад үлдэх боломж харагдахгүй байх , гэсэн таамаглал бий. Учир нь МАН, МАХН-ын аль нь ч түүний оронд нэг хүнээ оруулж, парламентад суудлын тоогоо нэмэхээр санаархах байх. Нөхөн сонгууль болбол ялангуяа танай нам Н.Энхбаяр даргыгаа дэвшүүлэх байх гэсэн зүйлүүд хэвлэлээр бичигдээд эхэллээ?

-Бид хэн нэг хүнийг хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээсээ татгалзаасай гэж хүсэхгүй байна. Монголын бүх шатанд хариуцлага алдагдсан учраас Р.Амаржаргал гишүүн өөрөөрөө үлгэрлэж хариуцлага хүлээх гэж байгаа тухай мэдэгдсэн. Энэ талаас нь зөв зүйтэй зарчмын байр суурь гэж ойлгож байна.

Харин хариуцлага хүлээх ёстой УИХ нь өмнөөсөө нэг гишүүнд хамаг хариуцлагаа үүрүүлээд явуулчихаж болохгүй. Тийм учраас нэг гишүүний орон гарсан суудлыг ашиг хонжоо болгох хүсэл намуудад байх нь зохисгүй. Миний бодлоор Р.Амаржаргал гишүүний оронд хэн нэгэн хүнийг парламентад оруулаасай гэж үзэхгүй байна. Харин түүний тавьж байгаа асуудлын цаад үр дагаварт нь анхаарал хандуулж УИХ шийдвэр гаргах байлгүй дээ.

-Хэрэв нөхөн сонгууль боллоо гэхэд танай нам хэнийг нэр дэвшүүлэх вэ?

-Нөхөн сонгууль болох нь хэзээ ч билээ. (инээв) Болох эсэх нь тодорхойгүй байгаа зүйлийн тухай бодох шаардлага байна уу, үгүй юу. Хэрэв болдог юм аа гэхэд тухайн үед нь шийдэх байлгүй дээ. Манай намын баримталж байгаа зарчмыг би дээр хэллээ шүү дээ. Харин удахгүй “болох нь” тодорхой байгаа нэг мэдээлэл хэлэхэд МАХН-аас уламжлал болгон зохион явуулдаг энэ сарын 26-ны “Улс тунхагласны өдөр"-ийн (хуучнаар) уламжлалт хүчит бөхийн барилдааныг нийт ард иргэдээ хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.