УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.10.25

Д.Оюунхорол: Засгийн газар ажлаа хариуцлагагүй хийсэн

УИХ-ын чуулганы /2013.10.24/-ний нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Бид зураг төсөв хийгдээгүй объектуудын тухай ярьдаг. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд гээд. Шаардлагатай байгаа энэ объектуудыг төрийн байгууллагууд өөрсдөө төсөв, хөрөнгө мөнгө гаргаад, зураг төсвөө хийлгэж чаддаггүй. Энэ асуудлыг цэгцэлж шийдэхийн тулд УИХ-ын 60 дугаар тогтоолын дагуу зураг төсөв хийдэг ажлыг төр өөрөө хийх ёстой биш үү.

Хэн дуртай хүнээр нь хийлгэчихээд төсөв, хөрөнгө мөнгө илүү дутуу байгаа тухай ярьж буй нь зарчимгүй асуудал. Цаашид Засгийн газар юм уу УИХ-ын дэргэд судалгааны төв байгуулаад үнэ, зураг төсвөө хийлгээд нэг зураг төсвийн байдлаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд төрийн байгууллагуудын санхүүжилтийг шийдвэрлэх санал байна. УИХ Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй.

Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтаа 70 хувиар тасалж, ажлаа хариуцлагагүй хийсэн байхад Засгийн газрыг өмөөрөөд УИХ-ын гишүүд тойрог руугаа мөнгө татах гэж янз бүрийн зүйл ярьж байна. Г.Уянга гишүүний хэлсэн “Олон жилийн УИХ-ын алдаа дутагдал” гэж ярьсныг би хүлээж авахгүй. Миний дүү энэ зүйлийг зөв ойлгож унш.

Миний дүү энэ зүйлийг зөв ойлгож унш.

Чиний сонгогдсон Чингэлтэй дүүрэгт олон хүүхэд сурагчийн ширээнд гурвуулаа сууж, олон хүүхэд цэцэрлэггүй байгаа байх. Тэр тойргоос сонгогдсон гишүүний хувьд аль хэсэгт нь сургууль, цэцэрлэг бариулах асуудлыг шийдвэрлүүлж болдог юм бол гээд бид нараас асууж, туршлага судлаад, төсвийн хөрөнгө оруулалтад оруулах ажлыг хийх хэрэгтэй.

Түүнээс биш Засгийн газрын төсвийн хуулийг хэрэгжүүлээгүй асуудлыг УИХ-ын гишүүд өмөөрч, хамгаалж ярих нь зохимжгүй. УИХ бол Засгийн газарт хяналт тавих, төсвийн хуулийг зөрчиж байгаатай нь хариуцлага тооцож ярих ёстой субъект. Төсвийг хэлэлцэхэд ямар нэгэн байдлаар хэн нэгэн улстөрч улстөржих шаардлагагүй.

Ц.Даваасүрэн: Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд ижил загвараар барьж болох объектуудын хувьд улс өөрийн стандартыг гаргаж зураг төсвийг хийх хэрэгтэй.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Зураг төсвийг хувийн төсөвчин, хувийн компаниудаар хийлгээд барилгын хөгжлийн агентлаг дээр хянаж, экспертиз хийдэг.

Төсөв зохиож байгаа дээр нь төрийн хяналтыг илүү болгох шаардлага бий. Бид сургуулиудын төсвийг батлаад байгаа юм шиг мөртлөө үнэн хэрэгтээ сургуулиудын төсвийг зураг төсвийн компаниуд аль хэдийн биднээс өмнө баталсан.

Энэ асуудлыг эргэж харж анхаарах ёстой. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд ижил загвараар барьж болох объектуудын хувьд улс өөрийн стандартыг гаргаж зураг төсвийг хийх хэрэгтэй.