Уго Чавес: Ирэх онд ядуурлын хэмжээг хоёр хувь хүртэл бууруулна
Венесуэль улсын Ерөнхийлөгч Уго Чавес.
2012.11.28

Уго Чавес: Ирэх онд ядуурлын хэмжээг хоёр хувь хүртэл бууруулна

Венесуэль улсын Ерөнхийлөгч Уго Чавес өөрийн орны ирэх зургаан жилийн хөгжлийн бодлого, эдийн засгийн өсөлт Латин Америкийн орнуудад хэрхэн нөлөөлж буй, өнгөрсөн аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонирхолтой ярилцлага “www.Latino Times“ агентлагт өгснийг хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргээд эдийн засгийн хөгжлийн бодлогоор яриагаа эхэлье. Тэгэхээр сүүлийн таван жилд Венесуэлийн иргэд одоогийн амьдарч байгаа амьдарлын түвшингөөсөө хамаагүй дээр амьдрах боломж бололцоо байсан талаар зарим эдийн засагчид тайлбарладаг. Та үүнд санал нэгтэй байна уу?

-Мэдээж би санал нэгтэй байна. Эдийн засагчид нарийвчилсан судалгааг хийсний үндсэн дээр таны хэлсэн зүйлийг гаргаж ирсэн байх. Нэг талаасаа манай улсын иргэд сайн сайхан амьдрах боломж бололцоо дээшилсээр байгаа. Нөгөө талаасаа бид газрын тосноос улсын эдийн засгийн гол ашгаа олж байгаа гэдгийг хэн, хэн нь ойлгож байгаа болов уу. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл, бүтээгдэхүүнээ бид гадны улсад борлуулдаг. Гадны эдийн засгийн чадамж, бололцоо   эрэлтийг хүлээхээс өөр арга үгүй. Гэхдээ Засгийн газраас явуулж байгаа бодлого эдийн засгийг тэлэх зорилготой гэдгийг санах ёстой. Тэр нь аль болох эдийн засаг, мөнгө эргэлдэж байгаа газарт бидний газрын тос, бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байх зарчим юм. Энэ л одоогийн байдлаар бидний анхаарлын төвд байна.

"Энэ үед л ажилгүйдэл, ядуурал гэсэн ойлголтоос салах шиг болсон. Гэвч энэ орлогын ихэнх нь зөвхөн газрын тосны салбараас бүрдэж байсан гээд бодохоор эдийн засаг нь ганц тулгууртай, нефтийн үнэ ханшаас хамааралтай байсаар байгаа нь тиймэрхүү"
-Засгийн газраас үнэт цаасны арилжаан дээр яагаад анхаарал хандуулдаггүй юм бол. Та үнэт цаасны худалдаанд ямар бодлого баримталж байгаа вэ?

-Алимны мод дулаан, усалгаа сайтай үед л ургац өгдөг биз дээ. Яг үүнтэй адил Засгийн газраас явуулж буй бодлого эхний ээлжинд иргэдэд бүрэн ойлгогдож, дараа нь иргэд түүнийг хэрэгжүүлэхэд туслах ёстой болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эх үүсвэрийг үнэт цаастай холбон ойлгож болохгүй. Үнэт цаас. Үнэт цаас нь өөрөө хэр үнэтэй байхаас шалтгаалж эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх учиртай.

-Таны өнгөрсөн 14 жилийн хугацаанд ядуурлын хэмжээ 21 хувиас долоо хүртэл буурсан гэсэн мэдээлэл сонгуулийн өмнө явж байсан. Энэ үнэн үү. Үнэхээр ядуурал одоо долоон хувьтай байгаа юу?

-Тийм. Манай улсын 43 хувь нь 15 хүртэлх насны залуучууд байдаг. Сүүлийн 14 жилийн хугацаанд манай улсын ядуурал 21-7 хүртэл буурсан нь үнэн. Энэ нь жилээс жилд эдийн засгийн чадамж сайжирсаар байгааг харуулсан нэг жишээ. Ирэх жилээс энэхүү долоон хувийг хоёр хүртэл бууруулна.

-Гадны оронд эдийн засгийн хараат байдалд Венесуэль улс багагүй удсан. Энэ бүхэн өнөөгийн чөлөөт зах зээлд хүрэхэд том хаалт болж байсан нь ойлгомжтой. Өмнө нь нефть олборлодог хэдхэн компани улсдаа хувь хүртээж байсан үе 20 жилийн өмнөхөн мэт санагдаж байна?

-Тиймээ. Үнэндээ 1976 оноос манай улсын газрын тосны салбарыг өөрийн мэдэлд авахын өмнө гадаадын Англи, АНУ-ын  компаниуд концессийн гэрээгээр эзэмшдэг байсан шүү дээ. Тэд түүхий нефть олборлож, өөрсдөө үнэ ханшийг нь тогтоодог байсан нь Венесуэль улсын хувьд багахан хэмжээний ролятийн татвар, орлогоор тэднээс хувь хүртдэг байсан. Үнэхээр өрөвдөлтэй байсан. Ядуурлын гол эх үүсвэр тэнд байсан.

Үүнийг нотлох нэг жишээ гэвэл 1917-1975 онд гадаадын газрын тосны компаниуд дор хаяаж 200 тэрбум ам.долларын ашиг олсон гэсэн судалгаа байдаг.

Харин Венесуэльд ердөө 45 тэрбум ам.доллар үлдсэн гэсэн баримт одоо ч бий.

Мөн 2002 онд манай улсын ДНБ-ий үйлдвэрлэл 131.7 тэрбум ам.долларт хүрснээр Латин Америкийн орнууд дотроо нэг хүнд ногдох дундаж орлогоороо тэргүүлж эхэлсэн. Энэ үед л ажилгүйдэл, ядуурал гэсэн ойлголтоос салах шиг болсон. Гэвч энэ орлогын ихэнх нь зөвхөн газрын тосны салбараас бүрдэж байсан гээд бодохоор эдийн засаг нь ганц тулгууртай, нефтийн үнэ ханшаас хамааралтай байсаар байгаа нь тиймэрхүү.

Жишээ нь, нефтийн борлуулалт манай улсын экспортын орлогын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Улсын орлогын 60 гаруй хувийг бүрдүүлж байна. Тиймээс үүнийг дагаад бид хөгжих, ядууралгүй, сайхан амьдралыг эхлүүлэх том боломж гэж ойлгож байгаа. Мэдээж ард түмэн надад итгэсэн учир би тэднийг төлөөж байгаа. Одоо л бидний хөгжилд гар бие оролцох мөч ирээд байна.

-Өнгөрөгч сарын 7-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд та 55.42 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Харин Э.Каприлес 44.97 хувийн санал авсан. Таныг дэмжигчид таниаас юуг хүлээж байгаа гэж бодож байна вэ. Мэдээж Ерөнхийлөгчийн бүрэн эрхт зургаан жилийн хугацаанд гэдгийг ойлгож байгаа байх?

-Ирэх зургаан жилийн бид ямар байдалтай улс орноо хөгжүүлнэ төдий чинээ ирэх 20-30 жилийг яг л тийм байдлаар туулж гарах болно. Тиймээс ард түмэн надад итгэл хүлээлгэн намайг сонгосон байх. Би ч өнгөрсөн хугацаанд итгэлийг нь алдах зүйл хийж байгаагүй. Харин ч өдий чинээ өөрийн эх орноо авч явж байгаадаа бахархдаг. Сонгуулийн хувьд Э.Каприлес тун сайн өрсөлдсөн. Түүнийг тийм сайн өрсөлдөнө гэж төсөөлөөгүй. Ямартай ч Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантостай эдийн засгийн чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Манай улсын  Ориноко нефтийн бүсээс Колумбийн Номхон далайн эрэг дээр орших Тумако боомт хүртэл 3000 километрийн урттай нефть дамжуулах хоолой барих гэрээ байгуулсан.

Манай улс Хятад руу хоногт 500 мянган баррель нефть нийлүүлдэг. Ойрын хоёр жилд нэг сая баррель болтол нь нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн Колумбтай хамтран барих тус нефть дамжуулах хоолой нь манай улсын хувьд  стратегийн томоохон ач холбогдолтой гэдгийг ард түмэн ойлгох ёстой. Зөвхөн Хятад гэлтгүй Япон гэх мэт Азийн бусад улсуудад нефть нийлүүлэх гэрээтэй гэдгээ  хэлмээр байна.

-Венесуэль улс өнгөрсөн тавдугаар сард хиймэл дагуул хөөргөсөн. Тухайн үед аравдугаар сард дахин нэг хиймэл дагуул хөөргөх талаар ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Өмнө нь бид “Ирэх аравдугаар сард хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөнө” хэмээн мэдэгдэж байсан. Манай улсын Шинжлэх ухаан, технологийн Яамны сайд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байсан удаатай. Хөөргөсөн хиймэл дагуулыг Хятадын зөөгч пуужингаар сансрын тойрог замд оруулсан. Хөөрсөн хиймэл дагуулыг “Миранда” гэж нэрлэсэн. Зориулалт нь дэлхийн гадаргыг ажиглах юм. Энэхүү хиймэл дагуул нь 140 сая орчим ам.долларын өртөгтэй. Дашрамд дуулгахад “Миранда” гэдэг нь Өмнөд Америкийг Испанийн колоничлолоос чөлөөлөхийн төлөөх тэмцлийн удирдагч Франсиско де Мирандагийн нэр гэдгийг онцолмоор байна.

-Танд баярлалаа.