УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2013.10.10

Ө.Энхтүвшин: Бодлогогүй, мөрөөдлийн тооны жагсаалт байна

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2013.10.09/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болж, энэ талаархи илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавилаа.

Хуулийн төслүүдийн талаархи Ерөнхий сайдын илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Манай бүлгийн дүгнэлт бол товчхондоо олон хууль зөрчсөн баримт бичиг байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг зөрчсөн. Бодлогогүй, мөрөөдлийн тооны жагсаалтууд байгааг хэлээд байна. Цалинг эхний хагас жилд багтааж нэмэх үү. Хоёрдугаар хагас жилд багтаах уу.

Инфляцийн түвшин доогуур байна гэж ярьж, тоог гаргуулаад байгаа нь цаанаа цалин нэмэхгүй гэсэн бодлоготой холбоотой гэж бодож байна. Учир нь та нарын Засгийн газрын хөтөлбөрт инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмнэ гэсэн нэг өгүүлбэр бий.

Мөн төсөв дээрээ бодлогоо нэгтгэж чадахгүй бол та бүхнийг ямар Засгийн газар, кабинетийн зарчмаар ажиллаж байна гэж ойлгох вэ. Яагаад мөрөөдлийн тооны жагсаалт гэсэн гэхээр ноднин бас ийм байсан.

Тухайлбал, эрдэс баялгийн экспортоос 1,7 их наяд төгрөгийн орлого олно. Нүүрс гэхэд 35 сая тонныг гаргана гэж. Гэтэл энэ жил 12 саяас хэтрээгүй. Бодлогогүй байгаа нь энэ тараасан материалын хоёр хуудаснаас л харагдаж байна гэлээ.

Н.Алтанхуяг: Төрийн байгууллагууд байртай болох нь төрийн хүнд суртал, төрийн ажилтан албан хаагчдын тоо, урсгал зардал гээд бүх зүйлийг нэмэгдүүлж байгаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Засгийн газар хууль зөрчиж төсөв оруулж ирсэн зүйл байхгүй. Зарлагаа багасгахын тулд төсвийн хүрээнийхээ мэдэгдлийн хуулийг өөрчилж оруулж ирж байгаа. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 тэрбум төгрөг нэмэгдлээр тавьсан. Тэгэхээр үүнийгээ нэмж өгнө.

Хэзээ гэдгийг нь Засгийн газар шийдэх нь зүйтэй. Төрийн байгууллагууд шинээр байшин барихыг боливол яасан юм гэсэн. Бид өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх ёстой гээд өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж байгаа. Монгол улсынхаа хэрэггүй зардлыг тэвчиж, хэрэггүй барилгыг босгохгүй л гэж үзэж байна.

Төрийн байгууллагууд байртай болох нь төрийн хүнд суртал, төрийн ажилтан албан хаагчдын тоо, урсгал зардал гээд бүх зүйлийг нэмэгдүүлж байгаа. Засгийн газар хаа очиж хар хэл амнаас хол, дотроо ойлголцолтой ажиллаж байна. Харин та бүхнийг дундуур орчих вий гэж өдөр бүхэн уулзаж байгаа гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Н.Батбаяр гишүүн дээд зэргийн бодлоготой, тооцоотой баримт бичиг гэж байна. Ноднин та нар яг ингэж хэлж байгаад 2013 оны төсвийг тэр чигээр нь батлуулсан. Тэгвэл яагаад орлого 1,5 их наядаар тасарч байгаа юм. Эрдэс баялгийн борлуулалтаас олно гэсэн 1,7 их наяд төгрөгийн 50 хувь нь ч байхгүй байна.

Бодлогогүй байгаа нь энэ тараасан материалын хоёр хуудаснаас л харагдаж байна.

Энэ жил бас л ийм байгаа. Сум бүрийн хийлгэх зүйлийн жагсаалтыг хийх үү үгүй юу? Төсвийн тодотголыг дараа жилийн төсөв ярихаас дор хаяж хагас жилийн өмнө хийж байж тэндээсээ суурь авч ярьдаг гэсэн. Гэтэл энэ жил дараа жилийнхээ төсвийг ярьчихаад дараа нь энэ жилийнхээ төсвийн тодотголыг ярих гэж байна гэж нэмж тодрууллаа.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Төсөв дөрвөн хэлэлцүүлэгтэй. Анхны хэлэлцүүлэг өнөөдөр яваад залгуулан ажлын хэсэг гарч ажиллаж байх хугацаанд төсвийн тодотголоо ярья гэсэн горимоор явж байгаа.

Тиймд төсвийн тодотголоо төсөв батлахаас өмнө хэлэлцээд батална. Жагсаалтын тухайд их хуралд оруулан хөтөлбөр болгож батлуулна. Түүний дараа хэрэгжүүлэх ажил явуулна. Хийхдээ төсвөөр, төсвийн гадуур ч явуулах зүйл бий гэсэн юм.