Ж.Эрдэнэбат: Их л өөдрөг төсөв боллоо
УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.
Монгол Улсын 2014 оны төсвийг УИХ баталж байна. Ирэх оны төсөв ямархуу төсөв болов. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Сүүлийн жилүүдэд их л өөдрөг төсөв батлаад яваад байгаа. 2012 онд, 2013 онд ч ялгаагүй тэгсэн. Орлогоо хэт өндөр тооцоод‘ түүнээсээ болоод зарлагаа өсгөөд л. Бодит байдал дээр тэр төсөөлж байсан хэмжээнд нь орлого төвлөрдөггүй.
Санаж байвал 2012 оны төсвийг тодотгож орлогоо бууруулсан шүү дээ. 2013 оны төсвийг ч гэсэн бид саяхан тодотгосон. Гэсэн ч 2014 оны төсөв бас л их л өөдрөгөөр, өмнөх жилүүдийнх шигээ төлөвлөгдөж батлагдаж байна.
-Төсөв мөрөөдлийн жагсаалт болчих юм биш биз?
-Үгүйсгэх аргагүй л юм. Яагаад гэхээр өмнөх хоёр жилийн төвшинд төсөв батлагдлаа. Магадгүй үүнийг нь буруутгах аргагүй ч байж болно. Эдийн засгаа өсгөнө, аж ахуйн нэгжүүд сайжирна гэсэн гэгээлэг төсөөлөлтэй орж ирэхэд нь заавал болохгүй гээд байх төвөгтэй л байна. Энэ жилийн хувьд нүүрсний орлогын төлөвлөлт, томоохон аж ахуйн нэгжүүдтэй байгуулах гэрээний өөрчлөлт явагдаагүй болохоор орлого буурсан.
Дэлхийн зах зээл дээр манай экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг олон шалтгаанаар төсвийн орлого тасарсан л даа. Гэхдээ сөрөг хүчин гээд “Ирэх жил бас л ийм байдал үүснэ, үргэлжилнэ” гээд муугаар төсөөлөөд, муугаар бодож асуудалд хандах нь нэг талдаа өрөөсгөл. Засгийн газрын хувьд аль болох оруулж ирсэн төсвийнхөө хүрээнд ажиллах гэж чармайх байх. УИХ-ын гишүүд бидний хувьд ч улс орны эдийн засаг сайжраад, төсвийн орлого тойрсон хүндрэлүүд буураасай л гэсэн бодолтой явна.
-2014 оны төсвийг цаг хугацааны хувьд шахуу баталж байна. Төсөв өргөн барьсны дараа энэ оныхоо төсвийг тодотголоо. Өөрөөр хэлбэл, тодотгол, төсөв хоёр зэрэгцчихлээ. Энэ мэт цалгардлаас болоод төсөв дээр чанар гарах уу?
-Төсвийн хууль батлах ажил удааширсан нь хэд хэдэн маргаантай асуудал байснаас болсон. Жишээ нь, 2014 оны төсөвтэй хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж орж ирсэн. Монгол Улсын өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувьд хүргэе гэсэн л дээ. Бас таны хэлдгээр 2014 оны төсвийг өргөн барьсныхаа дараа тодотгол оруулж ирсэн. Зүй нь тодотгол хийсний дараа төсвийн төслөө өргөн барих ёстой.
Тэгээгүйгээс болж 2013 онд төлөвлөгдсөн ч орлогын тасалдал, бусад байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хийгдээгүй маш олон ажил байсан. Энэ олон бүтээн байгуулалтын ажлууд 2014 оны төсөвтөө тусгагдахгүй орж ирснээс болж нэлээд маргаан үүссэн. Ер нь бол татвар төлөгчдийн хөрөнгийг нэгэнтээ зарцуулаад ажил эхлүүлчихсэн бол дуусгах л ёстой. Төрийн уламжлалт бодлого гэдэг чинь үүгээр явах ёстой. Тэгэхгүйгээр нэг газар цэцэрлэгийн шав тавьж, суурийг нь цутгачихаад хаяад яваад байвал ямар уламжлал болох билээ.
Тэгж хаяж болохгүй гэж манай бүлгээс санал тавьсан. Улс орны эдийн засаг хүнд байгаа ч өөр зүйлд зарлага гаргахгүйгээр эхлээд эхэлчихсэн ажлуудаа дуусгая гэсэн. Мөн оюутны тэтгэлэгийн асуудал байна. Хуульдаа өөрчлөлт оруулъя гэсэн санал оруулж ирсэн. Энэ дээр маргаан үүссэн л дээ.
-Ер нь ямархуу ойлголцолд хүрэв. Жишээ нь, оюутны тэтгэлэгийн хувьд Засгийн газрын оруулж ирсэн саналаар явах болсон уу?
АН-ын бүлгийн хувьд ямар ч байсан “Оюутны тэтгэлэг олгож болно” гэсэн үгийг “Олгоно" гэдэг үгээр сольж чадсан нь ганц дэвшил юм
-Бид оюутны үндэсний тэтгэлэг өмнөх тогтолцоогоор байх ёстой гэсэн л дээ. Засгийн газар тогтооно гээд ямар нэгэн тодорхой зүйлгүй оруулж ирэх нь буруу гэсэн. Нэгэнт л энэ тэтгэлгийг оюутнуудад өгөөд эхэлчихсэн болохоор үргэлжлүүлэх хэрэгтэй. Түүнээс биш, болиулаад, хэмжээг нь багасгаад, хэн нэг этгээд тогтоодог, өсгөж бууруулдаг байж болохгүй.
Гэвч олонхи маань үүнийг Засгийн газар шийддэг болгохоор өөрчиллөө. Уг нь хуучнаараа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь гээд тодорхой тоотой байсан юм. Харин одоо хэд байхыг Засгийн газар тогтоохоор боллоо. Энэ дээр бүр оюутанд тэтгэлэг олгож болохгүй ч юм шиг заалт орж ирсэн. МАН-ын бүлгийн хувьд ямар ч байсан “Оюутны тэтгэлэг олгож болно” гэсэн үгийг “Олгоно" гэдэг үгээр сольж чадсан нь ганц дэвшил юмуудаа.
-Уг нь оюутны тэтгэлэг гэдэг зүгээр л популизм юм биш үү?
-Ард иргэдээ дэмжих хөтөлбөрийн л нэг арга шүү дээ. Хэрэв төр засаг мөнгө өгөхгүй бол эцэг, эх нь л өгнө. Одоо бүх хүн оюутан хүүхдэд нь төр мөнгө өгч байгааг мэддэг. Мэддэг учраас “Чи өнөөдөр үндэсний тэтгэлгээ аваа биз дээ” гэж оюутандаа хандаж байгаа. Өөрөөр хэлбэл, тэр өрх гэрээс гарах зардлыг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа.
-Өрийн хэмжээгээр ойлголцолд хүрэв үү?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувь хүргэх ёсгүй гэж үзэж байгаа. Монгол Улсын эдийн засаг цаашдаа даах уу гэдэг хүнд асуудал юм. Өнөөдрөө л бодоод, өр тавиад яваад байж болохгүй биз дээ. Нэмж тавих биш, зөвхөн одоо байгаа өрийн талаар би хэдэн зүйл хэлье.
2007 оноос бид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлж эхэлнэ.
онд “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг төлнө. Дээр нь нэмээд авчихвал нэмж авсан болон өмнө нь авсныхаа хүүг төлнө. Ингээд тооцвол сонин л тоо гарна. Монгол Улсын батлагдаж буй төсвөөр бол 2014 онд 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. 2013 онд ч бас тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.
Тэгвэл 2017 онд буюу гурван жилийн дараахь 580 сая ам.долларыг өнөөгийн өртгөөр тооцвол 900 орчим тэрбум төгрөг. Дээр нь өнөөдөр авчихсан байгаа олон янзын өрийнхөө хүүг тооцвол 1.1 их наяд төгрөг элбэг төлөх болчихоод байна. Тэгэхээр Монгол Улс 2017 онд огт хөрөнгө оруулалт хийхгүй байх юм уу.
-Өр бол хөгжих боломж гээд байгаа ш дээ. Эдийн засаг өснө, төсөв томорно. Тэр өнцгөөс нь харж болохгүй юү?
-Эдийн засаг 17 хувиар өслөө гэж бид саяхан ярьж байсан даа. Улсынхаа түүхэнд оргил хэмжээнд өслөө гэж байсан тэр үед төсвийн орлого ердөө 600 тэрбум төгрөгөөр л нэмэгдэж байсан шүү дээ. Тэгэхээр 2017 онд эдийн засгийн өсөлт хэд байна гэж тооцсон юм. Магадгүй 2012 онд өссөн шиг, бүр нэмэгдээд жил бүр 20 орчим хувиар эдийн засаг өсөөд явж байсан тохиолдолд л 2017, 2018 онд хөрөнгө оруулалтын багахан хэмжээний мөнгө өрөө төлөөд цаана нь илүү гарах боломжтой.
Бусад тохиолдолд энэ өрөө дарах гэж цалингаа, урсгал зардлаа бууруулах болно. Хөрөнгө оруулалтын тухайд нэг ч төгрөг зарцуулахгүй байж л энэ өрөө дарна. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэж монголчууд зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. Юм ойлгодог хүн бол бодмоор л үг. Өөрөөр хэлбэл, ирээдүйгээ хараач ээ. 2017 онд яах вэ гэдгээ бодож үзээч гэж байгаа юм.
-Засгийн газраас оруулж ирсэн энэ мэт ажлууд дэмжигдэхгүй болохоор төсөв хэр өөрчлөлт орж байна вэ. Эсвэл төсвөөс тусдаа явах уу.
-Төсөвт ямар ч хамааралгүй. Харин Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөлөл дээр л өөрчлөлт орох байх.
-Ирэх оны төсөв анх удаа ашигтай гарч мэдэхээр байгаа гэсэн мэдээлэл байна. Зарим хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг 0-ээр бичээд, тодотгол хийж нэмж хөрөнгийг нь тусгахаар байгаа гэсэн.
0-ээр бичсэн асуудал бол намын бүлгүүдийн хооронд тохиролцсон зүйл.
-Хөрөнгө оруулалтыг 1.1 их наядаар төлөвлөж байгаа. Энэ бол өмнөх жилүүдийнхтэй адилхан л дүн. 0-ээр бичсэн асуудал бол намын бүлгүүдийн хооронд тохиролцсон зүйл. Нөгөө 2011, 2012, 2013 онд эхэлсэн байсан ажлуудыг дуусгах гол зорилготой. 240 ажил, арга хэмжээг 2014 оны төсөвт зардлыг нь 0 дүнтэй бичээд, эх үүсвэрийг нь Сангийн сайдын багцад бөөн дүнгээр нь зардал хэлбэрээр тавьж өгч байгаа юм.
Тэгэхээр агуулгаараа бол төсөв ашигтай гарна гэдэг яриа бол худлаа. Ямартай ч тэр 240 төсөл арга хэмжээг шалгаж үзэх юм. Яагаад он дамжив, үнэ нь өсөв гээд. Ерөнхий сайдын хэлснээр бол “Авлигажсан төсөв". Тиймээс юундаа авлигажсан байна, ямар ажил үйлчилгээнийх нь өртөг өсөв гэдгийг тогтоох юм. Энэ дүгнэлтийг гаргасны дараа санхүүжилтийг нь олгох юм. Энэ 240 төсөл дээр төр буруутай бол хариуцлагаа хүлээгээд санхүүжилтээ өгөөд явна, хувийн хэвшил буруутай бол өөрөө хөрөнгө гаргаад ажлаа хий.
-Урсгал зардал дээр ямар өөрчлөлтүүд гарч байгаа вэ. Жишээ нь, цалинг 30 хувиар нэмэх танай бүлгийн санал төсөвт тусгалаа олж чадав уу?
-Манай бүлгээс гарсан цалинг 30 хувиар нэмэх саналыг эрх баригчид хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн.
Ингээд дундын хувилбараар 10 хувиар нэмэхээр тогтсон. Инфляцтай уяж нэмнэ гэж байгаа л даа. Манай бүлгээс 2013 онд цалин нэмээгүй учраас хоёр жилийн инфляцыг тооцож цалинг нэмэх шаардлага тавьсан.
Эрх баригчид 2014 оны инфляцыг 8 орчим хувиар тооцож байгаа учраас 10 хувиар нэмье гэсэн. Засгийн газар анх 8 хувиар оруулж ирсэн нь 10 хувь болж өссөн гэсэн үг.
-Ерөнхий сайд төсөв оруулж ирэхдээ тэвчиж болох зардлыг хасах ёстой гэж байсан. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд ирэх оны төсөв тэвчиж болох зардлаа тэвчиж чадсан уу?
-Чадсан гэж хэлэх байна. Би Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаас гадна төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Бид ерөөсөө урсгал зардлаас тэвчиж болохыг нь хасах ёстой, өмнөх оны төвшинд нь царцаах ёстой гэж үзсэн.
Тиймээс ч өмнөх оныхоос нэмэгдсэн бүх урсгал зардлыг бууруулсан. Тэгж байж 31 тэрбум төгрөг хэмнэсэн. Юу гэхээр, тэвчиж болох бүх зардлаа болиулж, өмнө нь ажиллаж болоод байсан бол үргэлжлүүлээд ажилла л гэсэн.
-Төсөв, мөнгөний бодлого батлагдаад явлаа. Долларын ханшийг жишээ нь их өөдрөгөөр төсөөлж оруулж ирсэн. Засгийн газар энэ бүх амлалтаа биелүүлж чадах болов уу?
-Ам.долларын ханшийг нэлээд өөдрөгөөр төсөөлж оруулж ирсэн. Энэ төсөвт маш их өөдрөг сэтгэлгээгээр хандсан шигээ ам.долларын ханшийг ч тэгж оруулж ирсэн юм. Монгол хүн амны бэлгээс ашдын бэлэг гэдэг дээ. Үнэхээр л ханшийг 1384 төгрөгөөр төсөвт оруулж байгаа бол тэр хэмжээнд нь барихын төлөө ажиллах ёстой.
Харамсалтай нь, чадах эсэх нь эрх баригчдаас л шалтгаална. Эрх баригчид барьж чадна аа гээд ороод ирэхэд бид “Та нар чадахгүй” гэх хэрэггүй гэж үзсэн. Бид асуусан, тэд чадна л гэсэн. МАН юм хийх гэж байхад нь саад боллоо гэнэ биз. Тийм учраас бид эрх баригчдыг харах л үлдлээ.