Ц.Даваасүрэн: Төсвөөр улс төрийн наймаа үсэргэх нь зохисгүй
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.11.12

Ц.Даваасүрэн: Төсвөөр улс төрийн наймаа үсэргэх нь зохисгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аар 2014 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх ёстой ч Төсвийн байнгын хорооны хуралдаан гурван ч удаа хойшиллоо. УИХ-ын чуулганыг нэгдсэн хуралдаан өнөөдөр товлосон ч /өнгөрсөн баасан гаригт/ болсонгүй. Төсвийн төсөл гацаанд орсны шалтгаан юу вэ. Гэтэл 2014 оны төсвийг батлахад ердөө тав хоног үлдсэн байдаг?

-УИХ-аар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улсын өрийн шатлалыг хоёр  жил хойшлуулах боломжтой болох ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээх учиртай.

Гэвч сөрөг хүчин дэмжлэг үзүүлэхгүй болчихоор хууль батлагдахгүй нөхцөл байдал үүсч байгаа. Энэ боломжийг ашиглаж УИХ дахь МАН-ын бүлгээс улстөрийн тохиролцоо хийх шаардлагыг Ардчилсан намын бүлэгт тавьж байх шиг байна.

Жишээ нь, Байнгын хороодод гишүүдээ оруулна, байршуулна гэдэг ч юм уу. Уг нь, Монгол гэдэг нэг өрхийн бүтэн жилийн санхүүгийн, төсвийн тухай ярьж байхад түүгээр далимдуулж улстөрийн наймаа үсэргэх хандлага гаргах нь зохисгүй юм. Улсын нэгдсэн төсвийг тодорхой хугацаанд багтааж батлах ёстой, цаг хугацаа яваад байна шүү дээ.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилснөөр Монгол Улсын өр ДНБ-ний 60 хувьд хүрнэ, энэ нь өөрөө эдийн засагт дарамт учруулж болзошгүй учраас УИХ баталсан хуулиа мөрдөх нь зөв биш гэж үү?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт хийхийн гол агуулга нь 1-2 жилдээ хөгжил дэмжсэн том ажлуудаа хийе гэж байгаа юм, цаг хожоод. Хэрвээ бид уул уурхайн ордуудаас орж ирэх мөнгө хүлээвэл хугацаа алдаж болзошгүй. Тэгэхээр одоо зээл авч, бүтээн байгуулалтаа хийчихээд дараа нь уул уурхайгаас орж ирэх орлогоор зээлээ төлбөл хүндрэлтэй зүйл гарахгүй.

Судалгаагаар манайд өнөөдөр зээл авахад анхаардаг долоон шалгуур үзүүлэлтийн нэг нь л муу байна. Тэр нь нийт өрийг ДНБ-тэй харьцуулсан харьцаа юм. Гадаад өртэйгээ харьцуулсан харьцаа нь ДНБ-ний өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсний 40 хувиас бага байлгана гэсэн шалгуурыг хангаж байгаа, 31 хувь учраас. Харин дотоод өрөө нэмчихээр шалгуур үзүүлэлт 40 хувийг давна.

Гадаад өртэйгээ харьцуулсан харьцаа нь ДНБ-ний өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсний 40 хувиас бага байлгана гэсэн шалгуурыг хангаж байгаа. Харин дотоод өрөө нэмчихээр шалгуур үзүүлэлт 40 хувийг давна.

Өөрөөр хэлбэл, одоохондоо гадаад өрийн дарамт үүссэн зүйл ажиглагдахгүй байгаа гэсэн үг. Харин ирэх жилүүдэд Засгийн газар 3.5 тэрбум ам.долларын бонд гаргачихвал 2017, 2022 онд зээлийн үйлчилгээний төлбөрийн төсвийн орлогод харьцуулсан харьцаа нэмж муудах төлөв бий. Тодорхой шалгуураар авч үзвэл долоон үзүүлэлтийн гурав нь муудвал тухайн улсыг өрийн дарамтад орж байна гэдэг.

Нэг үзүүлэлт муудвал сэрэмжлүүлэг өгч байна гэж үздэг. Одоогийн нөхцөл байдлын хувьд өрийн хувьд сэрэмжлүүлэг өгч байгаа. Тодруулж хэлбэл, “Та нар анхааралтай зээл аваарай, авсан зээлдээ тооцоотой хандаарай, үр ашигтай зүйлд зарцуулаарай” гэх сануулга өгч байгаа.

Ер нь зээл авдаггүй компани, зээл авдаггүй улс байхгүй, ажил хийхийн тулд бүгд зээл авдаг. Түүнийг нь улстөржүүлээд өрийн дарамт учирна гээд юу ч хийхгүй суугаад байвал Монгол Улс хөгжихгүй шүү дээ.  Орлогоо ч олдог, зээлээ ч авдаг, эргүүлээд төлдөг, тооцоо судалгаатай байх ёстой. Тэр дундаа авсан зээлээ үр ашигтай төсөлд зарцуулбал ямар ч асуудал гарахгүй.

-Монгол Улс өнөөдөр хэдий хэмжээний өртэй байна вэ. Ерөнхий сайд, Сангийн сайд нарын УИХ-ын чуулганд хийсэн өртэй холбоотой мэдээлэл тооны хувьд их зөрүүтэй сонсогдсон? 

-Гадаад, дотоод өр нийлээд найман их наяд төгрөг болоод байна.

-Ирэх жил Засгийн газар  хоёр их наядын бонд гаргана. УИХ-аас бонд гаргах эрх олгочихвол 10 их наядад хүрэх нь ээ?

-Тийм ээ, 10 их наяд болно. Тэр нь өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэхээр ДНБ-ний 40 хувиас давах учраас асуудал болоод байгаа л даа.

-Засгийн газар өнгөрсөн жил гадаад зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд” босгосон ч үр ашигтай төсөлд зарцуулж чадаагүй гэх шүүмжлэлийг цөөнхийн бүлэг хүчтэй тавих болсон. “Чингис бонд”-ын зарцуулалтыг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Ирэх жил хоёр их наяд төгрөгийн бондыг гадаад зах зээлээс босгосон нөхцөлд ямар төсөлд зарцуулбал илүү үр дүнтэй тусах бол?

-Төслүүдийг харахад өмнөх Засгийн газрыг бодвол шийдэл гаргах талд илүү сайжирсан. Тал, талын оролцоотой зөвлөлөөр бондын мөнгийг ямар төслүүдэд зарцуулах тухай шийдэл гаргадаг болсон нь маш давуу тал юм. Бондын зөвлөлд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төлөөлөл багтдаг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас зөвлөх нь, УИХ-аас УИХ-ын даргын зөвлөл, Засгийн газартай нийлсэн том бүтцээр бондын хөрөнгийн зарцуулалтыг ярьдаг.

Үр ашигтай төсөл үү, үгүй юу гэдгийг нэлээн сайн ярилцдаг. Хуучин намын дарга Удирдах зөвлөл дээр шийдвэр гаргаад асуудлыг шийддэг байсан. Тэр талаас нь харвал сонголт өмнөхөөсөө сайжирсан, цаашид ч илүү сайжруулах ёстой. Юу дутагдаж байна вэ гэхээр бидэнд шууд бариад авах дунд хугацааны бодлого алга. Эдийн засгийн хөгжлийн яам дунд хугацааны бодлого гаргах ёстой.

Бид энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийнэ гээд тэр чиглэл рүүгээ дэмжсэн бодлого хэрэгжээд явах ёстой юм. “Чингис бонд”-ын зарцуулалтыг авч үзвэл салбар бүр лүү хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Уул уурхай, төмөр зам, ноос, ноолуур гээд. Хэрвээ бид тодорхой дунд хугацааны бодлого гаргаад түүн рүүгээ зарцуулаад явбал эцсийн үр дүн нь илүү сайжирна.

-Байнгын хороодоор 2014 оны төсвийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд “Төсөв хөөстэй байна” гэх шүүмжлэлийг хэлж буй. Мөн нэг хэсэг нь “Төсөвт хөөс байхгүй, үнийн өсөлт шингэсэн” гэх юм. Аль нь юм бэ, 2014 оны төсвийн төслийг шинжвэл?

-2014 оны төсөв хөөсрөлт багатай харьцангуй даруу төсөв, өмнөх жилүүдийг бодвол. 2011, 2012 оны төсөв үндсэндээ 20-33 хувийн өсөлттэй байсан. Харин 2013 оны төсөв 10 хувийн өсөлттэй байсан. Төсвийн хөөс жил жилийнхээс буурах төлөв харагдаж байгаа биз.

-Гэхдээ Завхан, Архангай аймагт тус бүр 300 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр барихаар тавьсан хөрөнгө оруулалтынх нь зардал өөр байгаа. Архангай аймгийнх нь Завханыхаас нэг тэрбум төгрөгөөр илүү. Энэ тохиолдолд Засгийн газар хөөс багатай төсөв УИХ-д өргөн барьсан гэж дүгнэхэд арай эртдэх юм биш үү. Юунаас болж ийм өсөлт гараад байна вэ?

-Дээрх асуудлыг УИХ анхаараад, Аудитын байгууллагыг хянаж, нягтал гэдэг үүргийг өгчихсөн байгаа. Нийт 180 гаруй объектын хөрөнгө оруулалтыг ирэх жил царцаах тухай асуудлыг намын бүлгүүд тавьж эхэлсэн.

Аудитын байгууллага яагаад үнэ өсөв, учир шалтгаан нь хаанаа байгаа юм, зураг төслийн компаниуд, гүйцэтгэгч нар хуйвалдаад байгаа юм уу, эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг тодруулна. Түүний дараа нэлээд зүйл тодорхой болно.

-Сэдвээ өөрчилье, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун гишүүн та гурав Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Оюутолгойн гэрээний зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хоёр талаас ажлын хэсэг гараад хэлэлцээр хийгээд шийдээд явж байгаа. Энэ цаг үед нэн тэргүүнд шийдэх ёстой ажил бол рояалтын татвар. Уг татварыг авах тухай асуудлыг бие даагч гишүүдийн зүгээс Засгийн газарт хандан тавьж байгаа юм.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 7000 ам.доллар байснаа 8000 ам.долларт хүрэхэд нэмэгдэл 1000 ам.доллар нь Рио Тинтогийн ашиг болох гээд байна. Энэ ашгийг Монголын тал зайлшгүй шаардаж авах ёстой. Монгол Улс 2013 онд рояалтын татвараар 445 тэрбум төгрөгийг Оюутолгой компаниас авах байсан, гэвч гэрээнд өөрчлөлт оруулаагүй гэдэг үндэслэлээр авч чадаагүй.

УИХ-аар 2013 оны төсвийн тодотголыг батлах үед энэ мөнгийг суулгах болтол Засгийн газар “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулаагүй байна, ийм үед тодотголд суулгах боломжгүй” гэсэн. 2014 оны төсвийн төсөлд суулгах нь уу гэтэл мөн л дээрх шалтгаанаар хойшлуулаад байна. Тийм учраас Ерөнхий сайдад хандан “Оюутолгойн гэрээний асуудлаа түргэн шийд” гэдэг үүргийг албан бичгээр хүргүүлсэн.

-Ирэх жил Монгол Улс Оюутолгойгоос татвар авах уу, ингэхэд. 2014 оны төсөвт хэдий хэмжээний мөнгө татвараар дамжуулж авна гэж тооцсон байгаа вэ? 

-Оюутолгойгоос манай тал нөөц ашигласны төлбөрт 161 тэрбум төгрөг авахаар тооцсон. Гэхдээ тэр нь суутгагдана. Учир нь бид 250 сая ам.долларыг дээрх компаниас урьдчилж аваад ард, иргэддээ тараачихсан шүү дээ. Мөн Монголын талын 34 хувийн зээлд суутгагдана, тэгээд л таарах болов уу.

-“Оюутолгой” компани бүтээгдэхүүнээ экспортод гаргаад эхэлчихсэн. Энэ тохиолдолд манайд үр дүн нь мэдрэгдэх ёстой биз дээ?

-Тийм шүү, “Эрдэнэт” үйлдвэрээс илүүрхэх “Оюутолгой” үйлдвэр ашиглалтад орчихсон байгаа нөхцөлд Монгол Улс валютын нөөцөөрөө ихээхэн хуримтлалтай сууж байх ёстой. Гэвч валютын хомсдолтой сууж байгаа нь Оюутолгойн гэрээ ашиг муутай хийгдсэнийг харуулж байгаа хэрэг. Ирэх жил ч ийм байдал үүснэ.

Монгол Улс Оюутолгойн ордоос 53 хувийн ашиг хүртэнэ гэж тооцоолсон байдаг, гэтэл цаашлах тусмаа ашиг багассаар одоо бүр 50 хувиас доош орох болж байна.

Яагаад гэвэл “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа нь эхлээд сайхан явж байгаа ч мөнгө нь орж ирэхгүй, гадаадад байршуулж хадгалж, зарцуулж байна шүү дээ, гэрээний 9.13-ын заалтаар. Мөн татвараа авъя гэхээр өмнө авсан зээлийг эргүүлж төлөхөд зарцуулагдахаар валютын нөөцөд нөлөө үзүүлэхгүй болж байгаа байхгүй юу.

Ганц жишээ татъя л даа, “Оюутолгой” компани өнгөрсөн зургадугаар сард бүтээгдэхүүнээ экспортолсон. Өнөөдөр бидний зовлон юу байна вэ, валютын нөөц шүү дээ. Нөгөөтэйгүүр, бид авах ёстой татвараа авч чадахгүй байж, дахиад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай яриад сууж байна. Жишээ нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль батлагдсан нөхцөлд алтнаас 2.5 хувийн татвар авна.

Гэрээнд зааснаар “Оюутолгой” компани алтан дээр таван хувийн татвар төлөх ёстой. Уг нь Монгол Улс Оюутолгойн ордоос 53 хувийн ашиг хүртэнэ гэж тооцоолсон байдаг, гэтэл цаашлах тусмаа ашиг багассаар одоо бүр 50 хувиас доош орох болж байна. Тийм болохоор бие даагч гишүүд “Авах ёстой зүйлийнхээ төлөө зогсох ёстой”  гэсэн шаардлага тавьсан.

-Алтны татварыг 2.5 хувь болгосноор Оюутолгойд хэдий хэмжээний хөнгөлөлт үзүүлэх болж байна вэ?

-Оюутолгойн орд 1800 тонн алттай гэж тооцоход хөрөнгө оруулагчид гурван тэрбум ам.долларыг буцааж авахаар байгаа. Шууд ашиг болж үлдэнэ.

-Монголын талын Оюутолгойгоос хүртэх ёстой ашиг жил ирэх тусам буурч байгаагийн шалтгаан юу вэ. Хуулиа бид хөрөнгө оруулагч талд илүү ашигтай болгож өөрчилж өгөөд байгаад уу, эсвэл гэрээгээ маш ашиггүй байгуулсан учраас нөлөөлөөд байна уу?

-Баялгаа үнэлэлгүйгээр бид 34 хувиа зээлээд авчихсан хэрэг. Баялгаа гаргасныхаа төлөө яагаад бид 50 хувиа үнэгүй авч болохгүй гэж... Энд баялаг байхгүй бол баяжуулах үйлдвэр байгуулагдахгүй. Баялаг байсан учраас энэ бизнес явах гол суурь боссон. Баялгаа бид үнэлж чадаагүй нь хамгийн том алдаа. Зээл төлсөөр байгаад хамаг ашгаа буцаагаад алдчихаж байгаа.  Хөрөнгө оруулагчид маш овжин загнаж байна шүү дээ.

Жишээ нь, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ гэхэд алтан дээр рояалтын таван хувийн татварын талыг нь байхгүй болгоод 50 хувийг нь тэндээс гаргаад авчихаж байна. Тэгээд зээлээс. Ингээд бодохоор тэд ямар ч зарлага гаргахгүйгээр, манайхаар төлүүлээд үйлдвэрээ бариад, цэвэр ашгаа аваад явчихаж байгаа байхгүй юу.

Бидэнд өгөх ёстой татвараа өгөхгүй ямар нэг хэлбэрээр буцааж аваад байгаа учраас ширхэг зоосны ч зарлага гаргахгүйгээр манай ашгийг авчихаж байгаа. Тэд Монголын баялаг дээр яагаад бидэнтэй ижил эрхээр оролцоод байна вэ, тэдний баялаг биш, бидний баялаг шүү дээ.

-Ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан. Гэтэл нефть олборлогчид  ирэх жил хөрөнгө оруулалтаа 50 хувиар бууруулна гэж мэдэгдлээ. Засгийн газраас барьж байгаа бодлого тогтворгүй байна гэж тэд мэдэгдсэн. Энэ шантааж уу, эсвэл Засгийн газрын бодлого нефть олборлогчдын хэлээд байгаачлан тогтворгүй байна уу? 

-Гадны хөрөнгө оруулагчдын зүгээс шахалт, дарамт үзүүлэх юм ажиглагдаад байна. Оюутолгой төслийг жишээ болгоход “Рио Тинто” компани гадаадынханд нөлөөлөх гэж оролдсон. Монголд хөрөнгө оруулалт таагүй байна гэх мэтээр. Өөрсдөө хууль зөрчсөн гэрээ байгуулснаа ярихгүй хэрнээ. Түүнтэй л ижил хандлагыг нефть олборлогчид гаргаж байна уу гэж харагдсан.

Монгол гэдэг нэг өрхийн бүтэн жилийн санхүүгийн, төсвийн тухай ярьж байхад түүгээр далимдуулж улстөрийн наймаа үсэргэх хандлага гаргах нь зохисгүй.

УИХ-аар Газрын тосны тухай хуулиа сайжруулж,  харилцан үр ашигтай байлгахыг зорьж байна. Тодруулж хэлбэл, 50, 50 хувийн ашигтай байх тухай ярихаар шахалт үзүүлж байна. Үүнийг бид давж гардаг, туулдаг, харилцан үр ашигтай байлгаж чаддаг байхгүй бол эцсийн дүндээ бүх баялгаа цөлмүүлээд ухсан нүх, шороотойгоо сэргээж чадахгүй л үлдэнэ.

Тийм учраас эхнээсээ бид зөв явж мордхын хазгай болохгүйн төлөө байж чадвал цааш, цаашдын төсөл ашигтай болно. Нэгнийх нь дарамтад ороод буугаад өгчихөөр дараагийнх нь дарамталж байна. Гурав дахь нөхөр дахиад дарамтална шүү дээ.

Энэ бүхнийг зохицуулдаг ухаалаг төртэй, ухаалаг алхам хийдэг, хуулийн хүрээнд ажиллахыг шаарддаг, харилцан үр ашигтай гэрээ байгуулдаг байх ёстой. Түүнээс биш нэг хэсэг нь худалдагддаг, нөлөөнд автдаг, гадныхны дуу хоолой болж дуугардаг байх юм бол бид хэзээ ч харилцан ашигтай гэрээг байгуулж чадахгүй.