С.Одонтуяа: Уул уурхайн салбар үхэх үү, сэхэх үү гэдгийг шийднэ
УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.
-УИХ 2014 оны төсвийг батлахад цөөхөн хоног үлдлээ. Төсвийн ерөнхий төрх нь таны сэтгэлд нийцэж байгаа юу?
-Төсвийг харж байхад өмнө нь олон жил явж ирсэн, нөгөө л хуучин үзэл баримтлалаараа орж ирж байна л даа. Орлогоо бүрдүүлэхдээ ч, зарлагаа төлөвлөхдөө ч бахь байдгаараа орж ирсэн. Хараад байхад бидний олон жил ярьсан чөлөөт зах зээл гэдэг ойлголт төсвөөс алга болсон бололтой. Эргээд төвлөрсөн эдийн засгийн тогтолцоо руугаа орж байна гэвэл хилсдэхгүй.
Тийм учраас би төсөвт маш том реформ хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Жишээ нь, төсвийн орлогын 90 орчим хувийг нь татвар төлөгчдөөс бүрдүүлж байна лээ. Яах вэ төсвийн ихэнх орлого нь татвараас бүрддэг Скандинавын орнууд гэх мэт улсууд бий л дээ. Гэхдээ тэд манайхаас өөр.
Бүрдүүлсэн төсвөө эргээд иргэддээ зориулдаг. Ер нь бол эдгээр орон нийгмийн халамж сайтай улсууд шүү дээ. Бараг л XXI зууны социализмыг бүрдүүлж байгаа улсууд гэдэг. Тиймээс иргэд нь төр засгаа шүүмжилдэггүй. Харин манай улсад бол төсвийнхөө орлогын 90 хувийг татвараар бүрдүүлчихээд эргээд иргэдийнхээ амьжиргаа, нийтлэг эрх ашгийн төлөө зарцуулахын оронд төрийн нүсэр аппаратыг санхүүжүүлэхэд зориулдаг.
Зүгээр л механикаар цуглуулсан орлогыг хувааж байгаа асуудал. Зүй нь төсвийн орлого яагаад буурав, зарлага яагаад өсөв гэдгийг тооцож, орлогоо өсгөх тал дээр ажиллах ёстой. Гэтэл ингэж бодсон, санасан юмгүй зүгээр л олсноо хуваах зарчмаар явж байгаад би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг.
-Төсвийн орлого бүрдүүлэлтээс гадна зарлага талдаа төрийн менежмент муу байна гэдэг шүү дээ.
2013 оны төсөв
-Өмнө нь төсвийн зарлага хөрөнгө оруулалт замбараагүй явж ирсэн. Зураг төсөлгүй юм оруулж ирдэг. Эсвэл гурван тэрбумын төсөвтэй ажил байлаа гэхэд эхлээд 500 саяыг нь төсөвт тусгаад оруулаад ирдэг. Хүн харахад бага юм шиг боловч дараа жил нь эхэлснээ дуусгана гээд дахиж мөнгө авдаг. Нөгөөх нь жил жилээр зардал нь өсөөд байдаг буруу жишиг тогтсон.
Үүнийг цэгцлэхийн тулд бид төсөвт өртөг нь нэмэгдсэн барилга, объектуудад аудитын шалгалт оруулсан юм. Үргэлжлүүлээд төсвийг гэрээгээр ажиллуулж объект нэг бүрээр нь шалгана. Энэ барилгын төсөв яагаад нэмэгдэв гэдгийг тодорхой болгоно. Аудитын хийсэн шалгалтаар бол 14 шалтгаанаар төсөвт өртөг нь нэмэгдсэн гэж үзэж байгаа юм билээ.
Үүнд барилгын материалын үнэ өссөн, норм норматив өөрчлөгдөж байсан, сайд нар төсөв тооцох аргачлалаа өөрчилж байсан гээд бодит шалтгаанууд олон байгаа. Дээр нь, бодит бус өсөлтүүд ч бий. Жишээлбэл тухайн объект дээр тендер зарлаад барилгын зургаа тодорхойлсон байхад сайд нь “Энэ зураг төсөл чинь надад таалагдахгүй байна. Амрах өрөө нэмж хийж өг” гэдэг ч юм уу, элдэв юм нэмэгдсээр байгаад энгийн нэг барилга байсан нь люкс, классик загварын барилга болж хувирдаг байх жишээтэй.
Үүн дээр улс төрийн хүчнүүд тоглолт хийгээд АН бүтээн байгуулалтын ажлыг төсвөөс хасах гэж байна гээд синсаацлаад байх хэрэггүй. Бид ард түмний мөнгийг үр ашигтай зарцуулах гэж л ингэж ажиллаж байна. Одоо л арга хэмжээ авахгүй дараа гээд хойшлуулаад байвал төсвийн үрэлгэн байдал алга болохгүй. Бага багаар урагшилж байх хэрэгтэй. Сая л гэхэд бид сургууль, цэцэрлэг, эмнэлэг рүү мөнгө зориулахын тулд яамдын автомашины хэрэглээг нэлээд хаслаа.
-Та төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн ажлын хэсгийг ахалж байгаа. Байнгын хороонд хэзээ танилцуулах вэ?
-УИХ-ын даргын захирамжаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого дээр ажлын хэсэг байгуулсан. Миний хувьд уул уурхайн бизнес гэх юм уу, ардаа сонирхлын зөрчилгүй болохоор ажлын хэсгийг ахалж ажиллахад хардах сэрдэх зүйлгүй нэг талаар амар байна. Нөгөө талаас өнөөдрийг хүртэл энэ салбар бодлогогүй явж ирсэн нь хүндрэл учруулж байна.
Гэвч өнөөдрийг хүртэл буюу 7-8 жил болоход бодлого нь орж ирсэнгүй.
Энэ салбарт асар их тулгамдсан асуудал байна. Бүр гацаанд орчихсон гэвэл ононо. Уг нь УИХ-аас 2006 онд Засгийн газарт бодлогын баримт бичгийг нь оруулж ир гэсэн үүрэг өгсөн юм билээ. Гэвч өнөөдрийг хүртэл буюу 7-8 жил болоход бодлого нь орж ирсэнгүй. Гишүүд ч хэлдэг “энэ бол хэн ч барьж авч чаддаггүй, галтай сэдэв” учраас өнөөдрийг хүртэл бодлогогүй явж ирсэн гэж Тийм учраас амаргүй байна.
Гэхдээ манай ажлын хэсэг маш олон хүнээс, эрдэмтэд, иргэний нийгэм гээд санал авч болох бүхнээс саналыг нь авч ажиллаж байгаа. Ирсэн саналуудыг нэгтгээд олонхоороо шийдсэн асуудлаа удахгүй Байнгын хороонд тавина.
-Та ер нь энэ салбарын гол асуудал нь юундаа байна гэж үзэв. Ажлын хэсгээс бодлогын томоохон өөрчлөлт орж ирэх болов уу?
-Юун түрүүнд уул уурхайн салбарт үүсээд байгаа тогтворгүй байдлыг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал байна. Жишээ нь, сонгууль дөхөөд ирэхээр нэг УИХ-ын гишүүн цээжээ дэлдэж очоод хууль санаачилдаг. Түүнийг бусад нь баталчихдаг. Гэтэл нөгөө хууль нь ямар ч мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтгүй, судалгаагүй байхаас гадна төр нь олон тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөх асуудалд оруулдаг.
Ингээд л асуудлыг гацаагаад байдаг юм. Тийм учраас хууль батлахаасаа өмнө төр, иргэний нийгэм, иргэд, эрдэмтэн мэргэд гээд бүх талууд Бодлогын зөвлөл дээрээ ярьж байгаад асуудлаа шийддэг болъё гэсэн санааг оруулж өгч байгаа. Мөн энэ салбарт төрийн оролцоо ямар байхыг нь тодорхой зааж өгч байгаа.
Өөрөөр хэлбэл, төр өөрийн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд л ажилладаг болно. Тэр нь бүртгэлээ хийнэ, нөхөн сэргээлт, хяналт тавих, татвараа цуглуулах гэх мэт гол зүйлдээ л анхаарна гэсэн үг. Түүнээс биш төр нь бизнесийн үйл ажиллагаанд оролцдог одоогийн тогтолцоог буруу гэж үзэж байгаа.
-Уул уурхайн салбарт мөрддөг стандартуудыг яах вэ?
-Олон жил Эрдэс баялгийн салбарт баримталж байсан стандарт, дүрэм журмыг дэлхийн жишигт нийцүүлье, олон улсын стандарт руу шилжүүлье гэсэн байр суурьтай байгаа. Одоо бол Эрдэс баялгийн зөвлөлийнхөн гээд нөөцийг нь үзээд баталгаа гаргадаггүй субъект ажиллаж байгаа шүү дээ. Жишээ нь, үүнийг өөрчилж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн шинжээчдээр баталгаа гаргуулдаг стандартад шилжиж болно.
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичигт гар аргаар алт олборлогчид буюу “нинжа” нарын асуудлыг яаж зохицуулахаар тусгасан бэ?
-’’Нинжа”-г бид “хувиараа ашигт малтмал олборлогч иргэд” гэж нэрлээд байгаа шүү дээ. Энэ нь дотроо хоёр янз байдаг юм билээ. Нэгдүгээрт, хувиараа ашигт малтмал олборлож байгаа хэрнээ хууль дүрмийг нь биелүүлээд ажиллаж байгаа хүмүүс. Тэд бол хэд хэдээрээ нийлээд нөхөрлөл бий болгож орон нутгаасаа зөвшөөрөл авч ажиллаж байгаа хүмүүс. Хоёрдугаарт, хууль бус, ямар ч зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байгаа хүмүүс байдаг.
Бид энэ асуудлаар зарчмын хоёр өгүүлбэрийг бодлогын баримт бичигтээ оруулж өгсөн. Нэгд, хууль бус гэдэг үг ганц эрдэс баялгийн салбарт ч гэлтгүй Монгол Улсын хэмжээнд байж болохгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж гээд хэн ч бай бүгд хуулийн дагуу ажилладаг болно. Ингэхээр хууль бусаар ашигт малтмал олборлоно гэсэн асуудал байхгүй болно.
Хоёрт, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг шууд хаана, бооно гэсэн асуудал байхгүй. Тэд мэдээж гарцаагүй байдалд ороод л өрх гэрээ тэжээх гэж ингэж яваа. Энэ асуудлыг зохицуулахаар сүүлийн жилүүдэд маш олон хууль, журам гаргасан. Зохицуулах гэж олон жил ч үзсэн. Тиймээс бид одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн орчныг нь илүү боловсронгуй болгохыг тусгасан. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөж байгаа хууль, тогтоомжийн юу нь болохгүй байна гэдгийг засч сайжруулахаар ажиллана.
-Магадгүй компаниудын лобби, АН-ын бүлгийн гишүүдийн байр суурь, сөрөг хүчин гээд олон бэрхшээл гарч ирэх байх. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Би ажлын хэсгийн ахлагчийн хувьд сөрөг хүчнийхэндээ ч, өөрсдөдөө ч хэлсэн. Олонх, цөөнх, иргэний нийгэм, эрдэмтэн мэргэд гээд бүх хүнээс саналыг нь авъя. Хөрөнгө оруулагч, компаниудаас ч саналыг нь авъя. Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн зарчим нь төр, хөрөнгө оруулагч, иргэний тэнцвэртэй оролцоо, тэгш эрхийг хангах. Ингэж чадвал уул уурхайн салбар тогтвортой хөгжинө.
Түүнээс биш аль нэгийг нь бага, нөгөөг нь давамгай болгосноор зөв тогтолцоо бүрдэхгүй. Үүнийг тэнцвэртэй хангах бодлогоо хамтарч боловсруулъя. Энэ асуудал дээр улстөржихөө больё гэж хэлсэн. Үүнийг манай гишүүд бүгд зөвшөөрсөн. Тэрнээс гадна УИХ дахь намын бүлэг болгон дээр тусдаа ажлын хэсэг гарч ажиллаж байгаа шүү дээ.
Намын бүлгүүд дотроо ажиллаад МАН л гэхэд найман хуудас, “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн 11 хуудас санал ирүүлсэн байгаа. Ажлын хэсэг эндээс авахыг нь аваад, орхихыг нь орхиод л явж байгаа. Ер нь бол ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ асуудал дээр улстөржихгүй байхыг бусдадаа уриалж байгаа. Ингэхээс ч аргагүй болоод байна. Товчхондоо манай уул уурхайн салбар үхэх үү, сэхэх үү гэдийг одоо л шийдэх болчихоод байна.