УИХ-ын гишүүн С.Баярцогт
2013.10.31

Ямар ч Засгийн газар өөрийнхөө үед өр төлөх сонирхолгүй байдаг

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Үүгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Хуулиудыг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд төсвийн тухай хууль, төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үед нь нэмэлт хийх шаардлага байгаа эсэх, он дамжиж буй хөрөнгө оруулалт гурван жил дамждаг тогтолцоо руу шилжиж магадгүй хүндрэл бий гэв. Тиймд үүнийг сайн бодож тооцох ёстой.

Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд үгээр нь уншвал нийцүүлэн гэсэн үгтэй байгаа. Бид үндсэн хуулин дээрх үндэслэн гэдэг үгийг яс гэж үздэг. Нийцүүлэн гэдэг нь хязгаартаа багтаж байна гэж ойлгоод төсвийн хүрээний мэдэгдэлдээ тодотгол хийх шаардлагагүйгээр зохицуулах бололцоо бий гэж үзэж байгаа.

Манайх хуримтлалаа бий болгоод нөгөө талдаа зээл аваад байгаа нь бодит хуримтлалыг бий болгож чадахгүй.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэлэлцүүлэх явцад парламентийн түвшинд бүх намын төлөөлөл орсон, бондын хөрөнгө оруулалтын зарцуулалт, өр төлбөрийн төлөлтийн асуудал дээр байнгын үйл ажиллагаатай хяналт тавьдаг механизм гаргах ёстой гэж ойлгож байна.

Ямар ч Засгийн газар өөрийнхөө үед тэр өрийг төлөх сонирхолгүй байдаг. Учир нь өр төлнө гээд ороод ирэхэд төсөвт нь хүндрэл үүсдэг. Тиймд улс төрийн итгэл үнэмшил бий болгон хууль гаргаж, хуулиндаа захирагдан өр төлж явдаг зохицуулалттай.

Энэ механизм парламентийнхаа түвшинд байх ёстой. Манайх хуримтлалаа бий болгоод нөгөө талдаа зээл аваад байгаа нь бодит хуримтлалыг бий болгож чадахгүй. Парламент дээр энэ механизм өөрөө бий болох ёстой. Эдийн засгийн болоод Төсвийн байнгын хорооны дунд үүнийг хянадаг дэд хороо байгуулах хэрэгтэй гэлээ.