Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа.
2013.11.07

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Д.Дэмбэрэл, байнгын хорооны дарга Ц.Цолмон нар үг хэлсэн юм.

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Харин гишүүн Д.Дэмбэрэл нийслэлийн Багахангай дүүрэг дэх аврах гал унтраах ангийн барилгын төсөв 500 сая төгрөг дээр энэ оны төсвийн тодотголоор хасагдсан 750 сая төгрөгийг нэмж нэг тэрбум 200 сая төгрөг болгох, гишүүн Р.Бурмаа Берлин дэх Монгол Улсын Элчин сайдын яамны барилгын хоёрдугаар давхрын хөрөнгийн үлдэгдэл 550 сая төгрөг, гишүүн Ё.Отгонбаяр нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цэргийн албан хаагчдын 63 айлын орон сууцны барилгын үлдэгдэл хөрөнгийг улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад нэмж тусгах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн гишүүн З.Энхболд Завхан аймгийн Улиастай суманд байрлах 325 дугаар ангийн 24 айлын албан тушаалын орон сууцыг шинээр барихад шаардлагатай нэг тэрбум 200 сая төгрөгийг ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр барих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь байнгын хорооноос дэмжлэг авлаа.

Байнгын хороо хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.