УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2013.11.01

Р.Бурмаа: Иргэдийн төлөөлөгчийг шүүн таслах үйл ажиллагаанд оролцуулах ажил хангагдаагүй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа хууль санаачлагчаа асуулт асуулаа.

Тэрээр “Энэ хууль 11 сарын 2- ноос эхлэн хүчинтэй болно гэсэн бэлтгэл ажил хангагдаж чадах уу? Иргэдийн төлөөлөгчөөр ажиллах сонирхолтой иргэдэд зориулсан сургалт лавлагааны ажил хэрхэн төлөвлөгдсөн байгаа вэ? Эвлэрүүлэн зуучлах иргэдийн төлөөлөгчийг шүүн таслах үйл ажиллагаанд эрхтэй оролцох болсонтой холбоотой 2014 оны төсөвт туссан уу? Энэ оны төсвийн тодотголоор орж амжсан уу? Гэдэг асуултыг тавилаа.

Р.Бурмаа гишүүний асуултад хууль санаачлагч Х.Тэмүүжин сайд хариуллаа. “Хуулийн хэрэгжилт хангахтай холбоотой бэлтгэл ажил хийгдэж байгаа. Төсөв мөнгө, зохион байгуулалтыг хариуцах зорилготой 2010 оны Ерөнхийлөгчийн багц хуульд шүүхийн захиргааг мэргэшүүлээд, шүүхийн ерөнхий зөвлөлийг бие даалган гаргасан. Орон тооны шүүхийн захиргаа үйл ажиллагааг  мэргэжлийн түвшинд авч явдаг байгууллага болсон.

11 сарын 2-ноос иргэд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг аваад эхэлнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчдийг хэрхэн яаж сонгож оруулах, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах чиглэлд төлөвлөөд ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой төсвөө шүүхийн ерөнхий зөвлөл бие даасан байдлаар оруулаад 2014 оны төсөвт тодорхой санал ирсэн. Эвлэрүүлэн зуучлахтай холбоотой асуудлаар хүндрэл байгаа. Учир нь Улаанбаатар хотод 16 шүүх танхим байгаа хэдий ч эвлэрүүлэн зуучлах өрөө танхим байхгүй.

Одоо байгаа шүүхийн байранд ийм өрөө гаргах боломжгүй учраас баригдаж байгаа шүүхийн байранд эвлэрүүлэн зуучлах өрөө гаргана. Мөн Эвлэрүүлэн зуучлах хүмүүст тусгайлан сургалтад бэлтгэж байгаа. 11 сарын 2-ноос иргэд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг аваад эхэлнэ. Бэлтгэл ажил хангагдсан” хэмээн хариуллаа.

Уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар Р.Бурмаа гишүүн үг хэллээ.

Тэрээр “Иргэдийн төлөөлөгчийн шүүн таслах үйл ажиллагаанд оролцуулж байгаа нөхцөлд бэлтгэл ажил их байх ёстой. Өмнө нь иргэдийн төлөөлөгчийн нэртэй нэг хүн байнга орж байдаг байсан. Гэтэл өнөөдөр тийм байж болохгүй шүүхийн багц шинэчлэлд иргэдийн төлөөлөгч нь маш их эрхтэй орох гэж байгаа.

Тийм нөхцөлд бэлтгэл ажил ямар байгаа гэдэгт хангалттай хариулт авч чадсангүй. Эргээд иргэдийн соён гэгээрүүлэх мэдээлэл өгөх ёстой. Дунд сургуулиудад энэ талын мэдээллийг ойлгуулах, шүүхийн хэргийг бодит юм шиг танин мэдүүлэх чиглэлээр телевизийн нэвтрүүлгүүд хийх ёстой. Энэ бүгдийг хийж байж иргэдийн төлөөлөгчдийг оруулмаар байна.

Манайд цөөн хүн амтай суманд иргэдийн төлөөлөгчид оролцох хүн хэд байгаа билээ. Эрүүгийн хэрэгт оролцоод элдэв аюулд өртөх вий гэх мэт анхаарах зүйл байна. Мөн иргэд шүүх хуралд оролцоод цааш нь задруулахгүй байна гэдэг заалт байгаа ч хариуцлага нь шүүхээс гаргах төдий биш шүүхийн дараа болсон мэдээлэл задруулсан тохиолдолд хариуцлагын зүйл заалт алга. Тэгэхээр үүнийг дагалдах дүрэм журам гараагүй байж 11 сарын 2-ноос хэрэгжинэ гэсэн нь учир дутагдалтай байна. Эдгээр зүйлд анхаарах хэрэгтэй” хэмээн хэллээ.