УИХ-ын гишүүн О.Содбилэг
2013.10.31

О.Содбилэг: Манай улсын өрийн хэмжээ ДНБ-ээсээ даваад байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Үүгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Өр тооцох аргаа тодорхой болгож ярих саналтай байна гэв. Улсын өр гэж Засгийн газрын өрөн дээр хувийн хэвшлийн өрөө тооцдог орнууд бий. Энд Засгийн газрынхаа өрийн хэмжээг яриад байна. Манай өрийн хэмжээг Засгийн газар, хувийн хэвшилтэйгээ хамт авахаар 16 их наяд орчим болж, ДНБ-ээсээ давсан хэмжээтэй байгаа тул анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын авч хэрэгжүүлсэн ажил, арга барил болохгүй байна.

Мөн Чингис бонд болоод бусад гадаад өрийнхөө төлөлтийн хувиарийг тодорхой болгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн орчин сайжирна гэж байгаа. Монгол улс өрийн сахилга батаа өөрчлөөд, зээлжих зэрэглэлээ бууруулах ажлыг хийгээд байвал хуулийг баталсан эерэг үр нөлөө байхгүй болох нь.

Бүсээ чангалж, дэгтэй байх энэ үед савалгаатай зүйл хийгээд байвал яаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх вэ. Хувийн хэвшлийнхэн дотоодынхоо эдийн засагт яаж итгэлтэй хөрөнгө оруулалт хийж цаашаа явах вэ. Томоохон өрийн тухай чухал асуудал ярьж байхдаа тодорхой, ойлгомжтой байх хэрэгтэй.

Шинэчлэлийн Засгийн газрын авч хэрэгжүүлсэн ажил, арга барил нь болохгүй байна. Түүнчлэн өрийнхөө хязгаарыг 40-60 болговол мөнгө ирэхгүй. Бүх татварын орлого, монгол улсын олж болох бүх хөрөнгө мөнгийг барьцаалж байж санхүүжилт орж ирнэ. Тиймд эсрэг саналтай байна гэсэн юм.