Д.Ганбат: Р.Амаржаргал гишүүн намтайгаа, нөхөдтэйгөө ярилцаж шийдвэр гаргах ёстой байсан
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.11.15

Д.Ганбат: Р.Амаржаргал гишүүн намтайгаа, нөхөдтэйгөө ярилцаж шийдвэр гаргах ёстой байсан

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэд хоногийн өмнө гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ З.Энхболд даргад өргөн мэдүүлсэн. Түүний энэ шийдвэрийг хүмүүс янз бүрээр ярьж байна. Таны байр суурь ямар байна вэ?

-Хүний эрх гэдэг талаасаа ямар ч хүн өөрийн байр сууриа илэрхийлэх эрхтэй шүү дээ. Тиймээс ийм тийм гэж ярих нь өрөөсгөл зүйл. Гэхдээ Р.Амаржаргал гишүүн өөрөө тайлан тавьж таарах байх. Тэрнээс нь харж дүгнэлт хийнэ. Харин одоо ямар нэгэн зүйл ярих нь илүүц биз.

Ер нь олон жил төрд ажилласан хариуцлагатай гишүүний хувьд намтайгаа, нөхөдтэйгөө ярилцаж байж энэ шийдвэрийг гаргах ёстой байсан байх. Яагаад УИХ-ын гишүүнээсээ татгалзсан шалтгаанаа удахгүй тайлбарлах биз.

-Р.Амаржаргал гишүүн Засгийн газрыг нэлээд шүүмжилдэг. Та ч бас шүүмжилдэг. АН дотор Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилдэг гишүүд олон бий. Харин Р.Амаржаргал гишүүнд өөр бодол байгаа юм болов уу?

-АН олон ургальч үзлийг дэмждэг шүү дээ. Засгийн газарт сайжирч байгаа зүйл их байна. Болохгүй зүйл ч олон бий. Ард түмнийг төлөөлөөд сууж байгаа гишүүдийн хувьд гүйцэтгэх засаглалд хяналт тавих ёстой.

Болохгүй байгаа зүйлийг нь хэлж түргэн хугацаанд засуулах ёстой. Тэр утгаар нь мэдээж шүүмжилж байгаа. Тухайн ажлыг хийж байгаа үр дүнг нь хэлэлцэж, засах л хэрэгтэй.

-Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт багтааж батлах учиртай. Ерөнхий сайд "Авлигажсан төсвийг халлаа" гэж хэлсэн. Үнэхээр авлигажсан төсвийг халж чадсан уу?

-Ерөнхий сайд анхнаасаа л авлигажсан төсөв гэж хэлсэн. Үүний талаар бүгд л ярьж байна. Харин би үүнтэй санал нэг байгаа. Ер нь бол 2000 оноос хойш авлигажсан төсөв байсаар ирсэн. Тиймээс төсвөө сайн засаж, залруулах хэрэгтэй. Хөгжлийн банк, бондын мөнгө гээд үзвэл дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг төр мэдэх гээд байна шүү дээ.

Үндсэндээ Монголд байгаа хоёр мөнгөний нэг нь төрөөр дамжиж хэрэгжиж байна л гэсэн үг. Энэ бол өөрөө социализм болчихож байгаа юм. Нөгөө талаар төрийн албан хаагчдын орон тоо маш их байна. Яам, тамгын газрын тоо их байна. Төр бол өөрийн хэрэггүй ачаанаасаа салах ёстой. Тэгж байж зах зээлийн нийгэм бүрэн утгаараа хэрэгжинэ.

Хэрэггүй өмчөө устгах хэрэгтэй. 2000 оноос хойш төр нь бүхнийг шийдсээр байгаад өнөөдөр ийм байдалд орж байна шүү дээ. Гурван тэрбумаар босох байсан төсөл, хөтөлбөр он дамжсаар одоо бараг 10-20 тэрбум болчихсон байх жишээтэй.

Үүнийг ямар ч байсан АТГ-аар шалгуулж байгаа. 2000 оноос хэрэгжиж ирсэн энэ байдал нэг өдрийн дотор засагдахгүй нь тодорхой. Тиймээс АН төрд нэлээн олон жил ажиллаж байж засах ёстой юм шиг байна.

-УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах нийт зардлыг 4,3 тэрбум төгрөгөөр нэмэхээр болсон. Энэ бас л авлигажсан төсвийг цэцэглүүлэх гээд байгаа юм шүү?

-Үүнийг 48 тойрогт нь хуваах байх л даа. Монгол Улс 48 тойрогт хуваагдаж байгаа шүү дээ. Эдгээр тойргийн заримд нь хоёр гишүүн, нөгөө хэсэгт нь гурван гишүүн сонгогдсон. Мэдээж гишүүдийн тойрог томссон.

Сонгогчидтойгоо уулзах зардал, чирэгдэл боломжийг нь хангасан ийм  л зүйлийг тусгасан байгаа. Энэ бол ажил эрхлэх зардал юм.  Үүнийг хүмүүс нэг тойрогт 4,3 тэрбум оногдож байгаа мэт яриад байгаа юм. Энэ бол буруу ойлголт.

-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэж байна. Энэ хууль гарснаар ямар ач холбогдолтой юм бэ?

-Манай валютын ханш нэлээд өндөр болчихлоо шүү дээ. Гадаад хөрөнгө оруулалт гараад явчихсан. Алт бол сүүлийн жилүүдэд далд эдийн засгийн нэгэн нөхцөл болсон. Хулгай маягаар гадаадад гардаг болсон.

Халамж нэрээр хүний амьдралыг буруу тийш нь түлхдэг бодлогоо больё.

Тэгэхээр хууль гаргаж энэ гажгийг янзлахаас өөр аргагүй байгаа юм. Эх орондоо гарч байгаа алт банкныхаа системээр явж чадахгүй, алтны бизнес эрхэлж байгаа хүмүүс нь зохих татвараа өгч чадахгүй байдалтай яваад л байна. Үүнийг засаж, янзлахын тулд гарц хайж байна.

Тэрний нэг бол Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  юм. Үүнд Оюутолгой ч багтаж байгаа. Монгол Улсад ашгаа өгсөн хувилбарыг сонгож байна гэсэн үг. Хүмүүс ч гэсэн хууль ёсны дагуу амьдрах боломж бүрдэж байгаа юм.

-Оюутан бүрт 70 мянган төгрөг өгдөг асуудлыг зогсоож, босго тавьж олгох ёстой  гэсэн байр суурийг УИХ-аас гаргасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганаар уг тэтгэлгийг аттестатчилагдсан, нийт төгсөгчдийн 50 хувь нь мэргэжлээрээ ажилладаг сургуулийн оюутнуудад олгох саналыг  дэмжсэн. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь бол оюутан бүрт 70 мянган төгрөг өгдөг асуудлыг зогсоох ёстой. Хавтгайруулаад, халамжлаад байх нь буруу юм. Оюутнууд хэрэгтэй, хэрэггүй мэргэжлээр сурч байна. Эцэг, эхчүүд нь төлбөрийн мөнгийг нь өгөх гэж нэлээд хүнд байдалд ордог.

Нөгөө талаараа татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Ямар ч хэрэггүй мэргэжлээр хугацаагаа алдаж суралцаж байна. Оюутнууд маань амьдралынхаа эд залуу дөрвөн жилийг алдаж байна шүү дээ. Сургуулиа төгсөөд ажил байхгүй.

Гэр бүл болсонд нь 500 мянган төгрөг өгнө гэдэгтэй л адилхан бодлого яваад байна. Өөрөөр хэлбэл, халамж нэрээр хүний амьдралыг буруу тийш нь түлхдэг бодлогоо больё л гэж байгаа юм. Оюутнууд хар тамхи шиг 70 мянгаа нэхээд байдаг. Энэ бол маш буруу зүйл.