Монголын дотоод аудиторуудын институтын захирал Л.Отгонбаяр
2013.11.06

Л.Отгонбаяр: Анх удаа иргэдийн хяналт төрийн байгуулагад суух гэж байна

МҮОНТВ-ийн “Ярилцъя” хөтөлбөрийн зочноор Монголын дотоод аудиторуудын институтын захирал Л.Отгонбаяр оролцлоо.

-Хөрөнгө оруулалтын тоо хэмжээ нэмэгдээд, бүтээн байгуулалтын ажил улс орон даяар аймаг сүм бүрт өрнөж байхад түүний үр ашигтай зарцуулалтад тавих хяналт шалгалт орхигдоод байна гэсэн зүйл хэвлэлээр гарч байсан. Энэ тал дээр?

-Хөрөнгө мөнгөний асуудал дээр нь орон нутгийг хөгжүүлэх санд маш их хэмжээний мөнгө төвлөрч, хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Энэ хөрөнгө оруулалтуудыг суманд нь оршин сууж буй иргэд өөрсдөө хянадаг тогтолцоог хуульчилсан. 2011 онд батлагдсан төсвийн тухай хуульд нэг шинэ зүйл заалт орсон. Тэр нь хуулийн 69 дүгээр зүйлд, “Төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүр дэргэдээ дотоод аудитор авч ажиллуулна” гэж бий.

Аудитыг бид зөвхөн санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналт гэж ойлгодог. Дотоод аудит бол тухайн байгууллагад байгаа эрсдэлтэй бүх зүйлд аудит хийдэг. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн 69 дүгээр зүйлийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүрийн дэргэд дотоод аудитын нэгж, дотоод аудитор ажиллаж байх ёстой.

Гэтэл өнөөдөр хэрэгжилт хангалтгүй байна. Дотоод аудитын тогтолцоог хуульчилах шаардлага нь төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутагт төсвийн мөнгийг нь өгье, хүмүүс хийх юмандаа мөнгөө зарцуулаад тэнд нь байгаа хүмүүс нь хяналтаа тавиг гэдэг ойлголт, зарчим бий.

Энэ зарчмын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарт мөнгийг нь өгвөл байнгын хяналтыг нь хэн тавих вэ гэдэг асуудал тулгардаг. Байнгын хяналтыг гадаад аудиторууд үргэлж тавьж чадахгүй. Гадаад аудитор гэдэгт үндэсний аудитын газар, Сангийн яам, Монголбанк, Мэргэжлийн хяналт, Татвар гээд гадаад аудиторын төрөл олон бий.

Төсвийн хариуцлага, хяналт, хэрэгжилт шат шатандаа байхын тулд төсвийн ерөнхийлөн захирагч нарын дэргэд дотоод аудиторууд ажиллаж байх ёстой.

Харин байгууллага дотор нь байдаг дотоод аудитын тогтолцоог 20 жил хийгээгүй байж байгаад 2011 оноос хуульчлан энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нар гэдэгт өөрийнхөө төсвийг ерөнхийд нь захиран зарцуулж буй бүх субъектүүд, сайд нар, бүх шатны засаг дарга нар бүх шатны иргэдийн хурлын дарга нар орно.

Хамгийн гол нь мөнгөө зарцуулах эрхийг нь өгсөний хамтаар тавих хяналтынх нь бүтцийг бас өгсөн. Гэтэл мөнгө зарцуулах эрхийг нь авч зарцуулчихаад, хяналт зарцуулах бүтцийг нь хэлэхээр ойлгохгүй, мэдэхгүй, мэдээлэлгүй, цоо шинэ зүйл байна гэсэн байдлаар асуудалд хандаж байна.

Тиймд төсвийн хариуцлага, хяналт, хэрэгжилт шат шатандаа байхын тулд төсвийн ерөнхийлөн захирагч нарын дэргэд дотоод аудиторууд ажиллаж байвал ажил цэгцэрч, замбараатай болно. Сумын засаг дарга нарын дэргэд есөн хүний бүрэлдэхүүнтэй аудитын хороо байгуулагдах ёстой. Есөн хүний гурав нь хараат бус гишүүд байна. Ингээд анх удаа иргэдийн хяналт төрийн байгуулагад суух гэж байгаа.   

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...