2013.10.31

Ч.Улаан: Тэвчиж болох зардлуудыг хамгийн доод төвшингөөр танасан

Ирэх оны төсвөөс шинээр баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлгийг барилгын санхүүжилтийг хассаныг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын болоод Засгийн газрын гишүүдэд уриалга хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Улаанаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх оны төсвөөс шинээр эхлэх сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилгыг санхүүжилтийг яагаад хассан бэ?

-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ онд гүйцэтгэл нь дутуу хийгдсэн объектуудыг гүйцээж барихаар тусгасан байгаа. Зарим шинээр эхлэх сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн объектийг хассан. Түүнээс биш бүгдийг нь хассан гэсэн ойлголт байхгүй.

-Хасагдсан объектуудын мөнгөн дүн нь хэд вэ?

-Ирэх оны төсвөөс танана гэдэг ойлголт нь ямар төсөв баталснаас болно. Бид тэвчиж болох зардлуудыг хамгийн доод төвшингөөр танасан.  Ирэх оны хувьд найман болж болох байсныг зургаагаар оруулж, зардлаа хязгаарлаж, хэмнэлт гаргах боломжийг тооцсон.

-Энэ оны төсвийн тодотголоор хичнээн сургууль, цэцэрлэгийн барилга хасагдсан бол?

-Үнийн дүнгээр нь хэлэхэд 425.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт энэ оноос танагдсан.