Ц.Даваасүрэн: Он дамжин, төсөвт өртөг нь нэмэгдсэн объектуудыг гуравдугаар сарын 1-нийг хүртэл зогсоосон
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.11.13

Ц.Даваасүрэн: Он дамжин, төсөвт өртөг нь нэмэгдсэн объектуудыг гуравдугаар сарын 1-нийг хүртэл зогсоосон

Удтал хүлээлгэсэн Монгол Улсын 2014 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хийлээ. Төслийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулан, хуралдаанд оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 100 гаруй саналын томъёоллоор санал хураалгасан юм.

Хуралдааны дараа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцаж, төсвийн төлөв байдлын талаар тодрууллаа.

-Ирэх оны төсвийн төсөл Засгийн газраас өргөн барьснаас хэр өөрчлөгдөхөөр байна вэ?

-Энэ төсөв өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өсөлтийн хувьд харьцангуй буурсан. Өөрөөр хэлбэл, өмнөх оны түвшинд боловсруулж байгаа. 2011, 2012 оны төсөв 20-30 хувийн хэт өндөр өсөлттэй байсан. Ийм төсөв баталснаас болж оны эцэст орлого төвлөрөхгүй, тодотгох шаардлага гардаг байсан. 2014 оны төсөвт ийм эрсдэл гаргахгүйн тулд ажиллаж байна.

Ерөнхийдөө Засгийн газраас оруулж ирсэн орлого, зарлагын түвшинд барьж байна. Зарим шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хасаж, зайлшгүй шаардлагатай сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилга байгууламжуудыг нэмж тусгасан. Мөн урсгал зардлаас 30 орчим тэрбум төгрөг хаслаа. Эдгээр нь гадаад дотоод томилолт гэхчилэн төсвийн өсөлтийн явцад бий болсон зардал юм. Одоогоор нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүрэн санхүүжүүлэх бололцоотой байна.

-Ерөнхий сайдыг “авлигажсан төсөв” гэж хэлэхэд хүргэсэн зарим объектуудын жагсаалтыг эргэж харах тухай ярьж байсан.

-Он дамжсан, төсөвт өртөг нь удаа дараа нэмэгдсэн объектуудыг ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл зогсоосон. Энэ хугацаанд холбогдох байгууллагууд нь төсөвт өртөг өссөн, удааширсан шалтгааныг тодруулах ёстой. Тэгээд дөрөвдүгээр сард төсвийн тодотгол хэлэлцэх үеэр тэдгээрийг дахин нягталж, хөрөнгө оруулалтын дүнг нь өөрчилж батална. 200 орчим тэрбум төгрөгийн 104 төсөл, арга хэмжээ хамрагдсан.

-Цалин, тэтгэврийг нэмэх тухайд нэгдсэн ойлголтод хүрч чадсан уу?

-Цалин, тэтгэврийн хувь, хэмжээг инфляцитай уялдуулж шийдвэрлэхээр 200 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр суулгасан. Ингэхдээ зарлаж нэмэхгүй.

-Төсвийн эрх захирагчид тодорхой журмаар хэмнэсэн зардлаараа цалин, урсгал зардлаа нэмэх боломж олгосон УИХ-ын тогтоолын төслийг дөнгөж сая байнгын хорооноос дэмжлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Тийм, гэхдээ төсөв захирагчид гол нь үндсэн ажлаа хийсэн байх ёстой. Ингээд урсгал зардлаасаа хэмнэлт гаргасан бол түүнийгээ цалинд шилжүүлж, зарцуулах эрх олгох шийдвэрийг УИХ-ын тогтоолоор бий болгож байгаа.

-Гэхдээ хөрөнгө оруулалтыг гуравдугаар сар хүртэл хойшлуулж, дөрөвдүгээр сард нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэхээр цаг хугацааны хувьд оройтож, дахиад л он дамжиж удаашрах юм биш үү. Ер нь “авлигажсан” нэр зүүгээд байгаа эдгээр төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалт орой зарлагддагаас болж он дамжин удааширч, улмаар төсөвт өртөг нь нэмэгддэг байх талтай шүү дээ.

-Ер нь тендер зарлах ажлыг яаралтай зохион байгуулах ёстой. Мэдээж тодорхой хэмжээгээр удаашрах нөхцөл байдал үүснэ. Гэхдээ төсвийн мөнгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж болохгүй. Үнэхээр төсөвт өртөг нь үндэслэлгүй нэмэгдсэн байвал тэдгээрийг шууд өмнө баталсан хэмжээгээр нь санхүүжүүлнэ.

-Өмнөх онд баригдаж дуусаад Улсын комисс хэдийнэ хүлээгээд авсан объектуудыг дахин санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан нь АТГ-ын анхааралд өртсөн. Асуудлыг ингэж оруулж ирсэн Засгийн газар хариуцлага хүлээх ёстой юу. Төсвийн байнгын хорооны даргын хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Ажлын хэсэг дээрх шалтгаанаар орж ирсэн долоон объектыг зогсоосон. Гуравдугаар сарын нэгэн гэхэд дүн нь гарах ёстой төсөл, арга хэмжээнүүдтэй хамт шалгаж байгаа.

-Ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар төсөлд тусгажээ. Гэтэл одоо ам.долларын ханш 1700 төгрөг хэдийнэ даваад байна. Энэ бодитой байж чадах уу?

-Валютын ханшийн асуудлыг эрхэлдэг байгууллага нь ийм санал оруулж ирсэн байхад бид үндэслэлгүй гэж хэлэх бололцоогүй. Гэхдээ холбогдох байгууллагуудтай санал солилцсон. 2011 оны төгсгөлд 1700 төгрөг болсон ам.доллар 1400 болж буурч байсан юм билээ. Ийм арга хэмжээ авч ажиллана гэж холбогдох байгууллагын удирдлага хэлж байгаа.

Бидний зүгээс анхаарах ёстой зүйл нь валютын нөөцийг нэмэгдүүлэх явдал.

Ер нь энэ хэмжээнд бууруулахын төлөө ажиллах ёстой. Тэгэхгүй бол эргээд бүх зүйлийн үнэ өсөж, инфляци хөөрөгдөх аюул бий болгоно. Яагаад гэвэл манай улс импортын хэрэглээ өндөр орон. Энэ байдлаар өсөөд байвал тэр хэмжээгээр импортын бараа бүрийн өртөг өснө шүү дээ. Бидний зүгээс анхаарах ёстой зүйл нь валютын нөөцийг нэмэгдүүлэх явдал.

-ДНБ-д эзлэх өрийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар УИХ дахь намын бүлгүүд ойлголцолд хүрээгүй байна. Гэтэл төсөв батлах хуулийн хугацаа тулчихлаа.

-Өрийн асуудлыг хөндөж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал төсөв батлахтай шууд холбоогүй. Энэ нь төсвөөс гадуур буюу Хөгжлийн банкнаас санхүүжих хөгжил дэмжсэн дэд бүтцийн төсөлд шаардлагатай нэмэлт бондыг гадаад зах зээлд гаргахтай холбоотой асуудал шүү дээ. Энэ асуудал шийдэгдэхгүй бол зөвхөн төсвийн хүрээнд асуудлыг шийдээд явна.