Хороо бүрт тулгамдаж буй асуудлыг ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөж байна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 15-ны өдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн дүнгийн тухай асуудлыг хэлэлцлээ.
Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм. “Нийслэлийн Засаг даргын А/498 тоот захирамжийн дагуу нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318,000 өрх бүрээс санал авах ажлыг 11 сарын 04-нөөс 11 сарын 14-ний өдрийн хооронд Нийслэлийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын нийт 284 албан хаагчид зохион байгууллаа.
“Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн дүнгийн тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.
Өрх бүрээс орон сууц, гэр хорооллын өрх гэж ангилан хоёр төрлийн саналын хуудсанд нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ,тохижилт, аюулгүй байдал гэсэн таван чиглэлээр санал авсан бөгөөд нийт саналын хуудасны 20 хувийг автомат машинаар уншуулж хороо бүрийн хамгийн их санал авсан бүтээн байгуулалтын ажлын саналыг гаргасан.
Хэлэлцүүлгийн хуваарийн дагуу тухайн саналыг Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индекс, гэр хорооллын орчны зураглалтай харьцуулан иргэдэд танилцуулж, “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг хороо бүрд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн дүнд тухайн хорооны иргэд нийслэлийн ирэх оны төсөвт тусгах нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудаа нэгтгэн эцсийн байдлаар саналаа гаргажээ.
Нийслэлийн хэмжээнд нэгтгэсэн саналын дүнг танилцуулвал:
Нийгмийн чиглэлээр-Графикаар
Нийгмийн чиглэлээр Орон сууцны хороололд бага сургууль 10 хувь, хүүхдийн тоглоомын талбай 23 хувь, биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбай 26 хувь, цэцэрлэг 41 хувь, Гэр хороололд бага сургууль 11 хувь, хүүхдийн тоглоомын талбай 15 хувь, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай 17 хувь, цэцэрлэг 57 хувь.
Дэд бүтцийн чиглэлээр Дулааны шугамын шинэчлэлт гурван хувь, цахилгаан шугамын шинэчлэл зургаан хувь, хороолол доторх авто зам 29 хувь, нэгдсэн граж, авто зогсоол 45 хувь, Гэр хороололд дулаан хангамж 14 хувь, цахилгаан хангамж 16 хувь, авто зам 16 хувь, цэвэр бохир усны хангамж 54 хувь.
Нийтийн үйлчилгээний чиглэлээр-Графикаар
Нийтийн үйлчилгээний чиглэлээр Орон сууцны хороололд нийтийн тээвэр 14 хувь, утасгүй интернет 17 хувь, цахилгаан шат, дээврийн засвар 18 хувь, дугуйн болон гүйлтийн зам 22 хувь, нийтийн эзэмшлийн орон сууцны гадна дулаалга, засвар 29 хувь, Гэр хороололд худаг, ус түгээх цэг 14 хувь.
Тохижилтийн чиглэлээр Орон сууцны хороололд хог тээвэрлэлт 12 хувь, явган хүний зам, гүүр 15 хувь,гэрэлтүүлэг 27 хувь, ногоон байгууламж 46 хувь, Гэр хороололд явган хүний зам, гүүр 16 хувь, хог тээвэрлэлт 16 хувь, ногоон байгууламж 24 хувь, гэрэлтүүлэг 44 хувь.
Дэд бүтцийн чиглэлээр-Графикаар
Аюулгүй байдлын чиглэлээр Орон сууцны хороололд цагдаагийн пост найман хувь, замын тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч есөн хувь, яаралтай үед саад учруулах барилга, хашаа хаалт 20 хувь, ус зайлуулах далан, суваг 14 хувь, хяналтын камер 49 хувь, Гэр хороололд яаралтай үед саад учруулах барилга,хашаа хаалт есөн хувь, хяналтын камер 10 хувь, цагдаагийн пост 23 хувь, ус зайлуулах далан, суваг 58 хувь нь саналаа өгчээ.
Эдгээр саналыг дүүрэг, хороо бүрээр гаргасан бөгөөд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөр зэргийг үндэслэн ирэх оны төсвийн төсөлд тусгана” гэлээ.
Тохижилтийн чиглэлээр-Графикаар
Хуралдааны үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэл анх удаа төсвөө иргэдээрээ хэлэлцүүллээ. Хороо бүрд гарсан саналыг үндэслэн ирэх онд хамгийн багадаа нэг ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр жинхэнэ утгаараа иргэдийн санал бодит ажил болно.
Мөн ирэх онд Орон нутгийн хөгжлийн сангаас хороодод 100-150 сая төгрөгийг хуваарилахаар төлөвлөж байгаа. Энэ хөрөнгөөр гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажил зэрэг ажлыг иргэд өөрсдөө зохин байгуулж хийх боломжтой ” гэдгийг онцлон хэллээ.
Нийслэлийн Засаг дарга “Нийслэл анх удаа ирэх оныхоо төсвийг боловсруулахдаа иргэдээсээ санал авлаа. Богинохон хугацаанд энэ хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан нийт албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Аюулгүй байдлын чиглэлээр-Графикаар
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний энэ ажлыг сайшаан, дэмжсэнийг уламжилхад таатай байна. Цаашид жил бүрийн 9,10-р саруудад нийслэлийн ирэх жилүүдийн төсвийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар захирамж гаргасан байгаа.
Тиймээс цаашид зохион байгуулалтаа улам сайжруулж, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэн ажиллана. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар нийслэлийн иргэн өөрийн төлсөн татвараа чухам юунд зарцуулахаа шийдэх эрхийг бид олгож байгаа гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Энэ нь шууд ардчиллын хамгийн чухал хэлбэр” гэлээ.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд иргэдээс авсан саналыг үндэслэн ирэх оны төсвийн төсөлд тодорхой саналуудыг тусган, нийслэлийн ИТХ-ын 11 сарын 28-ны ээлжит хуралдаанд өргөн барихаар боллоо.