Л.Отгонбаяр: Аудитын хороо байгуулахад хойрго байна
Монголын Удирдлагын нягтлан бодогчдын институтийн тэргүүн Л.Отгонбаяр
2013.11.05

Л.Отгонбаяр: Аудитын хороо байгуулахад хойрго байна

Монголын дотоод аудиторуудын институт, “Бизкон Аудит” ХХК, Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт хамтран “Дотоод аудитын шинэчлэлийн чуулган-2013” хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Энэ  хүрээнд Монголын Удирдлагын нягтлан бодогчдын институтийн тэргүүн  Л.Отгонбаяртай ярилцлаа.

-Төсвийн тухай хуулиар төсөв ерөнхийлөн захирагч нарт захиран зарцуулах эрхийг нь өгсөн. Харин хуулийн хэрэгжүүлэлтийн шатанд дотоод, гадаад аудит, хяналт ямар байна вэ?

-Төсвийн тухай хуулиар төсөв ерөнхийлөн захирагч нарт эрхийг нь өгсний зэрэгцээ  сум, орон нутгийн иргэдээс хяналтын бүтэц байгуулах эрхийг нь  давхар олгосон. Тэр нь аудитын хороо. Төсөв ерөнхийлөн захирагч нэг бүрийн дэргэд Аудитын хороо байгуулахыг Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаалаар шийдвэрлэсэн.

Төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүрийн дэргэд есөн хүний бүрэлдэхүүнтэй  Дотоод аудитын хороо байх ёстой гэж хуульчилсан юм. Төсвийн ерөнхийлөн  захирагч гэдэг нь аймаг, сум, дүүргийн засаг дарга, яамдын сайд нарыг хэлж байгаа шүү дээ. Тэдний дэргэд  миний хэлээд байгаа дотоод аудитын хороо байна гэдэг санаа  хуульд тусгагдсан боловч огт хэрэгжихгүй байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарт  хөрөнгө мөнгөө захиран  зарцуулах эрх нь байхад  аудитын хороогоо байгуулж, хуулиа  хэрэгжүүлэхгүй байгаа юм л даа. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн заалт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй явж байна. Хэрэгжиж байгаа нь маш цөөхөн, хангалтгүй.

Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар, нийгмийн даатгал, хувийн аудит бүгд гадаад аудит хийдэг.

Хэрэв энэ чигээрээ явбал ирэх жил гэхэд төсвийн хууль, Засгийн газрын тогтоолоо хэрэгжүүлээгүй  төсвийн ерөнхийлөн  захирагчдыг ажлаас нь чөлөөлөх нөхцөл байдал үүснэ. Аливаа хяналтын тогтолцоо буюу аудитыг дотор нь гадаад, дотоод гэж  хоёр хуваадаг.

Гэтэл манайд өнгөрсөн 20 жил зөвхөн гадаад аудитыг л хийж ирсэн. Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар, нийгмийн даатгал, хувийн аудит бүгд гадаад аудит хийдэг. Гаднаас л ирж шалгах юм шиг бодоод байдгаас дотор нь байгаа тухайлбал,  сумын иргэд  хяналт тавих тогтолцоог орхигдуулж ирсэн. 

-Яагаад хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байна вэ. Хуулийг хэрэгжүүлэх, хяналт бий болгох чиглэлээр ямар ажил хийвэл үр дүнд хүрэх бол?

-Төсвийн ерөнхийлөн  захирагч нарт  Дотоод аудиторын хороо байгуулах талаар сургалт  зохион байгуулах гээд хүн нэг бүрт захиа бичнэ, ирдэггүй. Асуудлаа мэдээд  байгаа юмуу гэхээр хэрэгжүүлэхгүй юм. Ийм л зовлонтой байдал үүсчихээд байна.

Тэгэхээр нь сургалтанд суух дургүй юм байна гэж бидний зүгээс оношлоод  “Дотоод аудит хяналтын  шинэчлэл форум”-ыг  арваннэгдүгээр сарын 7-нд “Чингис” зочид буудалд зохион байгуулахаар боллоо. Форумаар  төсвийн нийт ерөнхийлөн  захирагч нар, төсвийн  шууд захирагч нар, менежерүүд, тухайн байгууллагын нэг, хоёрдугаар гарын үсэг  зурах эрхтэй удирдах албан тушаалтнуудыг цуглуулна. 

Компанийн тухай хуульд хувьцаат  компани,  төрийн өмчит компани заавал  хараат бус гишүүд бүхий ТУЗ-тэй байх, ТУЗ нь Дотоод аудитын хороогоо байгуулах тухай заасан. Тиймээс хувьцаат, төрийн өмчит компанийн захирал, ТУЗ-ийн гишүүд мөн энэ форумд хамрагдана.

Төр, хувийн хэвшлийнхний төлөөлөл дотоод аудиторын хяналттай холбоотой илтгэл тавьж, холбоотой бүх асуултад нэг мөр хариулт өгч, нэг ойлголтод хүрэхийг  зорьж байна. Ингээд форумаас  гарсан зөвлөмжийг холбогдох хүмүүст нь ажлаа сайжруулах чиглэл өгөх юм. Форумд ирээгүй хүмүүс  хариуцлага ярих дараагийн шатанд “Бидэнд мэдээлэл өгөөгүй” гэж хэлэх боломжгүй  гэдгийг хэлмээр байна.

-Өнгөрсөн хугацаанд аймаг, дүүрэгт төсвийн зарцуулалт хяналтгүй явж ирснээс засаг дарга нар гэмт хэрэгт холбогдох байдал олонтаа гарсан гэж ойлгож болох уу?

-Төсөвт тавих хяналтын нэг хэсэг болох Аудитын хороо, дотоод аудитыг  орхигдуулж ирсэн. 20 жил байхгүй байсан  зүйлээ хуульчлаад, төсвөө захиран зарцуулах эрхийг нь улам нэмэгдүүлээд өглөө. Тэр хүмүүс улсын  төсвийг их баяртайгаар хувийн компани шигээ зарцуулчихаж байна. Энэ нь муугаар яривал төсөв ерөнхийлөн захирагч нар гэмт хэрэгтэн болох, сайнаар яривал албан тушаалаа өгөх хангалттай үндэслэл юм.

Хариуцлага яривал бүх аймаг, сумын Засаг даргаас эхлээд салбарын сайд нар дээр асуудал үүснэ. Төсвийн мөнгийг  хяналтгүй дураарай зарцуулаад байвал санхүүгийн луйвар, төсвийн мөнгө завшсан  зэрэг гэмт хэрэгт холбогдоно. Ийм учраас л төсвийн хяналтанд  иргэдийн оролцоог бий болгох хуулиа хэрэгжүүлээч, мэддэг чаддаг хүмүүсээс нь мэдээллээ олж аваачээ  гээд байгаа юм.

УИХ шийддэг, Засгийн газар, Сангийн сайд ойлгодог. Харамсалтай нь хэрэгжүүлэх доод  шатнаас яамдын төрийн нарийн бичгийн дарга,  газар хэлтэс, аймаг,дүүрэг, сумын засаг дарга нар дээр  ирээд  гацчихдаг, тэд хэрэгжүүлэхгүй байна.

-2014 оноос төсвийн ерөнхийлөн захирагч нарт төсвийн мөнгийг  захиран зарцуулах эрх нь бүр илүү нээгдэж байгаа. Ийм байдлаараа яваад байвал төсвийн зарцуулалтад итгэхэд бэрх болох юм байна?

-2013 оноос Сум, аймаг,  дүүрэг хөгжүүлэх сан-аар их хэмжээний мөнгө очоод эхэлчихсэн шүү дээ. Үүнд хяналт тавих дотоод аудитын хяналтын тогтолцоо алга.  Гадаад аудитын хяналтыг бол жилийн дараа ирэхээр нь аргалчихна гээд л сууж байгаа шүү дээ. Өдөр тутмын хяналтаа хийх Дотоод аудитын хяналтаа хийгээгүй   хэрнээ төсвөө  захиран зарцуулаад байна гэдэг нь Төсвийн хуулиа дутуу ойлгосон гэдгийг харуулж байна.

Уг нь хуулийнхаа заалтыг хэрэгжүүлээд явчихвал нөгөө авлигагүй,  хяналттай,  хариуцлагатай  байх,  төсвийн алдагдал багасах, үр ашиггүй зардал хэмнэх  зэрэг эерэг нөлөөтэй. Тэгэхээр дараа жил төсвийн ерөнхийлөн захирагч нарт “Сургалтанд суугаач, форумд оролцооч гэж олон удаа албан бичиг явуулсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай цацсан” сонсоогүй бол хохи нь гэж л хэлэхээс аргагүй болох байх. Одоо зохион байгуулах форумд  идэвхитэй оролцоно гэж найдаж л байна.