Б.Гарамгайбаатар: Бид боломжоо дотооддоо алдаж байна
Ийгл телевизийн “Халуун сэдэв” тоймчийн хөтөлбөрөөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын байр суурийг онцолж байна.
Тоймч: Засгийн газрын тэргүүн БНХАУ-д айлчлал хийх үеэрээ даацтай хэд хэдэн асуудлуудыг шийдэж чадсан нь томоохон үнэлгээ авч байна. Айлчлалын хүрээнд хийсэн ажлууд, гэрээнүүд ажил хэрэг болвол цаашид монголын нүүрсний зах зээл сэргэх нь дамжиггүй. Ирэх 20 жилийн хугацаанд монголын компаниуд өөрсдөө хичээж чадвал урд хөршид нэг тэрбум тонн нүүрс экспортлох боломжтой гэж ажиглагчид дүгнэж эхэллээ.
Энэ бол монгол улс ирээдүйд төлөх өрийг яаж барагдуулах вэ гэдэг нь тодорхой буюу нүүрсний зах зээлд ямар байр суурь эзлэх вэ гэдгээс их зүйл хамаарч буй өнөө үед чухал үр дүн гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжуудын өртгийг өнөөдөр бид төлсөөр байна. 2008 оны сонгуулиар иргэдэд их хэмжээний байхгүй мөнгийг амлан, түүнийгээ өгөх гэж ихээхэн өр тавьсан.
Энэ өр өнөөдөр монгол улсын гадаадын нийт өрөнд томоохон хувийг эзэлж байгаа юм. Тэгэхээр өчигдөр алдагдсан боломжийн өртгийг өнөөдөр эргүүлж төлөхдөө бид өөрсдөөсөө хамаарах юуг анхаарах ёстой вэ гэдэг дээр дараах тайлбарыг үзүүлье.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар: Бидэнд боломж байгаа ч дотооддоо алдаад байгаа. Хий хоосон улс төржих юм уу эсвэл яамд хоорондын уялдаа, бодлого байхгүй. Зөвхөн өнөө маргаашийн аж ахуйн ажилтай зууралдсанаас болоод маш олон боломжуудыг алдаж байна.
Дэд бүтцийг бий болгох нь нэн тэргүүний шаардлага.
Түүнээс Оюутолгой, нүүрснээс болж энэ боломжууд алга боллоо гэдэг нь өрөөсгөл. Эдийн засагчид, улстөрчид, Засгийн газар энэ дээр зайлшгүй анхаарах цаг нь болсон. Дэд бүтцийг бий болгох нь нэн тэргүүний шаардлага. Манайх шиг орон дэд бүтцийг зээлээр авч л бий болгох боломжтой.
Гадна талд эдийн засгийн нөхцөл боломж сайнгүй, сул мөнгө их хэмжээгээр байгаа нөхцөлд ашиглах үедээ зайлшгүй ашиглах ёстой. Гэхдээ зөв зүйтэй ашиглахгүйгээр хагас дутуу бодлогогүй, тооцоо судалгаагүй хийвэл хүндрэл учрах нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Энэ бол нууж хаагаад байх зүйл биш гэлээ.