Биелэх боломжгүй олон зорилт байгааг шүүмжиллээ
Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр үдээс хойш хуралдаж Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх үндэсний тав дахь илтгэлийг хэлэлцлээ.
Хуралдааныг УИХ-ын гишүүн, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Г.Уянга удирдан явуулсан бөгөөд хуралдаанд УИХ-ын гишүүд, яам, агентлаг, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо, АТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Засгийн газраас оруулж ирсэн Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх үндэсний тавь дахь илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат танилцуулав.
2000 оны есдүгээр сард болсон НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад дэлхийн 189 орны төр засгийн тэргүүн нар оролцож, “Мянганы тунхаглал” хэмээх түүхэн баримт бичгийг батлан гаргасан бөгөөд энэхүү баримт бичигт 2015 он хүртэлх хугацаанд ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны тогтвортой байдал, аюулгүй байдал, хүний эрх, ардчилал, сайн засаглал гэсэн дэлхий нийтийн хүрээнд шийдвэрлэвэл зохих тулгуур асуудлуудыг дэвшүүлжээ.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад 2008 онд дахин тодотгол хийж 9 зорилгын хүрээнд 24 зорилт, 67 шалгуур үзүүлэлттэй баталсан байна.
Ядуурлын түвшин 2010 онд 38,7 хувь байсан бол 2012 онд 27.4 хувь болж 11 нэгжээр буурсан.
Илтгэлд дурдагдсанаар, ядуурлын түвшин 2010 онд 38,7 хувь байсан бол 2012 онд 27.4 хувь болж 11 нэгжээр буурсан үзүүлэлттэй гарсан байна. Мянганы хөгжлийн зорилтуудын 24 зорилтоос 8 зорилт бүрэн биелсэн буюу биелэх боломжтой, 7 зорилтын хувьд нэмэлт арга хэмжээ авч, тодорхой хүчин чармайлт гаргавал 2015 он гэхэд хэрэгжих боломжтой, 3 зорилгын хүрээнд 4 зорилт үлдсэн хугацаанд хэрэгжих магадлал багатай, харин мэдээлэл, арга зүйн асуудлаас шалтгаалан 5 зорилтын хэрэгжилтийг дүгнэх боломжгүй байгаа гэлээ.
Түүнчлэн зарим тодорхой нэмэлт арга хэмжээг авч чадвал дэлхийн Мянганы хөгжлийн зорилтуудын 71 хувийг нь Монгол Улс 2015 он гэхэд хэрэгжүүлэхээр байгаа. Гэхдээ Мянганы хөгжлийн зорилтуудыг бүрэн хангаж чадахгүй байх нь хэрэгжилт муу байна гэсэн үг биш. Монгол Улс 2001 оноос хойш олон Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж чадсан. Гэвч илүү ихийг хийх хэрэгтэй байна. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт нь тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаа гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцогсод асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс илтгэлд биелэх боломжгүй гэсэн зорилтууд нэлээдгүй гарч байгаад шүүмжлэлтэй хандаж , санал нийлэхгүй байгаагаа хэлж байсан юм. Учир нь дүгнэх боломжгүй зүйл гэж огт байж болохгүй.
Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо
Хэрвээ дүгнэх боломжгүй гэж үзвэл юу ч хийгээгүй гэсэн ойлголтод хүрнэ. 67 шалгуур үзүүлэлт ямар нэгэн хэмжээгээр биелсэн тоон үзүүлэлттэй гарсан байх учиртай. Ийм үзүүлэлттэй олон улсын түвшинд тараагдвал анхнаасаа дүгнэх боломжгүй зорилт дэвшүүлсэн гэх зохисгүй байдал үүснэ гэдгийг анхааруулж байсан юм.
Р.Бурмаа гишүүн, өнөөдөр өнгө будгийн хувьд сайхан цаасан тайлан гаргачихаад, харин тодорхой үнэлгээ, дүгнэлт байхгүйгээр дүгнэх боломжгүй, биелэх боломжгүй гэж байгаа нь учир дутагдалтай байна. Гэтэл нарийвчлаад үзэхээр амжилт гаргасан үзүүлэлтийг биелээгүй гэж дүгнэжээ гэсэн шүүмжлэлийг хэлж, тодорхой жишээнүүд дурдлаа. Түүнчлэн Засгийн газар хийсэн ажлаа үнэлж дүгнэж чадаагүй, хангалтгүй ажилласныг шүүмжилж, илтгэлийг буцаах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Хуралдаанаар илтгэлтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Дэд хорооны тогтоолыг батлах байсан ч хойшлуулахаар болсон. Учир нь хуралдааны явцад гишүүдээс гаргасан саналуудыг илтгэлд тусган илүү сайжруулан боловсруулж Дэд хорооны хуралдаанд оруулж дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ