2013 оны төсөвт тодотгол хийх төслийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр болж байна.
2013 оны төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулж Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганд уг төслийн танилцуулгыг хийлээ. Төсөвт тодотгол хийх болсон нь гадаад болоод дотоод хүчин зүйлтэй холбоотой гэнэ. Тухайлбал, энэ оны эдийн засгийн өсөлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй буурсан, Хятадад эдийн засгийн өсөлт саарсан нь эрдэс баялгийн экспортын нийлүүлэлтэд нөлөө үзүүлсэн төдийгүй нүүрсний үнэ хамгийн доод цэгтээ тулж унасан юм байна.
Үүнийг дагаад НӨАТ, Гаалийн албан татвар, Онцгой албан татвараар төвлөрөх орлого буурсан. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор 440 тэрбум төгрөг орж ирэхгүй болж буурчээ. Тиймээс 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхдээ батлагдсан төсвөөс орлогыг 799 тэрбум төгрөгөөр, зарлагыг 814 тэрбум төгрөгөөр тус бүр бууруулж алдагдлыг ДНБ-ний хоёр хувьтай тэнцүүлсэн байна.