Цалин тэтгэврийг нэмэх тал дээр ажлын хэсэг ямар ажил хийсэн бэ?
УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр болж, ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар ажлын хэсгийн 100 гаруй саналын томъёоллоор санал хураалгаснаас гишүүдийн ихэнх нь санал нэгтэй дэмжиж байв. Чуулганы эхэнд ирэх оны төсвийн тухай болон дагалдан орж ирж буй хуулийн төслүүдэд УИХ дахь намын бүлгүүд ямар дүгнэлт хийснийгээ танилцуулсан.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхний хувьд 2012-2013 онд гэрээ байгуулан хэрэгжүүлж буй зам, гүүрний барилгын ажлуудын санхүүжилтийн эх үүсвэр ирэх онд тодорхойгүй байгаа нь Засгийн газрын 2012- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт биелэгдэхгүйд хүрэх сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй.
Аудитын газраас урсгал зардлыг 170 орчим тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн.
Мөн ирэх оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан он дамжиж буй 416 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс 181 байгууламжийн төсөвт өртөг 289 тэрбум 978 сая төгрөгөөр өссөн. Түүнчлэн Засгийн газар хөрөнгө оруулалтыг бодит эдийн засгийг дэмжих, баялаг бүтээх, импортыг орлуулах, экспортыг дэмжих төсөл, арга хэмжээнд чиглүүлэх дунд хугацааны хөтөлбөрөө УИХ-д оруулах шаардлагатай гэж үзсэн байгаа юм.
Үүнээс гадна төрийн захиргааны байгууллагуудын үрэлгэн байдал жил жилийн улсын төсвийг тарамдуулж ирснийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Ирэх оны төсөвт “0” дүнтэйгээр түр түдгэлзүүлсэн байгууламжууд дээр Үндэсний аудитын газар сайн ажиллаж, дүгнэлтээ шуурхай гаргаж ирүүлэх, аудитын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар төсвийн тодотголыг цаг алдалгүй УИХ-д өргөн барихыг сануулж байна гэсэн санал, дүгнэлтийг Ардчилсан намын бүлэг гаргасан.
Ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүн ажлын хэсгийнхнээс асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Үүнтэй уялдуулж цалин тэтгэврийг нэмэх шаардлагатай байгаа. Ажлын хэсгийн оруулж ирсэн саналаас харахад ирэх онд цалин, тэтгэвэр тэтгэмж нэг их нэмэгдэхгүй юм байна.
Цалин тэтгэврийг нэмэх тал дээр ажлын хэсэг ямар ажил хийсэн бэ. Мөн аудитын газраас урсгал зардлыг 170 орчим тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн. Гэтэл 20 тэрбум төгрөгөөр бууруулж орж ирж байна. Энэ ямар учиртай юм бэ. Тодорхой хэлж өгөөч.