Ерөнхийлөгч Оюутны сургалтын тэтгэлгийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцтай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өнгөрсөн 8 дугаар сард зарлиг гаргаж оюутны сургалтын тэтгэлгийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ажлын явцтай Ерөнхийлөгч танилцсан байна. Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчид юуны өмнө оюутны сургалтын тэтгэлгийн асуудлаар олон нийтийн дунд явуулсан социологийн судалгааны дүнг танилцуулав. Судалгааг 2009 оны 10 дугаар сарын 7 – 12 – ны өдрүүдэд Улаанбаатар хот, Орхон, Дархан – Уул, Ховд, Завхан, Дорнод болон Хэнтий аймагт явуулж 1500 хүнээс санамсаргүй түүврийн аргаар асуулга тавих замаар мэдээлэл цуглуулсан байна. Судалгаанаас үзэхэд манай орны нийт өрхийн 65, 5 хувь нь их, дээд сургуульд сурдаг оюутантай, үүний 20, 7 хувь нь хоёр оюутан бүхий гэр бүл аж. Өөрөөр хэлбэл манай улсын хүн амын тэн хагасаас илүү хувь нь оюутны амьдрал ахуй, зовлон жаргалтай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс байдаг. Судалгаанд оролцогчдын 82, 6 хувь нь их, дээд сургуулийн оюутанд төрөөс сургалтын тэтгэлэг өгөх шаардлагатай хэмээн үзжээ. Гэхдээ тэдний олонх нь төрөөс олгох тэтгэлгийн хэмжээг сургалтын төлбөрийн 50 хувиар тогтооход болно, үлдсэн хувийг суралцагч өөрөө хариуцах нь зүйтэй гэж үзсэн байна. Эндээс манай иргэд, эцэг эхчүүд, оюутнууд асуудалд бэлэнчлэх сэтгэлгээгээр бус харин шударга байдлаар хандаж буй нь харагдсан аж.
Ерөнхийлөгч дараа нь “Дээд боловсролын санхүүжилт, оюутны сургалтын тэтгэлэг, нийгмийн баталгааны тухай” хуулийн үзэл баримтлал, Оюутны сургалтын тэтгэлэг, стипенди, тэтгэмжид зарцуулах хөрөнгийн тооцоо, “Дээд боловсролын санхүүжилт, оюутны сургалтын тэтгэлэг, нийгмийн баталгааны тухай” хуулийн төсөлтэй зүйл, заалт нэг бүрээр нь танилцав. Ажлын хэсгийнхэн хуулийн төсөл боловсруулах явцдаа хуулийн анхны агуулгыг нэлээд өргөтгөж хуульд дээд боловсролын санхүүжилт, оюутны нийгмийн баталгааны асуудлыг өргөн хүрээтэй тусгаж эрх зүйн зохицуулалттай болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хууль боловсруулах ажилтай танилцаад хуулийн төсөлд зайлшгүй тусгавал зохих асуудлууд болоод зүйл заалтуудын уялдаа холбоо, хамрах хүрээ, зохицуулах шаардлагатай асуудал болон хуулийг хэрэгжүүлснээс гарах эерэг, сөрөг үр дагавар, бусад хуульд оруулах өөрчлөлт зэргээр тодорхой санал зөвлөгөө гаргаж, ажлын хэсгийн гишүүдэд үүрэг, чиглэл өгөв. Түүнчлэн уг хуулийн төслийг БСШУ – ны сайдад танилцуулан санал авсны үндсэн дээр томоохон их сургуулиудын багш, оюутнуудад газар дээр нь танилцуулан хэлэлцүүлэхийг даалгав.