УИХ нь Засгийн газартай хариуцлага ярьчихдаг байх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар муу ажилласнаас үүдэн эдийн засаг хүнд байдалд орж, гадаадын хөрөнгө оруулалт буурч байна гэж үзэх боллоо. Харин таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар маш олон зүйлийг шинэчлэх хэрэгтэй байна. Тухайлбал, төрийн албан хаагчдын цомхотгох хэрэгтэй. Төрийн албан хаагч баялаг бүтээдэггүй, үйлчилгээ үзүүлдэг хүмүүс. Өнөөдөр манай улсад 160 мянган албан хаагч байгаа. Тэгэхээр нийт хүний амын ажлын чадвартай 800 мянга орчим хүмүүсийн гуравны нэг нь төрийн албан хаагч байна гэдэг нь хуучин нийгмийн сүм хийдэд шавилан орж байсан үетэй адилтай.
Иймд төрийн албыг 20-30 хувиар цомхотгохгүй бол баялаг бүтээх салбарт ажиллах хүнгүй боллоо. Улсын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 40 дээш хувийг эзэлж байна. Бондыг нийлүүлбэл социализм байгуулж байгаа юм шиг болчихоод байна. Гэтэл ямар нийгэм рүү зорьж байгаа билээ гэдгээ бодох ёстой. Төрийн өмчийг хувьчлах хэрэгтэй. Төр өөр дээрээ байгаа хэрэгтэй хэрэггүй ачаанаасаа салах цаг болсон. Социализмыг цогцлоон бүтээх гээд 70 жил яваад бүтээгүй. Ийм маягаар манай улс хөгжихгүй. Хэрвээ энэ байдлаар цааш үргэлжилвэл хүмүүсийг бэлчлэх сэтгэлгээнд сургадаг нийгэм рүү шилжих болно.
-Үүнтэй холбогдуулан энэхүү алдаа дутагдалд хариуцлага үүрэх эзэнгүй болчихлоо гэж ярьж байна. Таны хувьд эдгээр алдаанд хэн хариуцлага үүрэх ёстой вэ?
-Энэ олон яам агентлаг, сайд нарын хэрэг байгаа ч юм уу бүү мэд. 18 биш 10 яам нь бодлогоо тодорхойлоод бизнес руу оролцолгүйгээр явах ёстой. Энэ тал дээр буруу зөрүү зүйл байна гэж харж байна. Эдийн засгийн хүнд үед энэ байдлаа засч, зах зээлийн нийгэм рүү шилжих ёстой гэж. Халамжийн тогтолцоог халж, залуучуудын боловсролд анхаарах хэрэгтэй. Ирэх оны төсөв энэ салбар луу чиглэх болов уу гэтэл чиглэсэнгүй.
2014 оны төсөв өмнөх жилүүдтэй адил татуу төсөв болсон. Төсвийн орлого тэрбумаа дутсан, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэрэгт хариуцлага хүлээх ёстой. УИХ нь Засгийн газартай хариуцлага ярьчихдаг байх хэрэгтэй. Тийм чадавх нь байхгүй байна уу гэж бодохоор байна. Үндсэн хуулинд заасан чиг үүргийнхээ дагуу ажлаа хиймээр байна. Сайд нар нь хариуцлагаа хүлээгээд ажлаа өгдөг. УИХ нь ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнээр нь хийлгэдэг. Тийм л тогтолцоонд шилжмээр байгаа юм. Удахгүй ийм болох байх гэж найдаж байна.
-Энэхүү яриа гарсан даруйд дараагийн Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Магадлал өндөртэй эрхмээр ҮХАА-н сайд Х.Баттулга тодроод байгаа. Нэг тойргоос сонгогдсон таны хувьд Ерөнхий сайд хийх боломжтой гэж үзэж байна уу?
-Хүмүүс янз бүрээр ярьж байна. Ярьж хэлэх эрх нь нээлттэй. Х.Баттулгын сайд бид хоёрын хувьд үзэл бодол, санаа зорилготой нэгтэй, гар нийлэн ажиллаж байгаа. Харин энэ талаар бол мэдсэн зүйл алга. Гэхдээ Ерөнхий сайд хийх чадалтай хүн гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас л ийм яриа гарч байгаа байх.
-УИХ-ын гишүүдэд тойрогтоо зарцуулахаар нэг тэрбумыг олгодог байсан. Таныг үүнийг сэргээхээр хуулийн төсөл санаачлан ажиллаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Энэ ташаа мэдээлэл. Тойрогтоо гишүүдийн төлөөлөн ажиллаж байгаа нь тойроггүй гишүүдээс арай өөр байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнтэй андуурсан байсан.
-Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг ахлан ажиллаж байгаа. Энэхүү хуулийн төслийн ажил ямар шатандаа явж байна вэ?
-Хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг удахгүй шийднэ. Хуулийн төсөл дээр ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэхүү хуулийн зорилго нь манай улсаас гарч байгаа бүхий л алтыг нэгт цэгт төвлөрүүлэн, худалдааг нь ил тод болгоход оршиж байгаа юм. Өмнө нь манай улсын алт далд эдийн засгийн байдлаар гарч байсан. Энэ байдлыг зогсоох юм.