Ц.Даваасүрэн:Мөнгөнд найдаж,ард түмнээ басамжилдаг хүмүүст ч хатуу хууль болсон
2011.12.19

Ц.Даваасүрэн:Мөнгөнд найдаж,ард түмнээ басамжилдаг хүмүүст ч хатуу хууль болсон

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй шинээр батлагдсан Сонгуулийн хууль болон 2012 оны төсвийн талаар ярилцлаа
-Саяхан батлагдсан 2012 оны төсвийн асуудлаар ярилцлагаа эхэлье. Мэргэжлийн хүний хувьд энэ төсөвт ямар дүгнэлт өгч байна?

-Магтья гэвэл урьд өмнө байгаагүй том төсөв. 2000 оны төсөвтэй харьцуулахад 16 дахин, хөрөнгө оруулалт гэхэд бараг 30 дахин өсчээ. Харин сүүлийн жилүүдэд эдийн засаг, төсөв маань хурдацтай өсөж байгаа ч нөгөө ядуурал нь буурахгүй бүр өссөн байх юм. 2008 онд ядуурлын төвшин 35.8 хувь байсан бол 2010 онд 38 хувь, 2011 онд 39 хувь болж өссөн байна. Үүнээс уул уурхайгаас бий болсон орлогоо бид зөв менежментээр зарцуулахгүй байна гэж дүгнэж болох юм. Нөгөө ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтарсны маань үр дүн гарсангүй. Шүүмжлэх талаас нь харвал нэгдсэн бодлого, төлөвлөлт дээр суурилсан төсөв биш л дээ. Өөрөөр хэлбэл, төсөв маань урьдын адил эрээвэр, хураавар саналуудын цуглуулга хэвээрээ л байна. Харин одоо эцсийн хэлэлцүүлгийн шатандаа яваа Төсвийн шинэ хуулиар Хөгжил, төлөвлөлтийн яам байгуулж, түүний боловсруулсан бодлого, төлөвлөлтөд суурилсан төсөв боловсруулж байхаар хуульчилж байгаа. Ингэснээр төсвийн төлөвлөлтөд ахиц гарах байх.

-Хууль гарснаар сайжрах болов уу. УИХ-аар баталсан Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдлээ дагасангүй, тэс өөр төсөв батлагдлаа гээд ярьдаг биз дээ?

-Бодит амьдралаас харахад хуулийг дээдлэх ёс суртахуун байхгүй бол ямар ч сайн хууль байгаад үр дүн гардаггүй юм байна. Өөрсдийнхөөрөө тайлбарлачихна, огт мөрдөхгүй орхисон ч хэн нэгэн хариуцлага хүлээхгүй. Тиймээс өөрийн чинь хэлж байгаа хүндрэл дараа дараагийн төсөв дээр гарахыг үгүйсгэхгүй байна. Хуулиа дээдэлдэг ёс зүйтэй Их хурлыг ард түмэн сонгуулиар байгуулж чадвал ийм яриа гарахгүй болох байх. Харин асуудлыг хөндөх нь бид хоёрын үүрэг юм.

-Төсвийн зарлага хэт өсөж, иргэдийн гар дээр бэлэн мөнгө их хуваарилагдах учраас инфляци өснө гэж Монголбанк сануулж байгаа. Таны бодлоор?

-Төсвийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газар, Төв банк хоёр өөр өөр байр суурьтай байна гэж ойлгогдохоор тайлбар хийгдсэн л дээ. Энэ чинь бас л өмнө ярьсан нэгдсэн, бодлого төлөвлөлт байхгүйг харуулаад байгаа юм. Инфляцийн хувьд, би хоёр зүйл дээр илүү анхаарах ёстой гэж бодож байгаа. Нэн тэргүүнд импортын барааны тээвэрлэлтийн хүчин чадал, хурдцыг нэмэгдүүлэх ёстой. Хөрөнгө оруулалт өнгөрсөн жилээс хоёр дахин нэмэгдэнэ гэдэг маань үндсэндээ импортыг тэр хэмжээгээр өсгөнө. За тэгээд цалин, тэтгэврийн өсөлтөөр импортын нэмэлт хэрэглээ бий болно гээд бодохоор тээвэрлэлт, нийлүүлэлтийн асуудал гарах нь тодорхой юм. Тиймээс энэ чиглэлд шуурхай арга хэмжээ авахгүй бол хүндрэл үүсэх байх. Мөн дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдээ татвар, зээлийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд ажиллагсдынхаа цалинг өсгөх гээд барааныхаа үнийг нэмэхэд хүрнэ. Иймэрхүү асуудлуудыг анхаараад зөв шийдээд явбал инфляцийг хяналтад байлгаж болох биз дээ.

-Та ядуурлын төвшин өссөн учраас хамтарч Засгийн газраа байгуулсны үр дүн гарсангүй гэж байна. Харин Засгийн газар сайн ажилласан, үр дүн гарсан гэдэг биз дээ?

-Асуудлыг янз бүрийн өнцгөөс харж, дүгнэж болох. Би хувь хүн талаасаа биш иргэдийн төлөөллийн хувьд тэдний саналыг илэрхийлж байна. Иргэд маань эх орноо хишгийн 21000 төгрөг, атрын аян, зам харгуйгаа сайжруулж байгаа, бүтээн байгуулалт нэмэгдсэн гээд сайшааж байгаа зүйл байна. Харин тэдний ихэнхийн амьдрал дээшлэх бус дордож байгаад сэтгэл хангалуун бус байна. Мөнгөтэй байсан уу гэвэл байсан.

Тэртээ 2000 онтой харьцуулахад эдийн засаг маань 15 дахин томорч.

Энэ мөнгө хаашаа урссан бэ гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ дээ. Судалгаа харж байхад хүн амын маань дөрөв хүрэхгүй хувийн амьдрал харин хэдэн арав, зуу дахин өссөн байна. Харин хүн амын маань 40 орчим хувь болох 960 мянган хүний амьдрал дээшлэх биш дордсон байх юм. Аль ч улс орны Засгийн газрын ажлын нэг гол үзүүлэлт бол ядуурлын төвшин ямар байна гэдэг шалгуур байдаг. Тэр агуулгаар л хамтарсан зорилго маань бүтэлгүйтлээ гэж хэлж байна л даа. Тэгэхээр баялгаас бий болсон орлого маань яагаад нийгмийн хэт цөөнх рүү урсаад байнаа гэдгийг анхаарах ёстой. Уг нь хариуцлагатай төр байсан бол юунаас болов, яаж шийдвэрлэх үү гээд тархиа гашилгах байсан болов уу. Гэтэл манайд түүнийг судалж, дүгнэлт өгдөг бүтэц нь ч алга, ач холбогдол өгч, асуудал болгож ярьж байгаа ч зүйл алга. Уулзалт, арга хэмжээ, хурал цуглаан дээр "амжилттай байна" гээд алга нижигнүүлээд байдаг. Харин "болохгүй байнаа" гэчихвэл улс төр хийлээ гэх аястай. Нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн нь ад үзэгддэг, эрх мэдэлтэн, бүлэглэлийн сонирхлыг уг дуугүй дагасан нь сайшаагдах жишээтэй.

-Эдийн засаг өсөж, иргэддээ хувь хишиг тараагаад байхад яагаад ядуурал нэмэгдчихэв. Таны бодлоор?

-Өнгөрсөн хугацаанд борооны дусал шиг бэлэн мөнгө тараасан нь ард иргэдийн маань амьдралд наалдсангүй, харин ч юмны үнэ өсгөж тэдний амьдралыг улам ядууруулсан юм шиг байна. Тодруулбал, бэлэн мөнгө өгснөөр иргэдийн маань орлого нь нэмэгдсэн ч үнийн өсөлтөө гүйцэхгүй, бодит худалдан авах чадвар нь сайжирсангүй. Ажилгүй, орлогогүй иргэдийн хувьд амьдрал нь улам доройтож айл өрх, бүлгээрээ ядуурч байх шиг. Ер нь бол ажлын байр бий болгож урт удаан хугацаанд иргэдийгээ орлоготой болгох бодлогыг төр хэрэгжүүлээгүй нь гол алдаа болсон байх. Жишээ нь, 800 тэрбум төгрөг бэлнээр тараасан гэдэг чинь дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй 200 үйлдвэрийг идчихсэн гэсэн хэрэг шүү дээ. Ийм хөрөнгөөр олон зуун ажлын байртай, том том үйлдвэр бий болгох байсан даа.

-Та чинь УИХ-ын гишүүн хүн, яагаад үүнийгээ бодлого болгож хийхгүй байнавэ?

-УИХ бол олонхоороо өөрөөр хэлбэл, 39-өөс доошгүй гишүүд оролцож асуудлыг олонхи нь дэмжсэн тохиолдолд бодлого, шийдвэр болж хэрэгждэг. Тэгэхээр над шиг ингэж төсөөлж байгаа нь олонхи болсон тохиолдолд бодлого болно шүү дээ. Түүнээс биш маньтай адилхан бодолтой цөөнхийн хэлсэн бүхнийг Засгийн газар хэрэгжүүлэхгүй гэдэг нь тодорхой. Харин хэлж, ярьсны буруу гэж байхгүй гэж би хувьдаа боддог, Ер нь бүгд л улс орноо хөгжүүлье гэж ярьдаг л даа. Харин гол ялгаа нь зорилго, арга барил хоёрт байх шиг. Ялангуяа, ямар бодол үнэн голоосоо сэтгэлдээ тээж явна гэдгээс л эцсийн үр дүн илүү хамаарч байгаа болов уу. Нийгэм, иргэдийнхээ эрх ашиг гэхээр шоу хэлбэрээр хандаад, бизнесийн бодлогоо түлхүү явуулах гэж бүлгэрхээд, өөрсдийнхөө төлөө хувиа хичээгээд байвал иргэдийн маань амьдрал сайжрахгүй. Сүүлийн үед төрийг бизнесийн бодлогоо хэрэгжүүлэх арга зам гэж хандаад байгаа нь аюултай зүйл. Хэдэн төгрөгтэй болохоороо гишүүн болно гээд гүйлдчихэж байгаа нь үүний тод жишээ юм.

-Хамтарсан Засгийн газрыг муу ажилласан гэж шүүмжилснийхээ төлөө та хариуцлага хүлээх юм биш биз?

-Надад итгэл үзүүлж, төлөөллөөрөө сонгож УИХ-д илгээсэн нутгийнхан, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө дуугарна. Тэдний надад өгсөн эрхийг хэн ч хязгаарлах ёсгүй. Нутгийнхныхаа итгэлийг хөсөрдүүлж,хулмалзаж явснаас тэднийхээ төлөө яваад шийтгүүлсэн нь дээр шүү.

-Оюуголгойгоор асуудал үүсгэж, Ерөнхий сайдаа огцруулах асуудал тавьсан МАН-ын дөрвөн гишүүнийг нэр дэвшүүлэх эрх нь хасагдсан,шулуудчихсан  хүмүүс  гээд  гойчлоод байгаа?

-Тэр ч намын удирдлагын зүгээс гарсан яриа биш ээ. Бид дөрөв чинь дор хаяж хэн хэн нь хорин мянган хүн, нийтдээ наян мянган хүний санал буюу нийт сонгуульд оролцогч иргэдийн 10 хувийн саналыг араасаа чирчих тэнхэлтэй хүмүүс байх шүү. Ийм санал чинь сонгуулийн үр дүнд нөлөөлнө биз дээ. Тэгээд ч сонгууль гэдэг чинь тэгж хоорондоо үзэлцэж, өрсөлдөгчдөдөө хялбар ялалт байгуулах боломж өгдөг зүйл биш.

Мөн МАН бол цагаа тулахаар ганц нэг хүний бодлоор ч явчихдаг улс төрийн хүчин биш нийгмийн төлөөллөөс бүрддэг нам гэж би боддог.

Харин хэд хэдэн сонирхол яваад байх шиг. Ялангуяа, Оюутолгойн асуудал яригдахаар нойргүй хонодог хүмүүсийн хүсэл бол биднийг сонгуулиар байхгүй болгох. Мөн зарим нэг гишүүн болох хүсэлтэй, уул уурхайгаас гэнэт хөрөнгөжсөн нөхдийг дагуулж, сурталчилж гишүүн болгоод аймгийн даргаараа дахин үлдчих юмсан гэсэн мөнгөнд итгэл тээсэн хүмүүсийн хол явахгүй явган яриа болов уу. Ард түмнээ мөнгөнд явчихна гэж тооцоолж, басамжилж болохгүй. Ард иргэдийнхээ итгэлийг хүлээж чадахгүй, тэднийг залхааж байгаа аймгийн Засаг даргыг Даваасүрэн дэмжихгүй гэдгийг тэд сайн мэдэж байгаа.

-Та тойрогтоо нэр дэвших үү?

-Дэвшинэ. Сонгогчдоосоо асууна. Тэд маань чи дахин бидний итгэлийг хүлээж, төлөөл гэвэл би зүтгэх үүрэгтэй. Нутгийнхан маань намайг энэ өндөрлөгт хүргэсэн учраас би тэдэнд өртэй, эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэй хүн.

-Жил бүр төсөв яригдахад гишүүд тойргийн сонирхлоо илэрхийлж, нэг тэрбум төгрөг авлаа гэдэг яриа гардаг, Та ямар асуудлууд шийдвэрлүүлсэнбэ, таны сонгуулийн амлалтууд хэр хэрэгжсэн бэ?

-Баг, хорооны иргэдийн зүгээс тавьдаг зайлшгүй  шийдвэрлэх  шаардлагатай хөрөнгийн хувьд тийм ч их өндөр биш асуудлыг  төсөвт   тусгахаар   гишүүдийн хөрөнгө гэсэн тодотгол хийгдээд байгаа хэрэг л дээ. Жишээ нь миний хувьд аймгийн  төвийн   гэр   хорооллын   айл   өрхүүдэд худгаас шууд усны шугам татаж оруулах ажлыг үргэлжлүүлэх, хөдөөгийн багуудад бага оврын трактор,  сүү боловсруулах тоног   төхөөрөмж   нийлүүлэх,   сумдын төвд   эрүүл   мэндийн   шинжилгээ   хийж анализатор нийлүүлэх гэсэн асуудлуудыг  төсөвт    тусгасан.    Аймгийн    хөгжлийн дэмжих томоохон хөрөнгө  оруулалтаа дурьдвал   аймгийн   төвд   шинэ   эмнэлэг бариулах, Дулааны станцыг ашиглалтад оруулах, дулааны шугам болон цэвэр бохир усны шугамыг өргөтгөх, аялал жуулчлал, чиглэсэн  хар  зам,  гүүрүүдийн  хөрөнгө оруулалтын асуудлуудад түлхүү анхаар төсөвт тусгасан. Манайд хотын дараа орсон том барааны зах бий. Өвлийн хүйтэнд гадаа зогссоноос олон хүн элдэв суурь өвчтэй болдог. Тиймээс Ө.Энхтүвшин гишүүнтэй хамтран хүнс, барааны битүү худалдаанд том зах барих хөрөнгийг 2012 оны төсөв тусгалаа.   Миний  гол  амласан  зүйлүүд  үндсэндээ  бүрэн хэрэгжсэн. Тухайлбал Дулааны станц, бөхийн өргөө, ахмадын өргөө,  багш,  хүүхдийн  ордон,  аймгийн төвд шинэ сургууль, төрөх эмнэлэг, бурхан багшийн цогцолбор барих гэсэн амлалтууд маань хэрэгжээд байна. Ер нь хөрөнгө оруулалтыг УИХ-аар хэлэлцэж, гишүүд баталдаг болохоос аймгийн төвшинд шийдвэрлэгдчихдэг асуудал биш шүү. Биднийхээ хийсэн ажлаар орон нутгийн удирдлагууд өөрсдийгөө баахан шоудчихаад нэрийг нь ч дурсахаа мартчихдаг л улс даа. Төсөвт тусгуулна гэдэг чинь нөлөө, арга ухаанаа хослуулан байж хийдэг ажил шүү. Манай аймагт сүүлийн дөрвөн жилд урьд өмнөхтэй харьцуулшгүй их хөрөнгө оруулалт хийгдсэн.

-Удтал дуншсан Сонгуулийн хууль батлагдлаа. Үндсэндээ 48:28 гэсэн харьцаагаар холимог тогтолцоотой байхаар шийдвэрлэгдлээ. Та хүнээ сонгодог мажоритор тогтолцоог дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл намын нэрээр гишүүн болох асуудал шийдэгдчихлээ. Та үүнийг дэмжсэн үү?

-Би анхнаасаа нам сонгохын эсрэг байсан, одоо ч тэр байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Харин гишүүдийн олонх маань холимог тогтолцоог дэмжчихлээ. Тэр нь хууль болоод л явна. Ер нь бол ард түмэн нам сонгохын эсрэг байгаа шүү. Хорин жилийн өмнө нам төвтэй төрөөс татгалзах хэрэгтэй гээд явж байсан нөхдүүд маань эргээд нам сонгох нь зүйтэй гээд явж байгааг харахаар "үнэн юм" гэж байна уу гэж заримдаа бодогдох юм даа.

-Шударга сонгууль болох найдвар байнауу?

-Шударга сонгууль явуулахын төлөө л сонгуулийн хуулиа өөрчилсөн хэрэг шүү дээ. Ажлын хэсгүүд булхай, луйврыг хаахад чиглэсэн олон дэвшилттэй саналуудыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Энэ талаасаа сайн хууль болсон. Н.Энхболд ахлагчтай ажлын хэсэг чамбай ажилласныг хэлэх ёстой байх. Ер нь будлиан, буруу шийдлийн гол үндэс чинь мөнгө, бэлэг шүү дээ. Үүнийг илрүүлэх талаар урамшууллын арга хэлбэрийг тусгаж, ийм асуудал үүсгэсэн нь нотлогдвол, эрүүгийн хэрэгт шууд татагдахаар болсон. Өөрөөр хэлбэл, мөнгө, бэлэг тараасныг баримтаар нотолж илрүүлж мэдээлсэн хүнийг тухайн мөнгийг нь 10 дахин өсгөж өгөх урамшууллын заалт орж байгаа. Мөнгөнд найдаж, ард түмнээ басамжилдаг улсуудад ч хатуу хууль болсон. Амьдралаас харж байхад, уул уурхайгаас олсон мөнгөөрөө УИХ-ын гишүүн болж баялгийг дээрэмдсэнээ нууж, хамгаалах, түүнийгээ улам арвижуулах гэж улайрах хандлага нийтлэг газар авч байна. Тиймээс мөнгөөр төрийн эрх мэдэл рүү улайрах дайралтыг хаах ёстой. Төрийн эрх мэдэл бол хөрөнгө, мөнгөө арвижуулах хэрэгсэл байж таарахгүй.

-Энэ Сонгуулийн хуулийг Ардчилсан намд ашигтай хувилбар гэх юм. АН улс төрийн хүчний хувьд үүргээ хэр гүйцэтгэж байна гэж та боддог бэ?

-Одоо УИХ-д суугаа АН-ын гишүүдийн хувьд хонь бүрэн, чоно цатгалан хувилбар болсон гэдгийг хэлээд байна уу. Шулуухан хэлэхэд тийм. Тэд тэгж бодож, биднийг шахаж, санасандаа хүрсэн байх. Гэхдээ улс төрийн хүчин ямар ч хувилбарт бэлэн байх ёстой. Манай намын хувьд үүссэн нөхцөл байдлаа зөв тооцоод сонгуульд ороход дахин олонх болох бололцоо бий. Би хатуу улстөрждөг хүн биш. Гэхдээ ардчилал Монгол оронд зөв хөгжөөсэй гэсэн бодлыг сэтгэлдээ тээж явдаг хүн. Тийм  учраас  ардчиллын  нэрийг барих дуртай сөрөг хүчин маань үүргээ умартаад явааг хараад гайхаш төрдөг. Ардчилсан намд ардчиллыг зөв замаар хөтлөхөд үнэн сэтгэлээсээ ханддаг нь цөөрч, харин түүний нэр дор амьдардаг, албан тушаалын төлөө юугаа ч худалдахаас буцдаггүй нөхдүүд нь олонх болсон юм уу даа гэж боддог. Таван иргэнээ буудаад хүний эрх ноцтой зөрчигдсөн байхад дуугардаггүй, олонхийнхоо өвөрт гүйгээд орчихсон л нам шүү дээ. Одоо Монгол хүн, Эдийн засгийн хувьсгал ч гэх шиг тархи угаах юм бодоод байх шиг байгаа юм. Гэхдээ ард иргэд маань амьдрал дээр ямар байсан, үүргээ хэр биелүүлснээр нь үнэлэх биз дээ.

- Та Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой гэж эхнээс нь дуугарсан хэдхэн гишүүний нэг. Та бүхний шаардлага, огцруулах асуудал хана мөргөөд байна. Цаашид энэ тэмцлээ үргэлжлүүлэх үү?

-Шаардлагын хувьд үр дүн гарсан гэж бодож байна. Ямар ч гэсэн гадныхан Монголын нийгэм тэдний луйврыг мартахгүй юм байна гэж ойлгосон байх. Тэгээд ч ашиглалтад орсны дараа манай хувийг 50 хүргэх асуудлыг ярья, хүндэтгэж байна гэсэн шүү дээ. Харин ирэх зургадугаар сараас хойш, өөрөөр хэлбэл сонгуулийн дараа яръя гэсэн нь хардлага төрүүлж байгаа. Энэ Оюутолгойн талаар дуугараад, ард түмэндээ мэдээлээд байгаа хэдэн гишүүдийг сонгуулиар алга болгочихъё, тэгээд дуугарах хүнгүй болно гэж горьдоод байх шиг. Бүтэхгүй дээ, ард түмэн олуулаа шүү. Оюутолгойд Монголын талын хувь хэмжээ 50-иас дээш болтол тэмцлээ үргэлжлүүлнэ. Тэр огцруулах асуудлын тухайд хууль зөрчигдөөгүй гэдгийг нь УИХ-ын тухай хуульд саяхан оруулсан өөрчлөлт баталсан.

-Ямар өөрчлөлт?

-Саяхан манай хэсэг гишүүд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал оруулах эрх нээлттэй байсныг хааж 19-өөс дээш гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргана гэж тодотгож өгснийг хэлж байна.

үүлийн үед танай аймагт нүүрсний том орд олдсон тухай шуугих боллоо. Тэндээс сонгосон гишүүд ашиглах талаар ямар бодолтой байгаа бэ?

-Олон улсад Овоотын орд гээд нэрлээд байгаа манай Могойн голын коксжсон нүүрсний орд бол маш том орд. Өнгөрсөн жил Хятадын компани "станц барьж өгөх" нэрийн дор уг уурхайн орон нутгийн өмчийн 51 хувийг манайхантай хуйвалдаж авах гэж байсан нь үүнтэй холбоотой байсан учраас тухайн үед бид эсэргүүцэж байлаа. Манай аймаг, Завхан нүүрсээ Хятадын компаниас авахад хүрэх байв. Энэ баялгаа бид хамгаалж үлдсэн. Одоо харин энэ ордыг ашиглах эсэхийг зөвхөн тухайн орон нутгийн ард иргэдээс асууж шийдэх ёстой. Мөн төмөр зам барьж тээвэрлэх нөхцөлийг шийдсэн байх хэрэгтэй. Энэ бол зөвхөн манай аймгийг бус улс орны хөгжилд хувь нэмэр оруулах хэмжээний асар том баялаг юм билээ.

-Эцэст нь ирэх жилийн талаарх таны төсөөллийг сонирхъё?

-Ирэх жилд манай орны дотоод амьдралд болох хамгийн том үйл явдал бол сонгууль. Тиймээс энэ чөлөөт ардчилсан сонгуулийн тогтолцоогоо бэхжүүлж чадсан, ард иргэд маань өөрсдөдөө ээлтэй, зөв төрөө байгуулсан жил байгаасай гэж бодож байна даа.

Нийтлэлч
Б.Гэрэл
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.