Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах тогтоолын төслийг хэлэлцэнэ
Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал
2013.10.21

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи /2013-10-18/ нэгдсэн хуралдаанд “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-үүдийн талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын хийсэн мэдээллийг сонссоны дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал үргэлжлэв.

 УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:

“Төсөв яригдах үед аж ахуйн нэгж ч тэр, хувь хүн ч тэр, мөнгөний бодлого, төсөв ерөнхийдөө ямар байх нь вэ, хөрөнгө оруулалтын хэмжээ ямар байх вэ гэдгийг тооцоолж өөрсдийнхөө эдийн засгаа төлөвлөдөг. Манай иргэдийн эдийн засгийн боловсрол тодорхой хэмжээгээр өсч байна. Бид хуучин иргэдийн өндөр хүүтэй орон сууцны зээлийг хөнгөлж өгснөөр иргэдийн бодит орлогыг асар ихээр нэмэгдүүлж байгаа.

Одоо энэ хөрөнгө оруулалтыг залах гол чиглэл нь төсөв, мөнгөний бодлого гэж ойлгож байгаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд болзошгүй хямралаас сэргийлэхэд УИХ-аас баталсан гадаадын зах зээлээс босгох 5 тэрбум ам.долларын эрх буюу үүнээс хэрэгжүүлсэн 1.5 тэрбум ам.долларын бондын асуудал, дээр нь Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол хямралыг тодорхой хэмжээгээр саармагжуулж чадсанаар өнөөдөр бид төсвийн тодотгол, төсөв ярьж байна.

Монголбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр бол үндсэндээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн, импортын хямралаас аль болох гарахад чиглэсэн, цаашдаа валютын эрэлт хэрэгцээг бууруулахад чиглэсэн зөв зүйтэй бодлого болсон. Мөнгөний бодлого Төсвийн бодлоготойгоо уялдаа холбоотой явлаа гэж үзэж байгаа.

Хуучин УИХ-аас арилжааны банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гээд ажлын хэсэг хүртэл байгуулж байсан. Монгол банкинд 300-аас 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж үйлдвэрлэлийг дэмж гэсэн үүрэг өгсөн мөнгөний бодлого баталж байсан. Тэгвэл өнөөдөр эсрэгээрээ энэ бодлого тодорхой хэмжээнд хэрэгжээд Засгийн газар нэг төгрөгний зээл аваагүй, харин арилжааны банкаар нь дамжуулаад эрсдэлийг нь арилжааны банк үүрсэн дэмжлэгээр үндэсний үйлдвэрлэлээ сэргээж хямралыг амжилттай даван туулах том нөхцөлийг тавилаа гэж ойлгож байна.

“Өнөөдөр Монгол Улсын валютын нөөцийг ямар ямар эх үүсвэрүүд бүрдүүлж байна вэ”

Бид мөнхийн хоёр том хөрштэй. Энэ хоёр том хөршийн дундах бие даасан Монгол Улсын хувьд мөнгө, санхүүгийн бодлого ямар байх вэ гэдгийг маш сайн бодох ёстой. Улс төрийн ямар нэгэн шийдвэр гаргаж болохгүй. Тийм учраас оруулж ирсэн бодлогыг дэмжих ёстой. Өнөөдөр инфляцийг бууруулахын тулд хамгийн гол инфляцийг өдөөгч болсон гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлт дээр анхаарал тавьж байна. Энэ өсөлтийг бүгдийг нь бариад дарчих нөхцөл байхгүй. Харин ямар нэг хэмжээнд тогтворжуулж, саармагжуулж байж цаашид энэ бодлого нөлөөлнө” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

  “Өнөөдөр Монгол Улсын валютын нөөцийг ямар ямар эх үүсвэрүүд бүрдүүлж байна вэ” гэдгийг тодруулсан юм.

Түүний асуултад Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал хариулахдаа, “Нийт валютын нөөц 2.7 гэдгийг олон нийтэд мэдээлчихсэн байгаа. Харин бүтэц, задаргааны тоон мэдээлэл нууцын зэрэглэлтэй байдаг учраас хаалттай хуралдаанд мэдээлж болно” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“ Монгол банк валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд төр засгаас ямар арга хэмжээ авч энэ асуудлыг шийдэх ёстой гэж үздэг вэ. Түүнчлэн төгрөгний ханшны сулрал, гадаад валютын ханшны огцом өсөлтөөс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна вэ” гэсэн асуулт асуув.

Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал хариултдаа, “2010 он бол Монгол Улс руу валютын орох урсгал эрс нэмэгдэж байсан үе. Тэр үед валютын нөөцийг тэрбум төгрөгөөр нэмж байсан. Валютын нөөц ноднин өдийд 2.7 тэрбум ам.доллар дээр байсан. Одоо ч гэсэн энэ тоон дээр явж байгаа. Мэдээж валютын нөөцөөс зах зээлд нийлүүлж байгаа тоо маань хасагдаж тооцогддог, эсвэл зах зээлээс авч байгаа болон алт худалдан авч байгаа тэр тоогоороо валютын нөөц маань нэмэгдэж явдаг.

Валютын нөөц ноднин өдийд 2.7 тэрбум ам.доллар дээр байсан.

Монголын эдийн засаг руу орж байгаа валютын урсгал сайн байх хэрээр валютын нөөцөө М-2 буюу мөнгөний хэмжээ хэрхэн тэлэхээс хамаараад валютын нөөцийн тооцоо хийгдэж явдаг. Нийт эдийн засагт зайлшгүй хэрэгцээтэй байх ёстой валютын нөөцийн хэмжээ гэсэн тооцоолол байдаг. Түүндээ зохицсон хэмжээнд нь авч явдаг. Одоогоор Монгол Улсын валютын нөөц Монгол Улсын импортын хэрэгцээний таваас зургаан сарын хэрэгцээг хангахаар байгаа. Энийг бол хангалттай нөөц гэж үздэг.

Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд мэдээж валютын орох урсгалыг нэмэгдүүлэх буюу экспорт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Мөн гадаадын зээл байж болох юм. Гэхдээ энэ бол хамгийн сүүлчийн сонголт байх ёстой байх. Дээр нь дотоодод төгрөгөөр алт худалдаж авах процессыг нэмэгдүүлэх ёстой юм. Харин богино хугацааны хувьд уул уурхайн салбар ойрын хэдэн жилдээ монголын эдийн засагт нөлөөтэй хэвээр байх нь ойлгомжтой.

Тийм учраас уул уурхай дээр валютын орлогоо нэмэгдүүлэх, уул уурхайн экспортоо нэмэгдүүлэх, уул уурхай руу орж байгаа гадаадын хөрөнгө оруулалт дээр байгаа алдаа, гацааг арилгах, дээрээс нь гадаад нөхцөл байдал дээр ч гэсэн эерэг боломжуудыг хайж хэрэгжүүлэх нь өнөөдрийн валютын нөөц, улмаар валютын нөөцөөрөө дамжаад нийт эдийн засагт нийлүүлэгдэх төгрөгийн эх үүсвэр, түүний өртөг, хугацаанд эерэгээр нөлөөлнө” гэлээ.

 Ингээд гишүүдийн асуулт хариулт болон санал хэлж дууссаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 89,8 хувь дэмжлээ.

 Мөн хуралдаанаар “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.

 Танилцуулгатай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр тогтоолын төсөл 85,5 хувийн саналаар батлагдлаа.

 Үүний дараа “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцлээ.