Хувийн хэвшлийн төлөөллүүд нэгдэж, төрөөс хамтран ажиллах дэмжлэг хүслээ
Улаанбаатар хот 2013.10.23
Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөлийн (ХХДҮЗ) санаачилгаар Монголын Бизнесийн Зөвлөл, CEO Club болон бизнес эрхлэгчдийн томоохон төлөөллүүд өнөөдөр анх удаа төр хувийн хэвшлийн эдийн засаг дахь тэнцвэртэй оролцооны тухай нэгдсэн хэлэлцүүлгийг өрнүүлж, Засгийн Газарт өргөн барих хамтын санал, зөвлөмжийг боловсрууллаа.
Энэхүү нэгдсэн хэлэлцүүлгээр Монголын хувийн хэвшил эдийн засагтаа илүү их баялаг бүтээх хүсэл эрмэлзлэлийн дагуу хөгжингүй орнуудын жишгээр Засгийн Газартайгаа албан ёсны, ил тод хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж ажиллах саналыг дэвшүүлж байгаа юм. Түүнчлэн хувийн хэвшлийн хөгжилд төрийн оролцооны хэм хэмжээг зохистой төвшинд байлгах, Монголын хувийн хэвшлийнхний санал санаачлага, дуу хоолойг төр засгийн байгууллагад хүргэх замаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тогтмолжуулахад хувийн хэвшлийн төлөөллүүд цаашид идэвхи санаачлага гарган ажиллах болсноо мэдэгдлээ.
ХХДҮЗ-ийн Удирдах Зөвлөлийн Дарга Да.Ганболд тус хурлын үеэр хэлсэн үгэндээ “Хувийн хэвшлийн зөвлөлүүд болон мэргэжлийн холбоодууд өнгөрсөн хугацаанд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нэгтгэх олон удаагийн уулзалтыг явуулж ирсний үр дүнд бид анх удаа нэгдсэн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ бүхэн нь хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжил дэх оролцоо, идэвхитэй байр суурийг бэхжүүлэхэд чиглэж байна.” хэмээн онцлон дурдсан юм.
Хувийн хэвшил болон түүнийг дэмжигч байгууллагууд хамтдаа дараахи 3 чиглэлээр төр хувийн түншлэлийг хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.
Чиглэл 1.Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх
Чиглэл 2.Хувийн хэвшлийн хөгжлийг татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих
Чиглэл 3.Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, төрийн хүнд суртлыг багасгах
Түүнчлэн, хэлэлцүүлгээр төрөөс зөвхөн эрдэс баялагийн салбарт дунд болон урт хугацааны бодлого боловсруулж, хэрэгжүүлээд зогсохгүй эдийн засгийн өсөлтийг хурдасгах аялал жуулчлал, эрчим хүч, агаарын тээвэр, дэд бүтцийн салбаруудад мөн адил урт хугацааны бодлого боловсруулахад хувийн хэвшлийн зүгээс хамтран оролцох хүсэл зорилготой байгаагаа илэрхийлэв.
Монгол улсын өмнөх засгийн газруудын баталсан хувийн хэвшлийг хөгжлийг дэмжих олон журам тогтоолууд байдгийн нэг жишээ нь 2011 оны 2-р сарын 9-нд батлагдсан Хувийн Хэвшлийг Хөгжлийн Дэмжих Үндэсний Стратегийг батлах тухай Монгол Улсын Засгийн Газрын 36-р тогтоол байдаг.
Энэхүү 2016 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжихээр батлагдсан журмыг өнөөгийн засгийн газар ажил хэрэг болгож, хувийн хэвшилтэй хамтран ажиллах зөвлөлөө яаралтай байгуулж, эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотойгоор үүсээд буй ачааллыг төр хувийн хэвшилтэйгээ хамтран үүрэлцэх саналыг бизнесийн төлөөлөгчид дэвшүүлж байсан юм.