Ц.Даваасүрэн: Монгол улсын өр ДНБ-ий 50.3 хувьд хүрэх нь сэрэмжлүүлж буйн дохио
УИХ-д бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан гурван гишүүн долоо хоног бүрийн даваа гарагт чуулган, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлдэг. Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх ирэх оны төсөв болон зарим хуулийн төсөлд тэд шүүмжлэлтэй хандаж буй аж.
Ц.Даваасүрэн: Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ирэх оны төсөв болон 2015, 2016 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж, батлах ёстой. Энэ асуудлыг Байнгын хороодоор хэлэлцүүлсэн ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал гацаа үүсгээд байгаа юм.
Ц.Даваасүрэн: Бид томоохон хөрөнгө оруулалтуудад зээл авч, ирэх жилүүдэд тооцоо судалгаатай зарцуулж, мөн төлөх схемээ зөв гаргах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад өртэй холбоотой. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр ч ДНБ болон нийт өрийн харьцаа 40 хувиас доош байна гэсэн шалгуур зөрчигдөх гээд байгаа учир намын бүлгүүд санал солилцож байна. Энэ өрийн харьцааг хоёр жилээр хойшлуулах тухай ярьж буй юм.
Өөрөөр хэлбэл, 2014 онд нийт өр ДНБ-тэй харьцуулахад 50.3 хувь болж байгаа. Энэ сэрэмжлүүлэг шүү. Тиймээс бид томоохон хөрөнгө оруулалтуудад зээл авч, ирэх жилүүдэд тооцоо судалгаатай зарцуулж, мөн төлөх схемээ зөв гаргах хэрэгтэй гэж үзэж байна.
Х.Болорчулуун: Энэ долоо хоногт УИХ-аар Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хууль нэрнээсээ эхлээд зохимжгүй боловсруулсан байна лээ. Засгийн газар энэ хуулийн төслийг оруулж ирэхдээ алтыг хил давуулж, нууцаар худалдаалж байна гэсэн мэдээллийг ихээр гаргасан.
Х.Болорчулуун: Бид хуулийн төсөлд тусгаснаар татварын хувь хэмжээг буулгавал жилд 60- 80 тэрбум төгрөг алдана.
Хэрэв үнэхээр нууцаар худалдаалж байгаа бол тэр явдлыг холбогдох байгууллагууд нь таслан зогсоох ёстой. Энэ хууль алтных биш Алтны худалдааг ил тод болгох тухай хууль юм. Тэр дундаа татварын орчинг голлож хөндсөн. Олон улсын жишигтэй харьцуулахад Монгол Улсад алтны татвар харьцангуй бага байдаг.
Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг байхгүй болгосон, одоо харин байгалийн нөөц ашигласны таван хувийн татварыг 2.5 болгон багасгана гэж байна. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Тухайлбал, "Сентерра Гоулд" хэмээх компани одоо нийт 60 тонн алт гаргахад бэлэн болчихоод байна. Хэрэв бид хуулийн төсөлд тусгаснаар татварын хувь хэмжээг буулгавал жилд 60- 80 тэрбум төгрөг алдах юм.
С.Ганбаатар: Монгол Улс чулуу, шороогоо зөөхгүй нэмэн өртөг бий болгож, олон төрлийн үйлдвэр барина гэж 20 жил хоосон ярьж, улс төржлөө.
С.Ганбаатар: Монгол Улс чулуу, шороогоо зөөхгүй нэмэн өртөг бий болгож, олон төрлийн үйлдвэр барина гэж 20 жил хоосон ярьж, улс төржлөө. Одоо ийм яриагаа зогсоо. Өнгөрсөн жил буюу УИХ-ын бие даагч гишүүд төмөр, гангийн үйлдвэрээ эхний ээлжинд барь гэсэн шаардлагыг Засгийн газарт тавьж байсан.
Гэтэл өнөөг хүртэл энэ талаар ямар ч ажил хийсэнгүй. 2014 оны улсын төсөв, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн талаар хэлэлцэх гэж буй энэ үед гангийн болон хар төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг яагаад ярихгүй байна вэ. Энэ асуудлыг бие даагч гишүүд Засгийн газарт шаардлага тавьж ажиллах болно гэв.