Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2013.11.13

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцуулав.

Энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль,

Төсвийн тухай хуульд заасан тусгай шаардлагуудын дагуу ирэх 2014 оны төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг тооцоход төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.865.0 тэрбум төгрөг болж, төсвийн хүрээний мэдэгдлээс 405.0 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 7.275.1 тэрбум төгрөг болж төсвийн хүрээний мэдэгдлээс 411.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч нийт алдагдал 410.1 тэрбум төгрөг болж ДНБ-ий 2.0 хувьдаа багтахаар байгаа юм.

Үүний дараа УИХ дахь намын бүлгүүд байр сууриа илэрхийллээ.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

2014 оны төсвийн орлогын 90.7 хувь нь татварын орлого, үлдсэн хувь нь татварын бус орлого байгаа. Зарлагын 73 хувь нь урсгал зардал, 27 хувь хөрөнгийн зардал байна. Зайлшгүй өөрчлөх, анхаарах шаардлагатай, бараа үйлчилгээний бусад зардал 20.3 хувийг эзэлж байгаа нь буруу. Хөрөнгийн зардал буюу тавилга эд хогшил, конторын тоног төхөөрөмж 27 тэрбумыг тусгасан нь оновчтой бус байна гэв.

Д.Оюунхорол: Данхгар бүтэц, үрэлгэн байдлыг өөрчилж, тэвчиж болох урсгал зардлыг тэвчиж, урсгал зардлыг царцаах хэрэгтэй.

МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уншиж танилцуулав. Тэрбээр “УИХ-аар батлагдаагүй хуулийн заалтаар төсвийн төслийг оруулж ирсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж байна. Бэлэн төсөлгүйгээр, ямар ч судалгаа тооцоогүйгээр Чингис бондыг гаргаснаар, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байна.

Энэ жил дахин 2.1 тэрбум долларын бонд гаргаж байгаа нь улсын өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэж байгаа нь буруу. 2014 онд 40 хувьд байхаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтыг зөрчиж байна. Данхгар бүтэц, үрэлгэн байдлыг өөрчилж, тэвчиж болох урсгал зардлыг тэвчиж, урсгал зардлыг царцаах хэрэгтэй байна.

Урсгал зардлаас 170 тэрбум зардал, конторын тавилга төхөөрөмжид зарцуулах 225 тэрбум төгрөгийг хасч, нийт 395 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх саналыг МАН-ын зүгээс гаргасан. Энэхүү мөнгийг цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх санал гаргаж байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 2014 оны төсвөөс 200 тэрбум төгрөг гаргасан нь хангалтгүй” хэмээв.