Г.Баярсайхан: Сайд нар асуудалд хойрго ханддаг болжээ
УИХ-ын байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцав.
-Төсвийн тодотголыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байх үеэр та асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Яагаад ингэж бухимдах болов?
-Төсөвт тодотгол хийнэ гэдэг төсөв шаардлага хангахгүй байгаагийн'шинж. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гэж ярьдаг шүү дээ. Үүн шиг бид 2014 оныхоо төсвийг бодитойгоор хийх ёстой гэсэн дохиог өгч байна. Өмнөх жилүүдийг харахад Засгийн газар их л хөөсөрсөн төсөв батлаад яваад байсан байгаа юм. Тухайн үед уул уурхайн баялгаас их хэмжээний мөнгө улсын төсөвт орж ирж байсан.
Энэ мөнгөн дээр л улстөрчид сэтгэлийн хөөрлөөр хандсан. Том том бүтээн байгуулалтын төслүүдийг төсөвтөө суулгаж өгөөд л. Өнөөдөр, бодит байдал дээр тэр төслүүд нь хэрэгжих боломжгүй боллоо шүү дээ. Миний хувьд ийм хөөсөрсөн төсөв баталсан тухайн үеийн эрх баригчид, нам, бүлгийн дарга нартай хариуцлагын асуудал ярих ёстой гэсэн үзэл бодлоо илэрхийлсэн.
-Ерөнхий сайд ямар төслүүдийг зогсоож байгаа юм бэ. Үүнд нь та дургүйцээд байгаа юм уу?
-Бүтээн байгуулалтын ажлыг шууд зогсоож байгаа юм биш л дээ. Ирэх жилийн төсөв рүү шилжүүлэх байх. Харин нийгмийн салбарт барьж байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг үргэлжлүүлэн санхүүжүүлээд бусад зардлаа танаад явах нь зөв байх. Ерөнхий сайдад шүүмжлэлтэй хандах зүйл бий нь бий. Тэр нь өнгөрсөн зунаас л хямралын эхний шинж тэмдгүүд илэрч байгааг би хэлж, анхааруулж байсан.
Харамсалтай нь Засгийн газар зун хангалттай сайн ажиллаж чадаагүй. Баяр наадам, аймгуудын ой гэсээр бүтэн сарын хугацаа алдсан. Энэ хугацаанд эдийн засаг хүндрэх зам руугаа орсон. Нөгөө талаар Засгийн газар энэ хүндрэл, хямралыг урьдчилан харж сөрөг арга хэмжээ авах шаардлагатай байсан ч аваагүй. Тийм учраас би УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайдад шүүмжлэлтэй хандсан. Энэ хариуцлагатай албыг хашиж байгаа хүн глобал хүрээнд сэтгэж, хямралыг алсаас харж, урьдчилан сэргийлж чаддаг байх хэрэгтэй.
Хэтэрхий жижиг асуудалд анхаараад байна гэсэн шүү дээ.
глобал асуудал дээрээ илүү ач холбогдол өгөх ёстой гэж шүүмжилсэн.
-Ер нь бол ажиглагдаж л байгаа шүү дээ. Ерөнхий сайдын оролцож байгаа жижиг асуудлыг хийх ёстой төрийн албан хаагчид нь байдаг. Тийм учраас гүйцэтгэх засаглалын тэргүүнийг илүү алсыг харсан, глобал асуудал дээрээ илүү ач холбогдол өгөх ёстой гэж шүүмжилсэн.
-Хариуцлага алдсан сайд нарт хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байгаа юу?
-Бид нэг намынх гэдэг утгаараа бие биеийнхээ толгойг илээд яваад байж болохгүй. Алдаа дутагдал гаргасан яам, сайд байх юм бол хариуцлага тооцох л ёстой.
-УИХ-ын цөөнгүй гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа нь аль нэг ажлаа цалгардуулахад хүргэсэн болов уу?
-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно, болохгүй гэж их ярьдаг. Эсвэл УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байснаараа сайн талтай, эсвэл сөрөг талтай гэнэ. Миний хувьд энэ хоёр албыг зэрэг хашсанаар сөрөг үр дагавар нь их гарч байгаа гэж хэлнэ.
УИХ, Засгийн газрын гишүүд хэтэрхий зөнгөр зан гаргадаг, парламентынхаа тогтоол, шийдвэр, дүрмийг хэрэгжүүлэхдээ хойрго ханддаг. Энэ мэт шалтгааны улмаас Засгийн газрын гишүүдийг аль болох УИХ-ын гаднаас томилох ёстой гэсэн үзэл бодолтой байдаг.
-Та Байнгын хорооны даргын албаа өгсөн ч болно гэсэн утгатай үгийг хэлсэн байна лээ. Ингэж хэлсэн нь УИХ- аасаа эхэлж хариуцлага ярья гэсэн утгыг илэрхийлж байгаа хэрэг үү?
Ямар утгаар тэгж хэлсэн юм бэ гэвэл Байнгын хороод бол УИХ-ын бүтцийн байгууллага. Эндээс тогтоол гаргаж Засгийн газар, яамдад янз янзын үүрэг өгч байгаа. Гэтэл тэр нь хэрэгжихгүй байгаа байхгүй юу. Энэ чинь ерөөсөө Засгийн газар нь УИХ-ын дээр гарчихсан гэсэн үг. Би тэр утгаар нь хэлсэн юм. Жишээ нь, гишүүд “Төсөвтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг гаргая” гээд Байнгын хорооны тогтоол гаргаж байхад тэр нь хэрэгжихгүй л байна шүү дээ. Ийм байхад ажлын хэсэг байгуулаад яах ч юм билээ.
Зарим гишүүн Байнгын хорооны дарга нарыг бүгдийг нь сольё гэсэн санал ч хэлсэн. Үүнийг та хэрхэн хүлээж авав?
-УИХ олонх шийдээд сольё гэвэл солихоос өөр яах билээ. Энэ бол олонхын л шийдэх асуудал. Байнгын хорооны дарга нар үнэхээр шаардлага хангаж ажиллаж чадахгүй байгаа бол солих нь хэвийн л үзэгдэл. Энгийн л нэг хариуцлагын асуудал шүү дээ.
Зарим нь Байнгын хорооны даргаасаа огцрох, бүр УИХ-ын гишүүнээсээ татгалзах саналыг ч гаргаад эхэллээ.
Манай хоёр гишүүн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Р.Амаржаргал гишүүн УИХ-ын гишүүнээсээ, Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаасаа татгалзахад бэлэн гэж хэлж байна лээ. Энэ асуудалд би хувийнхаа зүгээс дүгнэлт хийхдээ үнэхээр ажил хийх нөхцөл нь хангагдаж өгөхгүй байгаа юм байна. Тиймээс л эсэргүүцлээ ийм замаар илэрхийллээ гэж ойлгосон.
Жишээ нь, Байнгын хороо ажлаа төлөвлөсөн ёсоор хийе гэхээр харьяалагдаж байгаа яам, сайд нар нь хэрэгжүүлж байгаа бодлого, ажлыг нь дэмжихгүй байгаа учраас бухимдлаа тэгж илэрхийлсэн байж болно шүү дээ.
Гэнэт л АН-ын гишүүд ар араасаа албан тушаалаасаа татгалзахаа илэрхийлээд эхэллээ. Үүний цаана ямар шалтгаан байгаа гэж та үзэж байна вэ. Магадгүй АН дотроо нэг зүгт харж чадахаа больсны илрэл юм болов уу?
Нам дотор хагаралдах гэсэн өнцгөөс нь бол би харахгүй ээ. Нөгөө талаас АН-ын гишүүд нэг хэвэнд цутгачихсан юм шиг хүмүүс биш. Миний хувьд лав улс төрийн бүлэглэл, дарга нарт баригдсан юм байхгүй. УИХ-ын чуулган дээр АН-ын гишүүд Засгийн газрын талаарх байр сууриа чөлөөтэй илэрхийлж байгаагаас үүнийг харж болно. Манай нам эрүүл байгаагийн л жишээ шүү дээ.
Шаардлагатай бол асуудалд сөрөг хүчний байр сууринаас ч хандаж болно. Түүнээс биш ямар нэгэн хагарал, фракц хоорондын тэмцэл гэж харж болохгүй. Тэгээд ч энэ чинь ирэх жилийн айл гэрийн төсвийг хэлэлцэж байна шүү дээ. Энэ үед АН, МАН гэсэн улс төрийн өнцгөөс нь биш, аль болох эрүүл өнцгөөс нь асуудалд шүүмжлэлтэй хандах нь зөв болов уу.