“Оюутны сургалтын тэтгэлгийн тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдсан ажлын хэсэг “Оюутны сургалтын тэтгэлгийн тухай” хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж боловсрол үнэтэй, сонголттой байх ёстой, сургалтын тэтгэлэг нь дээд боловсролын шинэчлэлийг шийдвэрлэх түлхүүр төдийгүй, өрхийн ядууралд нөлөөлж буй нэг хүчин зүйлийг арилгахад чухал үзүүлэлт болно гэдэг байр суурьтай байгаа билээ.
Тиймээс энэ бодлогыг хэрэгжүүлэх эхний алхам болгож, ийнхүү “Оюутны сургалтын тэтгэлгийн тухай” хуулийн төсөл санаачилж байна.
Ерөнхийлөгчийн Зөвлөх Р.Болдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдрийн байдлаар дор дурдсан ажлуудыг хийж байна. Үүнд:
1. Дээд боловсролын салбарт тэтгэлгийн тогтолцоо хэрэгждэг дэлхийн бусад орнуудын туршлага, мэдээллийг цуглуулж дууслаа.
2. Сургалтын төрийн санг арвижуулах үүднээс “ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэж байна.
3. Оюутны сургалтын тэтгэлгийн асуудлаар олон нийтийн дунд социологийн судалгаа явуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.
4. Эдгээр багц асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутны сургалтын тэтгэлгийн тухай” хуулийн төслийг ирэх намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.