Ч.Улаан: Таван тэрбумын бонд босгох даалгаврыг УИХ өөрөө өгсөн
-Гадаад өрийн хэмжээг ингэж өсгөх нь эрсдэлтэй биш үү?
-Яагаад өрийн хязгаарын нэмэгдүүлэх санал оруулсан бэ гэхээр хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох шаардлагыг үндэслэсэн. Угаасаа УИХ өнгөрсөн жил таван тэрбум ам долларын үнэт цаас борлуулахыг зөвшөөрсөн.
Нэг ёсондоо энэ эрхийг хамтаараа хэлэлцээд ийм хэмжээний мөнгө босгоод, хөгжлийнхөө асуудлыг шийдээрэй гэсэн даалгавар өгсөн. Энэ даалгаврын дагуу л бид гадаад зах зээлээс хөгжлийн санхүүжилтынхээ эх үүсвэрийг босгохоос өөр аргагүй. Гэтэл бид өрийн хязгаарыг хөндөхгүй бол болохгүй болсон. Өөрөөр хэлбэл, тогтоож өгсөн хязгаартаа багтахгүй болчихоод байгаа юм.
-Заавал 60 хувьд хүргэх шаардлага нь юу юм бэ?
Эдийн засгийн үзүүлэлтүүд чинь хоорондоо харилцан уялдаатай шүү дээ. Тиймээс л үүнийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа юм. Хэрэв энэ нэмэгдэхгүй батлагдах юм бол бид ирэх онд хөгжлийн санхүүжилтийн эс үүсвэргүй, бүтээн байгуулалтын ажил урагшлахгүй, мөнгө дутагдана гэсэн үг.
Өмнө нь төлөвлөсөн таван тэрбум ам.долларын бондыг гаргаж чадахгүй байдалд хүрнэ. Тиймээс аль аль талаа сайн уялдуулж байж, зөв шийдвэр гаргана гэж найдаж байна.
-МАН-ын зүгээс гадаад өрийн хэмжээ ДНБ- ий 60 хувиас хэтрэхгүй гэсэн заалт оруулах юм бол завсарлага авах тухай ярьж байсан. Гэтэл төсвөө хугацаандаа багтааж баталчихаад дараа нь ярих тухай тохирсон сураг дуулдаад байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Бүлэг нь өөрөө шийднэ биз. Бид ямар ч гэсэн саналаа оруулсан. Хоорондоо харилцан уялдаатай асуудлыг хэлэлцээд шийдэх эрх нь УИХ-д байгаа.
УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх байх. Бид хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах л үүрэгтэй.
Өнөөдрийн байдлаар гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 49 хувьтай тэмцэж байгаа. Энэ санаа зовох асуудал биш гэж үү?
Эн бол ямар нэгэн сэрэмжлүүлэх анхааруулах, болгоомжлох түвшинд хүрээгүй үзүүлэлт. Ер нь хөгжиж байгаа, хөгжлийнхөө хэрэгцээг зайлшгүй хангах шаардлагатай үед үүнийг шийдэх л ёстой.