Нийгмийн даатгалын санд 320 тэрбум төгрөг төсөвлөжээ
Төсвийн шинэтгэлийн бодлогын хүрээнд төсвийн мэдээлэл нь олон нийтэд ил тод байх ёстой. Үүний дагуу салбар яамдын төсвийн тухай мэдээллийг цувралаар хүргэх; байгаа билээ. Энэ удаад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн төсвийн багцыг танилцуулж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь хүн амын хөгжил болоод нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэн бүрийн нийгмийн баталгааг дээшлүүлэх, хүний хөгжлийг хангахад чухал үүрэгтэй ажилладаг.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь ирэх оны төсвийн багцаа энэ оны батлагдсан төсөвт барьж байгаа гэнэ. Тус яам нь энэ онд улсын төсвөөр нийт 402 тэрбум гаруй төгрөгийг батлуулжээ. Харин 2014 оны УИХ-д өргөн барьсан төсвийн төсөлд 444 тэрбум гаруй төгрөг болгох өөрчлөлтийг тусгасан аж. Урсгал зардлын хувьд энэ оны байдлаар нийт 387 тэрбум төгрөг байсан.
Үүнийг 2014 оны төсвийн төсөлд 414 тэрбум төгрөг болгон нэмж, төсвийн төсөлд тусгажээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын энэ оны төсвийн багц болоод ирэх оны төсвийн багцыг аймаг тус бүрээр нь хоёр оны байдлаар харьцуулахад өөрчлөлт ороогүй аж. Харин Нийгмийн даатгалын сан, хөрөнгө оруулалт, их засварт өөрчлөлт оруулахаар 2014 оны төсвийн төсөлд тусгажээ.
Тухайлбал энэ онд нийгмийн даатгалын санд нийт 244 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөж, үүнийг ирэх оны төсвийн багцын төсөлд 320 тэрбум төгрөг болгон тусгаж, 26 тэрбум'төгрөгөөр нэмсэн байна. Үүнээс гадна ХАХНХЯ-ны хөрөнгө оруулалт, их засварт энэ онд нийт 15 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан нь 2014 оны төсвийн төсөлд 30 тэрбум төгрөг болсон аж. Тодруулбал ирэх онд тус яам хөрөнгө оруулалт, их засварын төсвийн төслөө 15 тэрбум төгрөгөөр нэмж тусгаад буй гэнэ.
Нөгөөтэйгүүр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны урсгал зардал нь тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэсэн таван сангаас гардаг байна.
Тухайлбал тэтгэврийн даатгалын санг төсвийн багцад энэ онд Нийгмийн даатгалын сангаас 813 тэрбум сая төгрөг төсөвлөсөн бол 2014 949 тэрбум гаруй төгрөгийн төсөв тусгажээ. Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд энэ онд Нийгмийн даатгалын сангаас 131 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн бол ирэх төсвийн багцад 189 тэрбум гаруй төгрөг болгон нэмж тусгажээ.