”2014 онд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ”
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдах сүүлийн хугацаа өнөөдрөөр хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл хуулинд арваннэгдүгээр сарын 15-нд ирэх оны төсвийг баталсан байх шаардлагатай гэж тусгасан байдаг.
Тиймээс ирэх оны төсвийг УИХ өнөөдөрт багтаан батлах нь ойлгомжтой. Тиймээс энэхүү асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Ц.Даваасүрэн 2014 онд хэрэгжих хөрөнгө оруулалт болон бусад холбогдох асуудлуудад байр сууриа илэрхийллээ.
-Ирэх оны төсвийн төсөл сүүлийн шатандаа хэлэлцэгдэж байна. 2013 оны төсвийн тодотгол хийх үед алдаатай зүйлүүд маш их гарч ирсэн. Тэгвэл 2014 оны төсөвт ийм алдаа гарахгүй гэсэн баталгаа байгаа юу? Ажлын хэсгийг хэр ажилласан гэж үзэж байна?
-Ажлын хэсэг Төсвийн байнгын хорооноос гарч ажилласан. 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх явцад 290 гаруй тэрбум төгрөгийн обьектыг Үндэсний аудитын газраар шалгуулсан.
Гэхдээ хугацаа бага байсан учраас үргэлжлүүлэн шалгах хүсэлтийг аудитаас гаргасан. Тиймээс аудитын байгууллага асуудалтай гэж үзэж буй обьектуудын үнэ яагаад өсч байгаа шалтгааныг гуравдугаар сарын 1-н хүртэл шалгаж, тогтоох юм.
-Аудитын шалгалтаар оруулж буй нэр бүхий барилгуудын төсөвт өртөг тодорхой үндэслэлгүйгээр нэмэгдсэн нь тогтоогдвол яах вэ?
-Аудитын шалгалтаар зохиомол, ямар нэгэн хуйвалдааны чанартайгаар төсөвт өртөг нь нэмэгдсэн нь тогтоогдвол тус обьектыг санхүүжүүлэхгүй гэсэн чиглэлийг барьж ажиллана.
-2014 оны төсөвт зохиомлоор төсөвт өртөг нь нэмэгдсэн гэх барилгын асуудал дахин гарч ирэхгүй гэсэн баталгаа байгаа юу?
-Ирэх оны төсөвт ямар нэгэн зохиомлоор төсөвт өртөг нь нэмэгдсэн барилга, байгууламж, арга хэмжээний асуудал дахин гарахгүй байх чиглэлд л энэ төсөв батлагдаж байна гэж ойлгож болно.
-Зөвхөн зураг төсөл нь бэлэн болчихсон, төсөвт өртөг нь ямар нэгэн асуудалгүй барилгын хөрөнгө оруулалтыг л ирэх оны төсөвт суулгасан гэж ойлгож болох уу?
2014 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад байгаа 144 барилгын төсөвт өртөг нь нэмэгдэж, удааширсан байгаа шалтгааныг тогтоохын тулд аудит шалгалт хийх хугацаа өгөхийг хүссэн
-2014 оны төсөвт зураг төсөл нь бэлэн болчихсон, өртөг нь нэмэгдээгүй, арга хэмжээнүүдэд л хөрөнгө оруулалт хийнэ.
-Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн төгрөг байгаа вэ?
-Нийт 1 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалтууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, Бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийнхаа дагуу хийгдээд явна.
-Монгол Улсын 2014 оны төсвийн төсөл дээр Улсын комисс хүлээгээд авчихсан, ашиглалтад орчихсон зургаан обьектэд дахин санхүүжилт авах гээд санал оруулаад ирчихсэн байсан. Энэ тохиолдолд Засгийн газар асуудалтай төсөв оруулж ирсэн гэдэг үүднээсээ ямар нэгэн хариуцлага хүлээх үү?
-Ажлын хэсэг дээр Улсын комисс хүлээгээд авчихсан долоон обьект ирэх оны төсөвт дахин санхүүжилт авах гээд санал оруулаад ирчихсэн байсан. Тиймээс эдгээр барилгууд мөн гуравдугаар сарын 1-н хүртэл шалгагдах барилгын жагсаалтад орсон байгаа. Шалгалтын дүнг харъя.
- 2013 оны төсвийн тодотголоор хасагдсан 96 барилга байна. Үүнийг тэг дүнтэй оруулсан. Мөн түр царцаасан 144 барилгын асуудал байгаа. Эдгээр зүйлүүдэд тодорхой тайлбар өгнө үү?
- 2014 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад байгаа 144 барилгын төсөвт өртөг нь нэмэгдэж, удааширсан байгаа шалтгааныг тогтоохын тулд аудит шалгалт хийх хугацаа өгөхийг хүссэн. Тэр асуудлын хүрээнд аудитын газарт шалгах тодорхой хугацаа өгсөн. Эдгээр 144 барилгын санхүүжилт Сангийн яаманд байгаа. Хэрвээ шалгалтаар ямар нэгэн асуудалтай гэх дүгнэлт гарахгүй бол үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ. Харин 2013 оны төсвийн тодотголоор хасагдсан 96 төсөл, арга хэмжээ бол ажил нь эхэлсэн байсан обьектууд юм. Үүнийг дуусгах нь зөв.