Төрийн байгуулалтын байнгын хороо /2013.11.06/
2013.11.07

Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

  Төрийн байгуулалтын байнгын хороо /2013.11.06/ үдээс өмнө хуралдаж эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь  хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг болон байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан энэ оны татварын бүрдүүлэлт хэдэн хувьтай байгаа, Нийгмийн даатгалын сангийн өглөг барагдуулалт хэр байгаа, эрүүл мэнд, боловсролын салбараас төсөвт оруулах орлогын эх үүсвэр зэргийг тодруулахад Сангийн дэд сайд С.Пүрэв ирэх онд гаалийн байгууллагаас улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг 1.9 их наяд төгрөг байхаар тооцсон. Энэ оны гаалийн татварын орлого бүрдүүлэлтийн тухайд одоогийн байдлаар 84 хувьтай байна, татварын төлөвлөгөөг биелүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо /2013.11.06/

Нийгмийн даатгалын сангийн 2013 оны чөлөөт үлдэгдлийг урьдчилсан байдлаар 45 орчим тэрбум төгрөг байхаар тооцож байгаа. Тус санд улсын төсвөөс өгөх Засгийн газрын өглөг 80 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас ирэх онд 14 тэрбум төгрөгийг барагдуулахаар тооцсон гэсэн хариулт өгөв. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны тухайд музейн үзвэрийн, Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд төлбөртэй эмчилгээ, үйлчилгээнээс олсон орлого гэх зэргээр өөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй бол Боловсрол, шинжлэх ухааны яам сурах бичгийн орлогыг буцаан төвлөрүүлж дахин ашигладаг гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлсэн гишүүн С.Дэмбэрэл тус байнгын хороо нэг аймгийн нэг сумын Засаг даргын Тамгын газрын барилгын төсөвт дутагдаж байгаа хөрөнгийг ярих биш төсвийг анх төлөвлөж боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх бүх шатанд төрийн институци хоорондын уялдаа холбоо хэр байгаа, харьяа байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлэн тооцож буй эсэх, хэрхэн үр ашигтай зарцуулж байгаад нь хяналт тавьж ажиллах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгааг гишүүн Р.Бурмаа дэмжлээ. Мөн гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын харьяа байгууллагууд сургалтын нэгдсэн байртай болох үүднээс ирэх оны төсөвт ихээхэн хөрөнгө нэмж тусгуулах санал гаргасныг парламентын ордон барих төсөв хөрөнгийн хүрээнд шийдэх бололцоотой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Ингээд байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад М.Зоригт гишүүний гаргасан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын барилгад нэг тэрбум, мөн аймгийн Халзан сумын Засаг даргын Тамгын газрын барилгад 230 сая төгрөг нэмж тусгах санал байнгын хорооны гишүүдийн дэмжлэг авсангүй. Мөн УИХ-ын харьяа байгууллагуудын сургалтын нэгдсэн төв байгуулах, МҮОНРТ-д техник технологийн шинэчлэл хийхэд хөрөнгө нэмж тусгах саналыг байнгын хороонд ирүүлсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо /2013.11.06/

Гишүүн Д.Эрдэнэбат МҮОНРТ-ийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, техникийн шинэчлэлийн асуудлыг багцаар нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буй тул энэ саналаа татаж авахыг санал болгосон юм. Ингээд санал хураалгахад байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын харьяа байгууллагуудын сургалтын нэгдсэн төв болон МҮОНРТ-ийн төсөвт нэмж хөрөнгө тусгах саналыг дэмжсэнгүй. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хороо дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

  Дараа нь Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн Д.Эрдэнэбат төслүүдийг хэлэлцүүлгийн шатанд нухацтай хандаж нягталж үзэх шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг түр хойшлуулж Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж ажиллуулах горимын санал гаргалаа. Мөн гишүүн Х.Тэмүүжин төрд шинэ бүтэц үүсгэхгүй байх талаар байнгын хороо аль болохоор анхаарах ёстой гэдгийг хэлээд хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм.

  Ингээд дээрх хоёр гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө