2014 оны төсвийг амьдралд нийцсэн гэв
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 2014 оны төсөвтэй холбоотойгоор мэдээлэл хийв.
Тэрээр “2014 оных амьдралд ойрхон төсөв боллоо. Тухайлбал, зэсийн үнэ 2013 онд 8100 ам.доллараар тооцож байсан бол 2014 онд 6200 ам.доллараар, боловсруулсан нүүрсийг 160 ам.доллараар тооцдог байсныг 115 ам.доллараар тооцсон. Мөн ам.долларын ханшийг 1384-өөр төсөвт суулгасан нь ханш хөөрөгдөхөөс сэргийлсэн, цаашид валютын ханшийг буулгах Засгийн газрын бодлогын илрэл. Энэ утгаараа хөрсөн дээр буусан сайн төсөв боллоо” гэж хэллээ.
Өмнөх жилийн төсөвт хөөстэй хөрөнгө оруулалтын зардал суудаг байсан. Энэ удаа шүүсийг УИХ нэлээд сайн шахсан. Өөрөөр хэлбэл, төсөвт өртөг нь өссөн барилгуудыг аудитаар хянуулахаар болсон. Ирэх оны гуравдугаар сард аудит хянаж дуусаад УИХ-д оруулж ирнэ. Дараа нь, төсөвт тодотгол хийж хөрөнгө оруулалтын зардлыг шийдээд явах боломжтой.
Харин оюутны тэтгэлгийн тухайд 2013-2014 оны хичээлийн жилд оюутнууд 70 мянган төгрөгөө авна.
2014 оны төсөвт тусгасан бас нэг онцлог нь цалин, тэтгэвэр. Тодруулбал, цалин тэтгэвэр нэмэхтэй холбоотойгоор эх үүсвэрийг нь суулгаж өгснөөс бус хувь заагаагүй. Хувь заахаар бизнесийн салбарт дарамт учруулдаг гэнэ. Жишээлбэл, цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ гэхээр бизнесийн салбарынхан мөн ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмэх болдог.
Улмаар энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөө үзүүлдэг. Тийм учраас цалин, тэтгэврийн нэмэгдэх хувийг УИХ-аас заагаагүй. Харин төсвийн хэрэгжилтийн явцад цалин, тэтгэврийг инфляцын төвшинтэй нь уялдуулж чимээ шуугиангүйгээр, улстөржилгүйгээр шийдээд явах үүргийг Засгийн газар хүлээсэн байна.
Харин оюутны тэтгэлгийн тухайд 2013-2014 оны хичээлийн жилд оюутнууд 70 мянган төгрөгөө авна. Ирэх оны намраас буюу 2014-2015 оны хичээлийн жилээс эхэлж тодорхой шалгуур тавьж оюутны тэтгэлэг олгох болсныг онцлов.