- Нийгэмд байгаа бүх талуудын харилцааг тэнцвэртэй зохицуулахын тулд хууль батладаг. Гэтэл албан журмын даатгал нь машинтай хүн бүрийг заавал даатгуул, үгүй бол торгууль, хуулиар далайлган жолооч бүрийн хармаанаас албадан хураамж авч байна. За ингэж болдог юм байна. Гэхдээ энгийнээр тооцоолж үзвэл машин эзэмшигч бүр даатгалд хамрагдаад хураамжаа төлөхөөр 1 жилд 30 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг. Үүнээс даатгалын тохиолдлоор 50 орчим хувь нь зарцуулагддаг. Цаана нь үлдэж байгаа 50% буюу 15 орчим тэрбум төгрөг албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа 15 компаниудад ашиг болж үлдэж байгаа юм. Ойролцоогоор 1 компани 1 тэрбум орчим төгрөгийн ашигтай үлдэх нь. Үүний оронд энэ мөнгийг ард иргэдийнхээ халаасанд нь үлдээж өдөр тутам гарч байгаа хэрэглээнд нь зарцуулж байвал дээр санагдаад байгаа юм.
Даатгалын компаниуд жолооч нарыг энэ албан журмын даатгалд хамруулж хураамжийг нь авах болохоороо маш хурдтай, зүгээр л дохь би залгая гэж сурталчилгаа хийж, хураамжийг нь авчихаад яг даатгалаа хэрэглэх тохиолдол гарах үед түмэн бэрхшээл тоочиж, ирэхээрээ Тээврийн цагдаа дуудах ёстой, бичиг тодорхойлолт авчирч өг гээд аль болох даатгалын нөхөн төлбөрийг өгөхгүй байх гэж хичээдэг. Гэтэл тухайн жолооч 5 оноо хасуулж, Зөрчлийн хуулийн дагуу 100,000 төгрөгөөр торгуулиад, өөрөө даатгалтай ч өөрийнхөө хохирол биш өрөөлийн хохиролыг л нөхөн төлбөрөөрөө барагдуулж байгаа нь шударга бус байна.
Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийж байгаа байх гэж бодож байна. Харин бодлогын хувьд чадахгүй байна гэж харж байна. Ямар бодлого вэ гэхээр Санхүүгийн зохицуулах хороо даатгалын компаниудын засаглал, хяналтыг маш хүчтэй шаардаж байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ нь төрийн зохицуулалт. Бүх даатгалын компани 9-өөс доошгүй хүнтэй төлөөлөн удирдах зөвлөлтэй байхыг шаардах, хуульд байхгүй бол оруулахыг шаардах ёстой. Яагаад ингэх ёстой вэ? гэхээр албан журмын даатгалын хураамж авч байгаа даатгалын компаниуд олон нийтийн компани болчихоод байна. Хууль гаргаад, олон түмнээс албадан хураамж аваад, тэр мөнгө нь даатгалын компанид ашиг болон очиж байгаа учраас тухай даатгалын компани хувийн компани бус олон нийтийн компани болж байгаа юм. Нийтийн компани маш сайн засаглалтай байх ёстой. Олон нийт болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагад маш хүчтэй хяналт тавьж, шахаж, шаарддаг байх ёстой юм. Тиймээс үүнийг хуульд оруулж, СЗХ хяналт тавих хэрэгтэй. Төлөөлөн удирдах зөвлөл нь дотроо хараат бус гишүүдтэй, аудитын хороог бий болгож, хараат бус дотоод аудиторуудыг ажилуулдаг болгох ёстой. Санхүүгийн зохицуулах хороо албан журмын даатгалын хүрээнд хийх ёстой ажлаа хийж байх шиг байна. Гэхдээ хангалтгүй. Даатгалын компаниудад бодлогын шаардлага муу тавьж байна гэж би боддог.
Өнөөдөр даатгалын компаниуд даатгалын тохиолдол гаргах бүрт нөхөн төлбөрийг өгөхгүй, ашгаа авч үлдэх гэж шалтаг, шалтгаан гаргаж, элдэв бичиг сэлт нэхдэг. Тэдгээрийг нь бүрдүүлж чаддаг нь ч бий, чадахгүй хохироод үлдэх нь ч бий. Хөдөө хээр явж байгаад осолд ороод амь нас хутганы ирэн дээр байгаа хүн цагдаа, даатгалаа дуудаад хэзээ ирэхийг нь хүлээгээд хэвтэж байх уу? Амь нас эрүүл мэндээ л бодно. Дараа нь нөхөн төлбөр хөөцөлдөх боломжгүй, тухайн үеийн цагдаагийн дүгнэлт, хохиролын үнэлгээ хийгдээгүй гэх мэтээр шалтаглан нөхөн төлбөр олгодоггүй. Тэд ашгаа авч үлдэх сонирхолтой байдаг. Ийм байдалтай байгааг санхүүгийн зохицуулах хороо мэдсээр байж, даатгалын компаниуддаа хяналтаа хангалттай тавьдаггүй. Шахаж шаардахгүй дураар нь дургиулаад л байгаад байна. Жолоочийн даатгалын тухай хуульд ч энэ нь тодорхойгүй байна.
Хууль гараад, хүн бүрийн халааснаас мөнгө авчихаж байгаа учраас энэ асуудал ард түмэнд хамаатай болно. Цаад углуургаараа ард түмэнд хамаатай буюу бидний төлөөлөл болсон төрд хамаатай асуудал болж байгаа юм. Энэ утгаараа Санхүүгийн зохицуулах хороонд энэ асуудал хамааралтай болж байгаа юм. Өөрийн төлөөллөөрөө дамжуулаад тухай даатгалын компанид ямар үйл ажиллагаа явагдаж, ард түмнээс авсан хураамжийн мөнгө хаанаа юунд хэрхэн зарцуулагдаж байгааг харж хяналтаа тавих энэ үүргээ биелүүлж чадахгүй байна.
Одоо даатгалын компаниудын санхүүгийн тайлан болон орлого зарлага дээр дүн шинжилгээ хийж байгаад Жолоочийн даатгалын тухай хуулиа эргэн харах, өөрчлөх цаг нь болсон байна. Гэхдээ цаг үетэйгээ нийцүүлж алдаа гарч, иргэдийг хохироогоод байгаа шалтгаан нөхцөлийг хаасан заалтууд оруулахын тулд мэргэжлийн байгууллага, судлаачдыг оролцуулах, мөн даатгуулагч иргэдийн төлөөллийг оруулж ирж байж энэ хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөхцөл байдлаа мэдэхгүй яамны хүмүүс төслийг нь боловсруулаад, эрх ашгийн зөрчилтэй улс төрчид нь батлаад л өөрчилчихлөө гэвэл байдал яг хэвээрээ л байна уу гэхээс дээрдэхгүй. Тиймээс даатгал хийлгэдэг иргэдийн төлөөлөл гол үүрэгтэй оролцох ёстой.