2013.10.31

Орон нутаг өөрсдөө орлогоо олж зарцуулдаг байх ёстой

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлогын төслийг хэлэлцэх байсан ч хойшлогдлоо. Үүнтэй холбоотойгоор 2014 оны төсвийн хэлэлцүүлэг ч яригдсангүй.

Орон нутагт төсвийн эрх мэдлийг нь бүрэн олгож, Сангийн яамнаас тараан хуваарилдаг байдлыг зогсоох саналыг мөнгөний бодлого, төсвийн төсөлтэй уялдуулахыг зарим гишүүн Байнгын хорооны даргаас шаардлаа.

Нэгдсэн төсвийн орлогын 70 гаруй хувь, зарлагын 60 шахам нь тус тус улсын төсөв төвлөрч байгаагаас үзэхэд засаглалын эрх мэдлийг орон нутагт түлхүү шилжүүлэх болон төсвийн харилцааг боловсронгуй болгох зорилтуудын хооронд нилээд зөрүү байна.

Нэг гарын үсгээр асар их хэмжээний мөнгө шийддэг асуудал цаанаа авилгал хээл хахууль дагуулах эрсдэлтэй.

2011 оны гүйцэтгэлээр 11 аймаг 29 тэрбум 439,9 сая төгрөгийн татаас улсын төсвөөс авч алдагдлаа нөхжээ. Төр орон нутгийн удирдлагуудыг залхуу байлгах энэ бодлогоо баримтлаад байвал 1990 оны сумын төв яг одоо хэвээрээ байгаа байдал үргэлжилнэ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: 1990 оноос хойш ярьж буй зүйл бол орон нутагт эрх мэдлийг нь өгөх асуудал бий. Бүх асуудлыг төвд шийддэг.

Тэгээд нэг яам агентлаг, нэг сайдын тэр тусмаа эдийн засгийн өсөлт өндөр байгаа үед нэг гарын үсгээр асар их хэмжээний мөнгө шийддэг асуудал цаанаа авилгал хээл хахууль дагуулах эрсдэл, аюултай байдаг гэлээ.