УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.11.08

Д.Ганбат: Та нар 2000 оноос хойш авлигалын социализмыг байгууллаа

Оюутнуудад сар бүр олгож буй  70 мянган төгрөгийн тэтгэлгийн хэмжээг Засгийн газар мэдэж тогтоодог байх зохицуулалтыг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Уг төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдрийн УИХ-ын чуулганаар хийлээ.

Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд гишүүдийн дунд ширүүхэн маргаан өрнөсөн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төслийг дэмжиж үг хэллээ. Тэрээр “Сая Д.Арвин гишүүн надад мэдээлэл өглөө. 2000 оноос хойш УИХ-ын 76 гишүүний 50 хувь нь их дээд сургуультай байсан, зарим нь ч одоо байгаа юм байна. Тэгэхээр бид хүүхдүүдийнхээ дөрвөн жилийг баллаж, хүүхдүүд маань цагаа, амьдралаа алдаж байна. Би нэг тодорхой санал хэлэхэд өнөөдөр манайд нийгмийн ажилтнууд, нийгмийн талын мэргэжил ихэсч, хэрэггүй болсон.

Нөгөө хүмүүс нь төгсөөд, дөрвөн жилээ алдалгүй ажиллаж байсан хүмүүсээс дор, дэлгүүрийн худалдагч ч юмуу дээд боловсрол шаардахгүй ажил хийж байгаа. Тиймд асуудлаа тодорхой болгоод, байгалийн шинжлэх ухаанаар инженерийн мэргэжил эзэмшиж буй хүмүүстээ  тэтгэмж өгье гэж тодотгох нь зөв гэлээ.

Улс орныхоо төлөө, улс орноо бодсон зүйл ярьж бай.

Түүнчлэн ийм маягаар явахгүй бол энэ улс орон, хүүхдүүд чинь муу дээрээ улам муу болох тал руугаа явж байна. Улс орон, ард түмэн, хүүхдүүдээ бодож энэ асуудлыг дэмжих нь зөв. Түүнээс биш сонгуулийн амлалт биелэгдэхгүй байгаа зүйл биш.

Амьдрал өдөр өдрөөр өөрчлөгдөж, өчигдрийн зүйл өнөөдөр байхгүй болж байна. Дэлхий нийт ямар байна тэр чигт нь тавих ёстой. Улс орныхоо төлөө, улс орноо бодсон зүйл ярьж бай. Та нар 2000 оноос хойш авлигалын социализмыг байгууллаа. Одоо болих цаг нь болсон гэж бодож байна гэсэн юм.