Г.Шийлэгдамба: Д.Тэрбишдагва бид хоёрыг огцруулах мэдэгдэл ирээгүй
МАХН-ын бага чуулган
2013.11.25

Г.Шийлэгдамба: Д.Тэрбишдагва бид хоёрыг огцруулах мэдэгдэл ирээгүй

МАХН-ын аравдугаар Бага чуулган өчигдөр хуралдлаа. Бага хурал болохоос хэдхэн хоногийн өмнө МАХН-ын зарим гишүүн намынхаа даргыг өөрийн хүсэлтээр албаа хүлээлгэн өгөхийг зөвлөөд байсан.

Тэгвэл Бага чуулганы үеэр намынхаа дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцрохыг тус намын гишүүдээс шаардсан, Бага чуулганы гишүүнээс улстөр судлаач Л.Эрдэнэтуул, МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын 40 гаруй хүнийг хассан. Энэ ажиллагааг Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Цогтбаатар гардаж гүйцэтгэж байна гэсэн мэдээллийг зарим хэвлэлийнхэн онцолж байсан юм.

Б.Оюунбилэг: Намайг бага чуулганы гишүүнээс хасаагүй

Хаалттай хэрнээ намын хууль, дүрэм зөрчсөн гэх МАХН-ын Бага чуулган хэрхэн үргэлжилж байгаа, мөн тус намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцруулахыг шаардсан мэдэгдэл ирсэн эсэх талаар МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч Б. Оюунбилэгээс тодруулсан юм.

МАХН-ын Бага чуулган намынхаа хууль, дүрмийг зөрчин Бага чуулганы олон арван гишүүнийг хасч, оронд нь МАН-ын гишүүдийг авсан. Хасагдсан гишүүд дунд таныг байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Хуралдааны уур амьсгал ямархуу байна вэ?

Манай намын хурал ямар нэгэн хууль, дүрэм зөрчсөн зүйл байхгүй, хэвийн үргэлжилж байна.

-Бага чуулганы гишүүнээс хасагдсан гэх мэдээлэл гарсан байна билээ. Энэ мэдээлэл ташаа юм. Би хуралдаа оролцож байна шүү дээ. Манай намын хурал ямар нэгэн хууль, дүрэм зөрчсөн зүйл байхгүй, хэвийн үргэлжилж байна.

-Танай намын Шударга ёсны төлөө анхдагчдын холбооны хурлын тэргүүлэгчдээс МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцруулах мэдэгдэл хүргүүлсэн гэх юм. Үнэн үү?

-Тийм зүйл байхгүй байх аа.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: 

“Намын дүрэм зөрчиж, Бага чуулганы гишүүдийг сольсон зүйл байхгүй. Мөн намын дэд дарга Д.Тэрбишдавга, бид хоёрыг огцруулах талаар ямар ч мэдэгдэл ирээгүй” хэмээн ярьсан бол тус намын нарийн бичгийн дарга Ч.Чимэдсүрэн ч мөн ийм асуудал байхгүй гэдгийг дуулгасан юм.

Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэгэн цагт өмгөөлж явсан Б.Оюунбилэг, мөн тус намын удирдлагууд хуралдаан хэвийн үргэлжилж байгаа гэсэн. Өмнө нь тус намын зарим гишүүн намынхаа даргад ил захидал илгээснийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба үгүйсгэж байсан. Энэ удаад ч тус намын Бага чуулганы гишүүн Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Ч.Чимэдсүрэн нар үгүйсгэж байгаа юм.

Тэгэхээр тус намын мянгат, зуутын болон жирийн гишүүдийн дуу хоолойг тус намын удирдлагууд сонсож чаддаггүйд үү, аль эсвэл үнэхээр энэ мэдээллүүд ташаа мэдээлэл үү гэдэг нь таавар хэвээр үлдлээ. Юутай ч МАХН-ын дотоодод ямар нэгэн юм болж буйг дээрх явдлууд тод харуулж байна.