Г.Шийлэгдамба: Улс төрийн орчинд тогтсон гажуудлыг арилгах хэрэгтэй
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай намуудын төлөвшил нь улс орны хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
-Та намынхаа төлөвшлийг ямар шатанд байна гэж үнэлэх вэ. Намуудын төлөвшил нь орон нутаг цаашилбал улс орны хөгжилд ихээхэн үүрэгтэй шүү дээ?
Улс төрийн намын төлөвшилт улс орны хөгжилд чухал үүрэгтэй. Эргээд бодоход намуудын төлөвшилтийн тухай ойлголт харьцангуй шинж чанартай юм болов уу. Учир нь аливаа улс төрийн намуудын хувьд хүмүүсийн үзэл бодлоороо нэгдмэл байх, олон ургальч үзэл дээр тулгуурлах үндсэн дээр улс төрийн шийдвэрүүд гардаг. Иймээс тухайн үед гарч байсан аливаа шийдвэрийг авч үзвэл цаг үеийнхээ олон хүчин зүйлээс шалтгаалан намуудын төлөвшилт харьцангуй байдлаар явагдаж байгааг харуулна.
Өнгөрсөн хорь гаруй жилийн турш тодорхой намууд ээлжлэн төр барилцаж, улс төрийн бодлогыг тодорхойлж ирсэн. Эдгээр намуудын төлөвшил өөрөө тогтвортой биш улс төржсөн шинж чанар нь хэт давамгайлах байдлаар явагдаж иржээ. Тиймээс намуудын асуудлууд хууль эрх зүйн хүрээнд зөв өөрчлөгдөж, шинэчлэгдвэл чадвал хэтдээ намуудын төлөвшил зөв зохистой гольдролдоо орох болов уу.
Гэтэл өнөөдөр монголын улс төрд илүү ээдрээтэй, тогтворгүй нөхцөл байдал зонхилж байна. Энэ байдал нь улс орны нийгэм эдийн засагт шууд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас намуудыг төлөвшилтийг бодитоор нь авч үзэх шаардлагатай.
-Энэ байдлыг хэрхэн өөрчлөх ёстой вэ?
Улс төрийн намуудын төлөвшилтийг тодорхой болгохын тулд намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Энэ асуудал нь бүх улс төрийн намуудад хамааралтай зүйл болохоос биш дан ганц төр барьж байгаа аль нэг хүчний асуудал биш.
Тиймээс өнөөдөр дээрх хуулийг улс төрийн орчны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх нь намуудын цаашдын хөгжил, төлөвшилтөд чухал нөлөө үзүүлнэ.
-Одоогийн байдлаар Улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл их хуралд өргөн баригдсан. Та бүхэн төсөлтэй танилцсан уу, ямар саналтай байгаа вэ?
Энэ намрын чуулганаар улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг ярих ёстой. Хэд хэдэн удаа хуулийн төслийн хэлэлцүүлэг болж манай намын зүгээс зарчмын байр сууриа илэрхийлж байгаа.
Юун түрүүнд улс төрийн нам хатуу гишүүнчлэлтэй байх уу, үгүй юу, хоёрдугаарт санхүүжилтийн тухай асуудлууд жишээлбэл хандив өгнө, өгөхгүй, гуравдугаарт улс төрийн нам өмч, хөрөнгөтэй байх ёстой, ёс үгүй гэх зэргийг хөндөж ярилцсан. Эдгээр асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд зөв зүйтэй хэт улс төржихгүйгээр намуудад тулгарч буй асуудлуудыг зохицуулах үүднээс хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Ингэж чадвал улс төрийн намуудаас улбаалсан авилгал, хээл хахууль болон бусад ард түмний дунд нэр нь унаад байгаа үнэлэмжийг дээшлүүлэхэд нэгдмэл байр сууринд хүрэх юм.
Түүнчлэн намын өмч хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Бизнесийн байгууллагын явуулдаг үйл ажиллагааг улс төрийн намуудын хувьд хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна. Өмчтэй байх эсэх нь нээлттэй болохоор эрх барьж буй намууд боломжтой байгаа дээрээ өмч хөрөнгөтэй болох гэж идэвхийлэн ажиллаж таарна. Тиймээс энэ талаар хуулиндаа өөрөөр шинэчлэлт хийх нь чухал.
Харин нэгэнтээ өмчтэй болсон намуудын асуудлыг хуулийн хүрээнд зөв гарцаар шийдэх биз.
Улс төрийн намуудын тухай хууль бол тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлж өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой.
-Ер нь улс орны хөгжлийн байдал эдийн засаг, нийгмийн байдлын дүр зургаас харагддаг. Энэ жилийн хувьд сөрөг хүчний зүгээс эдийн засаг унаж, гадны хөрөнгө оруулалт буурсаныг хүчтэй шүүмжилж байгаа?Үүнээс үүдээд засгийн газар огцрох тухай асуудал намууд дээр яригдаж байгаа гэх юм?
Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх нь УИХ-н эрх үүргийн асуудал шүү дээ. Би харин өөр нэг өнцгөөс нь хөндөж ярихад улс төрийн намын асуудлын гол зангилаа нь намын дарга байдаг. Манай улсад тухайн байгуулагдсан засгийн газрын тэргүүн нь сонгуульд ялсан намын дарга байдаг жишиг тогтсон. Тэгэхээр яах аргагүй намын даргын суудал нь ерөнхий сайдын албан тушаалд хүргэх боломж мэт харагдана.
УИХ-ын гишүүн давхар засгийн газрын гишүүн байж болно болохгүй гээд яриад байдагтай ижил юм. УИХ нь ЗГ-аасаа хамааралтай гэгдэж УИХ-ын чадамжийн асуудал ч хөндөгдөж байдаг. Үүнийг үндсэн хуулиас гадуур бий болчихоод байгаа тогтолцооны гажуудал ч гэж ярих болсон.
Тэгэхээр намын дотор асуудал үүсэхэд засгийн асуудал яригддаг, засаг ярихаар намын даргын асуудал болчихдог нь дээрх гаж тогтолцоотой холбоотой. Ийм байдлыг хүссэн ч хүсээгүй ч бий болгочихсон байна. Уг нь Засгийн газрын асуудал чинь тусдаа асуудал шүү дээ. Засийн газарт асуудал үүсэхээр явж явж нам дотор үүссэн зөрчилдөөн юмуу эсвэл тодорхой зарим лидерүүдийг тойрсон асуудал байдаг. Тиймээс улс төрийн голлох намууд өөрөө дотоод эв нэгдэл сайтай байх нь засгийн газар, их хурлын үйл ажиллагаа ч тогтвортой явагдах боломжид нөлөөлж байна.
-Улс төрийн нам бол төрийн бус байгууллагын статустай газар. Гэтэл төрийнхөө дээр гараад суучихсан учраас олон зүйлийг улс төржүүлж байна. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх ёстой вэ?
Дахин хэлэхэд улс төрийн намуудын хуулийг өөрчлөх шаардлагатай. Үнэхээр манайх шиг онцлогтой оронд нам хатуу гишүүнчлэлтэй байх ёстой юу гэдгийг ч эргэж харах хэрэгтэй.
Төрийн дээр улс төрийн намууд суучихдаг тухайд бол намуудын удирдлагад байгаа лидер гэгдэж буй хүмүүстэй холбоотой асуудлууд байна. Ер нь намын лидер гэж ямар хүнийг хэлэх вэ. Үнэхээр намын гишүүдийн олонхийн итгэл дэмжлэгийг хүлээсэн хүн үү үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Харамсалтай нь өнөөгийн намуудын байдлыг харахад эргэлзээ төрж байна.
Шуудхан хэлэхэд тухайн намын санхүү, эдийн засгийн чадамжид хэн хамгийн сайн дэмжлэг үзүүлж байна тэр хүмүүс намын лидер гэгдэж, голлох байр суурийг эзэлдэг бөгөөд эрх мэдэлд хүрэхээрээ өөрийн намаа төдийгүй улс эх орныхоо эрх ашгийг ч умартаж зөвхөн тодорхой бүлгийн явцуу эрх ашгийн төлөө ажиллаж байна.
Тиймээс төрийн дээр нам байдаг явдлыг халах цаг болсон. Нам бол гагцхүү улс төрийн үйл ажиллагаа явуулж, сонгуулиудаар намын гишүүдээ нэр дэвшүүлж, намын бодлого үйл ажиллагаа, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж ард олны дэмжлэгийг хүлээхийн төлөө ажиллах ёстой. Энэ ч утгаараа хандив хэмээх мөнгөний нөлөөллөөс хамааралтай аливаа шийдвэрээс ангид байх хэрэгтэй юм.
-Австрали улсын хууль ёсны засаглалын жишээнээс харахад сонгуулийн дараа төр засгийн хэмжээнд 20-хон албан тушаал солигддог. Бусад төрийн албан хаагчид залгамж чадвартайгаар ажлаа үргэлжлүүлсээр байдаг. Гэтэл манайд энэ байдал эсрэгээрээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх доргино гэгчийн үлгэр больж, бүх хүн нь солигдож төрийн албаны чадамжийг сулруулдаг. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх вэ?
Бид хорь гаруй жил ийм байдалтай явж ирлээ.Энэ нь улс төрийн нам гэдэг өөрийнхөө мөн чанарыг алдаж байгаатай холбоотой. Улс төрийн намууд өөр ажил хийх ёстой. Төрийн байгууллагын бүтэц үндсэн чиг үүрэг рүү шууд нөлөөлж болохгүй. Хөрөнгө хүч гаргаж бэлдсэн мэрэгшсэн боловсон хүчний бүтцийг нэг удаагийн сонгуулийн үр дүнгээр өөрчлөөд байгаа нь харамсалтай.
Энэ тогтворгүй байдлын хариуцлагыг улс төрийн намууд л үүрэх ёстой. Австрали улсын хувьд улс төрийн соёл өндөр түвшинд хөгжсөний зэрэгцээ зөв улс төр, нийгэм эдийн засгийн тогтолцоотой орон юм.
-Та намынхаа эгэл жирийн гишүүдийн шүүмжлэлийг хэр сонсож чаддаг вэ?
Намын удирдлагууд руу хандсан санал шүүмжлэл ирэлгүй дээ. Намын гишүүд олон, удирдлагууд цөөхөн. Олонхийг төлөөлж байгаа гишүүдийн зүгээс цөөнх рүү хандсан шүүмжлэл, санал бодлыг албан болон албан бусаар хандаж, бид ч хурал цуглаануудад дор дор нь байр сууриа илэрхийлдэг.
Тэр тусмаа манай нам байнгын гэж хэлж болохуйц хүндрэл бэрхшээл , хавчлагатай нүүр тулж байдаг юм. Энэ бүхнийг давж туулж байгаа намын хувьд гишүүдийнхээ санал шүүмжлэлийг тусгаж авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ.
-Та МАХН хэмээх ууган намын ерөнхий нарийн бичгийн дарга хүний хувьд улс орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ?
Хэцүү асуулт. Улс орноо хөгжүүлэхэд гар бие оролцох боломж нөхцөлийг өөдрөгөөр төсөөлж байна. Гэхдээ саад бэрхшээлийг давж туулах ёстой. Юуны өмнө улс төрийн орчинд тогтсон гажуудлаас салж байж өөдрөг сайхан зүйлийн талаар ярина.
Улс орны хөгжилд бодлого тодорхойлж, ачааны хүндийг үүрэх үүрэгтэй улс төрчдийн нөлөө хамаарал чухал юм. Гэтэл цөөн тооны улс төрчид хэтэрхий олон жил салж ядан албан тушаалд зууралдах нь хөгжил дэвшилд тээг саад учруулж байна.