Төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэжээ
2012.11.06

Төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэжээ

Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг уншиж танилцуулав.

Тэрээр, чуулганы хуралдаанаар уг төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсвийн орлого, зарлагын үзүүлэлт болон хөрөнгө орлогын хавсралтад суулган зохих тооцооллыг хийсэн тухай мэдэгдээд, зарим орлого, тухайлбал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан тул төсвийн орлого талд тусгагдсан гаалийн албан татварын 3.0 тэрбум төгрөг, импортын барааны НӨАТ-ын 6.3 тэрбум төгрөг буюу нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос бууруулж тооцсон.

Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өөрчлөн найруулж байгаатай холбогдуулан багш нарын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 10.4 тэрбум төгрөг, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, урамшуулал олгох” журамд нэмэлт, өөрчлөлт оруулж нэмэгдэл болон урамшууллыг давхардуулан олгохгүй байхаар тооцоход 16.3 тэрбум төгрөг, Боловсролын салбарын багш нарт олгодог хөдөө орон нутгийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 2.5 тэрбум төгрөг, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад шаардагдах иргэний бүртгэлийн болон хамгаалалтын зардалд 3.2 тэрбум төгрөгийг нэмэх болон бусад саналын дагуу өөрчлөлтүүдийг тусгажээ.

Ийнхүү дээрх өөрчлөлтүүдийг тусгахад Нэгдсэн төсвийн урсгал зардал 35.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 2.7 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 37.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч Нэгдсэн төсвийн нийт зарлага 4.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна. Энэ нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн тусгай шаардлагуудыг хангахаар байна гэв.

Танилцуулгын дараа бэлтгэгдсэн төсөлтэй холбогдуулан асуулт болон санал гараагүй тул санал хурааж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр ирэх пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.