Ч.Улаан: Манай намын гишүүд ардчиллын дагуу эвлэлдэн нэгдэж, үгээ хэлэх эрхтэй
МАХН-ын Бага чуулган хуралдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Улаанаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай намын Бага чуулган боллоо. Хуралдааны үеэр намын дүрэм зөрчсөн гэх мэт олон асуудал гарлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Бага чуулган хуралдаж үүргээ биелүүлсэн. Бага чуулганы гишүүнийг сонгодог, баталгаажуулдаг намын дүрмийн зохицуулалт бий. Энэ зохицуулалтаар чуулганы төлөөлөгчид сонгогдож Бага чуулганд оролцсон. Манай намын нэг онцлог бол бид дотооддоо ардчилал сайтай. Бага чуулганы гишүүнийг намын анхан шатны байгууллага сонгож баталгаажуулдаг.
Энэ ч утгаараа баталгаажсан төлөөлөгчид цуглаж хуралдсан гэсэн үг. Намын анхан шатны байгууллага Бага чуулганы гишүүдээ тодруулсан нь гишүүдийг хэсэг бүлэг болох асуудлыг хайрцаглаж, сөрөг үр дагаврыг бий болгохгүй байх давуу талтай. Бага чуулганы бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу гэвэл орсон.
Учир нь намын анхан шатны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүд дэмжигчдийн итгэлийг хүлээсэн хүмүүс сонгогдож орсон. Бага чуулганаар өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас авсан сургамж, цаашдын сорилтын талаар ярилцсан. Мөн намын үйл ажиллагааны талаарх намын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлийг сонссон.
Намын дотоод үйл ажиллагаатай холбоотой өргөн хэлэлцүүлэг болсон.
Ерөнхийдөө намын дотоод үйл ажиллагаатай холбоотой өргөн хэлэлцүүлэг болсон. Бага чуулганд 40 гаруй гишүүн саналаа хэлж, маш идэвхтэй оролцсон.Бид ирэх сард дахин Бага чуулганаа хуралдуулахаар болсон. Мөн ирэх оны эхээр Их чуулганаа хийхээр бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Өөрөөр хэлбэл МАХН-ын үйл ажиллагаа маш идэвхтэй байгаа. Мөн дотооддоо ч эв нэгдэлтэй буй.
-Бага чуулганы гишүүнд МАН-ын гишүүд багтсан гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-МАХН-ын хуралд өөр намын хүн юу гэж оролцох вэ дээ. Тийм зүйл байхгүй.
-Танай намын зарим гишүүн Шударга ёсны анхдагчдын холбоо байгуулсан. Уг холбооны зүгээс МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцруулах мэдэгдэл гаргасан гэх юм. Бага чуулганы үеэр ийм мэдэгдэл албан ёсоор ирсэн үү?
-Ийм мэдээлэл гадуур нэлээд байна билээ. Манай намын гишүүд ардчиллын дагуу эвлэлдэн нэгдэж, үгээ хэлэх эрхтэй. Хэрэв албан ёсоор мэдэгдэл ирсэн бол бид тодорхой хариуг нь өгөх байсан. Тэгэхээр энэ нь гишүүдийн бүрэн эрхийнхээ дагуу хийж байгаа ажил байх. Намын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сайжруулах чиглэлд үйлчилж байвал бид энэ үйлдлийг дэмжинэ.