Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Өнөөдрийн үдээс өмнөх УИХ-ын чуулганаар Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” хууль зүйл байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцууллаа.
Тэрээр “МУ-ын засгийн газраас 2013 оны 10 сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хууль зүйн байнгын хороо 2013 оны 10-р сарын 29-ны хуралдаанаар хэлэлцлээ.
Хууль санаачлагч дээрх хуулийн тогтоолын төслүүдийг шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжийн давхардалт, зөрчлийг арилгах, эдгээрийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор боловсруулжээ. Байнгын хороонд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” хэмээн хэллээ.
Хуулийн төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн
Үүнээс гишүүн С.Ганбаатар “Нотариатын тухай хуулийн 14-р зүйлийн 14.2 дах хэсэгт зааснаар нотариатын мэргэжлийн шалгалтад хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн оролцохоор заасныг хүчингүй болгосон байна. Энэ нь нотариатын ажлыг хэн эрхэлнэ гэсэн үг вэ? хэмээн асуулаа.
Хууль санаачлагч Х.Тэмүүжин сайд “Одоо байгаа хууль тогтоомжоор бол нотариатын үйл ажиллагааг заавал хуульч байх албагүй байгаа. Учир нь гадаад улсад сууж байгаа элчинд нотариатын эрхийг өгдөг. Энэ нь хуулийн сургууль төгссөн үү, шалгалт өгч лиценз өгснөөс үл шалтгаалаад гадаадад байгаа монгол улсын иргэд эрх зүйл бичиг баримтыг баталгаажуулахад элчин дээр очиж баталгаажуулах ёстой.
Бид хуульч гэдэг шалгуурыг тавиад байвал элчинд заавал хуульч очих ёстой болно. Мөн хөдөө орон нутагт хуульч байхгүй газар тамгын газрын даргад энэ эрхийг шилжүүлэн өгдөг. Тиймээс нотариатын үйл ажиллагаа нь гэрчилбэр болохоос биш хуульчийн үйл ажиллагаа болж ордоггүй. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа биш юм. Тиймээс дотроо зөрчилтэй учир агуулгыг нь өөрчлөх шаардлага гарсан.
Харин нотариат болж байгаа хүмүүст тусгайлсан сургалт явуулж энэ гэрчилбэр яаж хийгдэх ёстой вэ гэдгийг заавал зааж өгдөг. Үүнийг нотариатын танхим хариуцаж ажилладаг” хэмээн хариуллаа. Үүгээр гишүүд асуулт асууж хариулт авч дууссан үргэлжлүүлэн гишүүд үг хэлсэн юм.