Ж.Батсуурь: Зардал гаргадаг дарга нарын тоо нэмэгдсээр байна
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2013.10.09/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болж, энэ талаархи илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавилаа.
Хуулийн төслүүдийн талаархи Ерөнхий сайдын илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах гэж хоёр сум бий. 2013 оны төсөвт зураг төсөл хийх мөнгө нь батлагдаад зураг төсөл нь дууссан гэж ойлгож байгаа. Энэ цахилгаан дамжуулах агаарын шугам энэ онд баригдах уу. Төсвийн төсөлд харагдахгүй байна.
Сүүлийн үед зарим зүйл харагдахгүй, олж авах гэж сандардаг болсон. Цалин тэтгэвэр тэтгэмж нэмэхэд айх шаардлага, хууль эрх зүйн үндэс бий юү. Засгийн газрын үйл ажиллагаа, мөнгөний удирдлагаас бараа бүтээгдэхүүний үнэ өртөг нэмэгдэх нь шууд шалтгаална.
Өөрийнхөө ажлын сул, доголдолтой талыг нуух гээд байна уу. Хэдэн сараас ямар хэмжээгээр нэмэх вэ. Орон тоо 2013 онд хангалттай нэмэгдсэн. Унаа унадаг, зардал гаргадаг дарга нарын орон тоо байнга нэмэгдэх юм. Энэ асуудлыг хэзээ, яаж шийдэх вэ гэсэн асуултад.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Ард иргэдэд нэмэр болдоггүй хоосон зүйл ярихаа болих хэрэгтэй. Цалин нэмэхээр төсөвлөсөн 200 тэрбум төгрөгийг хэн ч хөдөлгөхгүй.
Н.Алтанхуяг: Үүнийг ямар нэг зүйлээс айж байгаа биш, ард түмнийхээ амьжиргааг бодитоор дээшлүүлэх аргаа хайж буй хүмүүс гэж ойлго.
Манайх шиг зарлаж байгаад хоороор нь нэмдэг айл байдаггүй учраас зарлахгүй байна. Үүнийг ямар нэг зүйлээс айж байна гэж битгий бод. Ард түмнийхээ амьжиргааг бодитоор дээшлүүлэх аргаа хайж буй хүмүүс гэж ойлго.
Орон тооны нэмэгдлийн тухайд “Шинэчилж шийдье-222” уулзалтаар бүх яамны ТНБД нарыг цуглуулан байр саваа багасгах, илүү эд хогшил худалдаж авахгүй байх аргын талаар ярилцсан. Үүнийг хэтэрхий туйлшруулж болохгүй. Төрийн албан хаагчид бас ажил хийж байгаа.
Эрчим хүчний сайд М.Сономпил: Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сумын зургийн ажил хийгдсэн, энэ жилийн төсөвт бий. Ирэх жил ажлыг нь эхлүүлнэ. Жилд нь амжуулаад энэ хоёр сумыг цахилгаан эрчим хүчинд холбож өгнө гэлээ.