Д.Оюунхорол: Тодотгол хийх зайлшгүй шаардлагатай төсөв баталлаа
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.11.18

Д.Оюунхорол: Тодотгол хийх зайлшгүй шаардлагатай төсөв баталлаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой 2014 оны төсвийн талаар ярилцлаа.

-МАН-ын бүлэг 2014 оны төсөв дээр ажлын хэсэг гаргаж, таны хувьд ахалсан. Ажлын хэсгийн хувьд төсвийн талаар ахиц гаргасан зүйл юу байгаа вэ?

-Засгийн газар ДНБ-д эзлэх өрийн хэмжээг нэмэгдүүлж, 60 хувь болгоно гэж оруулж ирсэн. МАН-ын бүлэг үүнийг боломжгүй, үр хойч үедээ үлдээх өрийг нэмэгдүүлснээр Монголын төр даахгүй. Тиймээс хуучин байгаа 40 хувийн хэмжээндээ бариач гэдэг санал тавьсан. Эхэндээ нэмэгдүүлэх хандлагатай байсан ч сүүлдээ тооцоо, судалгаагүйгээр өрийнхөө хэмжээг нэмж тансаглахын бол өр, зээл хүндрэлтэй болно гэж ойлгосон.

Тэр үүднээсээ ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 40 хувиар баталсан. Энэ нь МАН-ын бүлгийн зүгээс тавьсан зарчмын асуудал байсан. Нөгөөтэйгүүр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулан 30 хүртэл хувиар нэмэгдүүлээч. Сүүлийн хоёр жилд цалин, тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмсэнгүй. Ард түмний амьдрал хүнд байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үнэ нэмэгдлээ.

Ам.долларын ханш өсөж, төгрөгийн худалдан авах чадвар суларснаас ард иргэд цалин, тэтгэврийг нэмээч гэсэн хүлээлтэд хариулт өгөөч гэсэн. Засгийн газрын энэ удаагийн төсөвт цалин, тэтгэвэрт 200 тэрбум төгрөгийг оруулж ирсэн. Бид өнөөдөр зарлагыг бууруулах чиглэлээр 250 тэрбум төгрөгийг хасаж болох ёстой гэсэн санал гаргаж өгсөн. Тэгэхээр хасаж байгаа зарлагаа цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд оруулаач гэсэн байгаа.

Ядаж хамгийн бага орлоготой байгаа хэсэг дээрээ 30 хувь нэмээд өндөр цалинтайд нь магадгүй 10-20 хувийн нэмэгдэл өгч болно. Гэхдээ энэ саналыг судалж үзээд инфляцийн өөрчлөлтэй нь уялдуулж цалин, тэтгэврийг нэмнэ гэдэг байр суурь илэрхийлсэн. Харин энэ оны төсөвт цалин, тэтгэвэр 12,5 хувь хавьцаа нэмэгдэхээр болж байна. Энэ нь ахиц гарч байгаа гэж үзэж байгаа.

-Олон объектийн хөрөнгө оруулалтыг царцааж, тэг төсөв баталсан. Үүнийг юу гэж харж байна вэ?

-Тодотгол хийх зайлшгүй шаардлагатай төсөв баталлаа. Хөрөнгө оруулалтын олон объектийг тэг дүнтэйгээр баталсан. 2014 онд хийж, гүйцэтгэх хөрөнгө оруулалтын жагсаалтад тэг дүнтэй байгаа бүх объект орж байгаа. Санхүүжилт нь яагаад тавигдаагүй гэвэл Аудитын газар дүгнэлт хийх шаардлага гарч байгаа юм. Зарим барилгын үнэ өртөг 2-3 дахин өссөн байхад 5-7 дахин нэмэгдсэн зүйл ч бий.

Тиймээс авлигажсан гэж нэрлэсэн төсвөө хаанаас ямар үүдэлтэйгээр, хэн барилгын зураг төсвийн үнэ өртгийг нэмэгдүүлсэн, хэн тендерээ цаг хугацаанд нь зарлаагүй гэдэг бүх асуудлыг эзэнтэй болгож, хариуцлага тооцохыг ярина гэж үзээд хойшлуулсан. Аудитын газар эхний нэгдүгээр улиралд багтааж дүгнэлтүүдийг гаргаж өгөх боломж, бололцоо бүрдэж байгаа байх.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ оны төсвийг ямар хэмжээнд баталсан бэ?

-Төсвийн шинэчлэл хийх асуудал дээр тодорхой ахиц гарсан гэж үзэж байгаа. Ер нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үндсэн зүйлийг баримталж УИХ төсвөө баталдаг байх дүрэм, журам руу явах ёстой. Цаашдаа бид орон нутгийн эрх мэдлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломж, бололцоог Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, улс төрийн намууд шинэчлэх эр зориг гаргах шаардлагатай байна гэж үзэж байгаа.

Энэ оны төсөвт цалин, тэтгэвэр 12,5 хувь хавьцаа нэмэгдэхээр болж байна.

УИХ ын гишүүд “Тэр суманд цэцэрлэг, тэнд сургууль баръя” гэдэг асуудлыг ярихаас илүүтэй аймаг, орон нутгийн ИТХ ын хурлаараа шийдвэрлэдэг. Аймгийн төсвийг багцаар нь баталж өгдөг болчихвол аймаг, орон нутгийн албан тушаалтнууд, дарга нар ажлаа хийдэг боломж, бололцоо бүрдэнэ гэж харж байна.

Өнөөдөр УИХ д хэтэрхий их төсөвтэй зууралдсан зүйлтэй орооцолдоод байгаа учраас аймаг, орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл хязгаарлагдмал, үндсэндээ босоо удирдлагатай гэдгээр хийх ажлыг дээрээс нь хэтэрхий их оролцож, төр зохицуулаад байгааг бид буруу гэж үзэж байгаа юм. Тиймээс орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх шаардлага байна.

-АН-ын бүлэг шахааны төсөв байсныг өөрчилж чадлаа гэж үзэж байгаа. Та үүнийг юу гэж үзэж байна?

-Засгийн газрын өргөн барьж оруулж ирсэн төсвийг бид олон зүйл, заалтуудаар нь бяслаг шиг шахсан. Төсөв харьцангуй сайжирч гарсан гэж үзэж байгаа.

-Өрийн хэмжээг 60 хувьд хүргээгүйгээс болж гаднаас авах заал багасч, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэхэд хүндрэлтэй болно гэж харж байна?

-Тэгж хэлж болохгүй. 1,5 тэрбум ам.долларын зээлээ бүрэн зарцуулж дуусаагүй байгаа. Зээлийг юунд зориулж авч байгаа, ямар төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа вэ гэдэг асуудалд Засгийн газар төгс хариулт өгөх ёстой. Хэрвээ Монгол Улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэх юм бол үр хойчдоо асар их өртэй үлдээх болно.

Нөгөө талдаа Монгол Улсын зээлжих зэрэглэл буурна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж, эдийн засгаа хүндрүүлнэ гээд олон зүйлийг хэлж болох учраас үүн дээр МАН-ын бүлэг байгаа боломжоороо хэт тансаглахгүйгээр төсөвтөө захирагдаж үйл ажиллагаа явуулаач гэдэг зарчим барьсан байгаа.