Ц.Даваасүрэн: Валютын ханшаа тогтворжуулахгүй бол хэцүүднэ
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.11.13

Ц.Даваасүрэн: Валютын ханшаа тогтворжуулахгүй бол хэцүүднэ

Ирэх оны төсвийн төслийн талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Монгол Улсын 2014 оны төсвийг өөдрөгөөр харж зохиосон нь эргээд төсөвт ямар нэгэн ачаалал ирэх юм биш байгаа?

-Валютын ханшийг бууруулах хэмжээнд ажиллах ёстой. Ханш буурахгүй бол бүх зүйлийн үнэ өсч, инфляци нэмэгдэнэ. Тиймээс бид цаашид валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах ёстой.

Манайх импортын хэрэглээ өндөртэй орон. Валютын ханш өсөөд байвал импортоор орж ирж байгаа бараа бүр нэмэгдэнэ. Үндэсний мөнгөн тэмдэгт тогтвортой байх ёстой учраас тэр хэмжээнд хүртэл нь Төв банк ажиллах хэрэгтэй байна.

-Өрийн асуудал багагүй хэл ам дагуулж байна. Төсвийн байнгын хорооны даргын хувьд та энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар өрийн асуудал төсөвтэй шууд хамааралгүй. Төсвөөс гадуур Хөгжлийн банкаар явах, хөгжил дэмжсэн дэд бүтцийг санхүүжүүлэх, нэмэлт бонд гадаад зах дээр гаргах асуудал юм.

Энэ асуудал шийдэгдэхгүй бол зөвхөн төсвийнхөө хүрээнд шийдээд батлаад явах ёстой. Өрийн хэмжээ ДНБ-ий 50.3 хувьд хүрэх нь осолтой. Тиймээс маш няхуур хандах хэрэгтэй.

-Энэ оны төсөвт тусгасан зарим хөрөнгө оруулалт асуудалтай байсан учраас царцаахаар боллоо. Харин ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтууд ийм биш байна гэдгийг хэрхэн батлах юм бэ?

-Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллаж байна. Мөн энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх явцад 200 гаруй объектыг Үндэсний аудитын газраар нягтлуулсан. Хугацаа бага байсан учраас үргэлжлүүлэн шалгахаар боллоо.

Энэ оны төсвийн тодотгол хэлэлцэх явцад 200 гаруй объектыг Үндэсний аудитын газраар нягтлуулсан.

Ирэх жилийн гуравдугаар сарын 1-ний дотор дахин оруулж ирээд төсөв нь яагаад өссөн гэдгийг тодруулж, хуйвалдааны шинж чанартай байвал үнэ нэмэгдсэн барилгуудыг санхүүжүүлэхгүй байхаар тогтлоо. Тиймээс ирэх оны төсөвт зохиомлоор үнэ нэмэгдүүлсэн зүйл гарахгүй байхад энэ төсөв чиглэгдэж байгаа юм.

Зураг төсөл нь бэлэн, ямар нэгэн үнийн өсөлтгүй объектуудад нэг их наяд төгрөгийн санхүүжилт суулгасан. Энэ ажил ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бараа ажил үйлчилгээ зохион байгуулах журмынхаа дагуу хийгдээд явна.