Түр царцаасан 144 барилгыг аудитын дүгнэлтээр үргэлжлүүлэх эсэхийг шийднэ
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын 2014 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хүрээнд гишүүд төсөл боловсруулагчид болон холбогдох гишүүдээс асуултандаа хариулт авч, улмаар санал хураалт үргэлжилж байна.
С.Бямбацогт: 2013 оны төсвийн тодотголоор 2014 тусгагдаагүй 96 барилга байна. Үүнийг тэг дүнтэй оруулсан. Мөн царцаасан 144 барилгын асуудалд тодорхой тайлбар өгнө үү?
Ц.Даваасүрэн: 2014 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад байгаа 144 барилгын төсөвт өртөг нь нэмэгдэж, удааширсан байгаа шалтгааныг тогтоохын тулд аудит шалгалт хийх хугацаа өгөхийг хүссэн. Тэр асуудлын хүрээнд аудитын газарт шалгах тодорхой хугацаа өгсөн.
Харин 2013 оны төсвийн тодотголоор хасагдсан 96 төсөл, арга хэмжээ бол ажил нь эхэлсэн байсан объектууд юм. Үүнийг дуусгах нь зөв. Гэхдээ тэг дүнтэй оруулж, дараа жил тодотголоор оруулж ирэхээр болж байгаа.
С.Бямбацогт: 2013 оны төсвийн тодотгол хийх явцад Засгийн газар хийгээд эхэлчихсэн байсан ажлуудыг хассан. Энэ нь өөрөө УИХ, Засгийн газрын бодлогоос болж хасагдсан юм. Гэтэл дахиад 2014 онд санхүүжүүлэхгүй болгох гээд байна. 2014 онд эхний ээлжинд эдгээр барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй гэж үү?
2013 оны төсвийн тодотголоор хасагдсан 96 төсөл, арга хэмжээ бол ажил нь эхэлсэн байсан объектууд.
Ц.Даваасүрэн: Тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг дээр энэ саналыг Д.Оюунхорол гаргасан. Тэр саналыг хүлээж аваад хоёрдугаар хэлэлцүүлгийг зогсоосон. Тиймээс намын бүлгүүд тохиролцсоны үндсэн дээр тэг дүнтэй тавихаар болсон. Тиймээс тухайн үед нь шийдэх хэрэгтэй.
Б.Гарамгайбаатар : Надад тайлбар өгөхдөө энэ асуудлыг 2014 онд шийднэ гэж хэлсэн санагдах юм. Гэтэл таны хэлснээр 2014 онд санхүүжилт хийгдэхгүй мэтээр яриад байх юм.
Ц.Даваасүрэн: 96 барилгын асуудал тэгээр явна. Гэхдээ үргэлжлүүлэхийн тулд тухайн объектын төсөвт өртөг тодорхой үндэслэлтэйгээр нэмэгдсэн байх шаардлагатай.