Санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо / 2013.11.06 /
2013.11.07

Санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо / 2013.11.06 /  үдээс хойш хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо / 2013.11.06 /

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, М.Зоригт, Х.Болорчулуун, Ц.Дашдорж, Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ нар  асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл 2014 онд байгаль орчин, ногоон хөгжилд хичнээн төгрөгийн төсөв, хөрөнгө оруулалт төсөвлөж байгаа тухай тодруулахад Эдийн засгийн хөгжлийн яамны Нэгдсэн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгын дагуу  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын төсвийн багцын хөрөнгө оруулалтын зардлыг 8,5 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнд хөрөнгийн зардал, их засвар, тоног төхөөрөмж багтаж байгаа гэсэн хариулт өглөө.

Харин УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр энэ онд хэдэн тонн улаанбуудай дутагдалтай байгаа, гаднаас хичнээн тонн улаанбуудай авахаар тооцоо гарч байгаа зэргийг тодрууллаа. Үүнд  ҮХАА-н дэд сайд Ц.Туваан энэ онд 320 мянган тонн улаан буудайн хэрэгцээ гурилын үйлдвэрүүдэд бий, үүний 40-50 мянган тонныг импортоор авах шаардлага гарч байгаа гэсэн хариулт өгөв.

2014 оны төсвийн төслийн нийт зарлага ба цэвэр зээлийг 177,2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн

Гишүүн Б.Бат-Эрдэнэ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны төсвийн төслийн нийт зарлага ба цэвэр зээлийг 177,2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2013 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад 36,7 хувь буюу 102,6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна гэсэн байна. Энэ ямар учраас буурсан бэ гэдгийг тодрууллаа.

Үүнд ҮХАА-н дэд сайд Ц.Туваан хөдөө аж ахуйн салбарын нийт төсвийг 390 тэрбум төгрөг, үүний 226,8 тэрбум төгрөг урсгал зардалд, 163,1 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтад гэж төсөвлөн Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлсэн байгаа. Гэвч төсвийн бүрдүүлэлт хүндрэлтэй байгаатай холбогдуулан 2014 оны нийт төсвийг 179,9 тэрбум төгрөгөөр батлахаар УИХ-д оруулж байгаа гэлээ.

Ингээд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад тус байнгын хорооны гишүүдийн олонх  дэмжсэн юм. Дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо