Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцлээ
Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдийн жагсаалт гарлаа
Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөц бүрдүүлэх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
2014 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Үүнд, “НИК”, “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Монпетэкс”, “Жаст ойл”, “Ойн бирж” зэрэг 13 аж ахуйн нэгж багтжээ.
Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2013 онд аж ахуйн нэгжүүд гэрээний дагуу нийт дүнгээр 70200 тн-оос доошгүй хэмжээнд барьж байгаа бөгөөд ирэх 2014 онд 80480 тн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Нөөц бүрдүүлэх ажлыг ирэх оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгалаа.
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг АХБ-тай хамтарч хэрэгжүүлнэ
Манай улсын нийт хүн амын 1,3 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр зургаан хувиар өссөн байна. Шилжилт хөдөлгөөний хэт өсөлт, гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа ч гэр хорооллыг хөгжүүлэх хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хангалтгүй явж ирсэн.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр зургаан хувиар өссөн байна.
Эдгээр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банктай хамтарч 10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд зөвшөөрч, уг гэрээг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Хэлэлцээрийн хүрээнд АХБ-аас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.
Хөтөлбөрийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Гудамж” төсөл болон бусад бодлогын баримт бичгийн зорилтуудад үндэслэн боловсруулсан байна.